Монгол Улс авлигын индексээр “аман хүзүүдэж” байхад Ерөнхий сайд АТГ-тай тэмцэж байна

“Дайны гал”-ыг Ерөнхий сайд өөрөө эхэлж нээлээ. Тэрбээр эхлээд АТГ-ын хяналт шалгалтын ажиллагаанд саад хийж ЭЗХЯ-ны нэгэн өрөөнд суурилуулсан төхөөрөмжийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарласан. Чуулганы нэгдсэн хуралдааныг эх орон даяар шууд дамжуулж байсан болохоор нууцыг орон даяар задалсан гэсэн үг.

Энэ нь Үндсэн хуулийн 16-ийн 17 дахь хэсэгт заасан “улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар хамгаална”, 38-ын 2-ын 6-д заасан “Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн Төрийн нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бүх шатны байгууллага нь салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Төрийн хуулиар хүлээсэн энэ бүрэн эрхийг байгууллагын удирдлага болон түүний удирдлага дор төрийн нууцыг хамгаалах нэгж, эсхүл нууцын ажилтан хариуцан хэрэгжүүлж төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд өдөр тутам хяналт тавьж, хагас жил, бүтэн жилээр үзлэг, тооллогыг зохион байгуулах шаардлагатай. Төрийн нууцыг задалсан этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 87 дугаар зүйлд заасны дагуу яллах хуулийн заалттай.

Тус хуулийн87 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Ингээд Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга нар дээрх хуулиудыг зөрччихлөө.

Үүний дараа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ баривчилж, хорьсонтой холбогдуулан долдугаар сарын 30-ны орой мэдэгдэл гаргасан. Үүнд “... ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна.

Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно." хэмээсэн нь олон нийтийг цочирдуулсан юм. Яг энэ үеэс л Ерөнхий сайд сандарсандаа биш санаатайгаар АТГ-тай тэмцээд байгаа нь тодорхой болов. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр “МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй юм” хэмээсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд архивт үлдсэн.

Тухайн үед “АТГ-аас таны охин болон зөвлөхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон Өмнөговь аймгийн Засаг дарга С.Бадраа нарт хариуцлага тооцох шаардлагыг Хэрэг эрхлэх газарт өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа л тогтооно.

Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа яриа бол суртал нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. Ер нь Засгийн газарт хоёр жил ажиллахад Монгол ардын нам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна” гэж хариуллаа. Харин энэ удаад дахиад л АТГ-ын эсрэг тэмцэнэ гэж ойлгохоор мэдэгдэл гаргав.

Мөн өнгөрсөн тавдугаар сарын30-ны баасан гарагт яам агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал хийх үеэрээ АТГ-ыг ширүүхэн шүүмжлэв. Тэрбээр “Сүүлийн үед хээл хахууль, авлига гэдэг үгэн дээр болгоомжтой ханддаг болоод байгаа. Ноднингоос хойш манай Засгийн газар хэрэг хийгээгүй хүнийг шоронд хийх тухай биш, хээл хахууль авлигыг устгах чиглэлээр “Яаж зөв суурьтай үндэслэлтэй ажил хийх вэ” гэдэг асуудалд анхаарч нэлээд олон ажлуудыг хийсэн байгаа.

Гарсан зөрчил дутагдалтай ч тэмцсэн. Энэ агуулгаараа төрийн байгууллагуудад дохио, сигнал очсон. Энэ чиглэлээр бодолтой, бодлоготой ажиллаж байгаа гэж ойлгодог. Харамсалтай нь сүүлийн үед АТГ үүнийг хийж, хэрэгжүүлэхдээ хүмүүсийг айлгадаг компанит ажил болгож хувиргасан учраас Ерөнхий сайдын хувьд энэ үгийг хэлэхдээ болгоомжилдог болчихоод байгаа. Үүнээс гадна Төр засгийн үйл ажиллагаанд АТГ учруулж байгаа нэг хохирол байгаа нь хүмүүсийн томилгоонд эрээ цээргүй оролцдог болсон явдал. Ийм асуудлыг бид тэвчихгүй хэлж байгаа. Үүнийг өөрчилнө” гэж ирээд л ярьж гарсан.

Ийнхүү ганцхан жилийн дотор хавраас намар хүртэл АТГ-тай тэмцсэн Ерөнхий сайдыг яавал таарах вэ. Эцэстээ Хууль зүйн сайдаа хөлдөө чирч дагуулж яваад сэжигтнээ эргэж тойрдог боллоо. АТГ бол УИХ-ын мэдлийнх. Удирдлагуудыг сонгох, хуулийн хэрэгжилтийг хянах талаасаа УИХ голлон хариуцдаг. Харин “Авлигатай тэмцэгч” гэвэл Төрийн тэргүүн түмэн олныхоо хамт тэмцсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Transparency International байгууллагаас хийсэн авлигын талаарх судалгаагаар дэлхийн 107 орноос хоёрдугаарт жагсчээ. Оны эцэст 2014 оны дүн гарах учраас 2013 оны байдлаар ийм байсан нь өнөөдөр эрс өссөн нь тодорхой. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь АТГ-тай тэмцэж байдаг. Тэгэхээр хэн Монголыг аврах вэ. Хамгийн түрүүнд АТГ-тай тэмцдэг Ерөнхий сайдыг Гүйцэтгэх засаглалаас холдуулах ёстой биш үү.

Ж.Мөнхбаяр Uls.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин