“Цахимаар газар өмчлөлт” шоу бүү байгаасай
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харьяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн I хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд энэ сарын 1-нээс эхлэн цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн юм.
Цахим системээр газар өмчлөлт хийж эхэлж буй нь техник технологийн дэвшлийг ашигласан сайн талтай ч зарим нэг зүйлс нь хүмүүсийн сэтгэлд төдийлөн хүрсэнгүй. 8-р сарын 1-ний өдрийн 12:00 цагт цахим газар өмчлөлтийн бүртгэл эхлэх үед сүлжээний ачаалал хэт ихэссэнээс нэвтэрч чадахгүй хамаг цагаа барсан ажил болов.
Бас нэг сэтгэл дундуур санагдсан зүйл нь, тухайн зарлагдсан байршлуудын танилцуулга байлаа. Ерөнхий график зургаас өөр юмгүй, үл ойлгогдох хэдэн зураасан зургийг нь кадастрын мэргэжлийн хүмүүс л тайлж уншихаас бус энгийн нэгэн ойлгоход нэн бэрх гэж болохоор. Тухайн газар нь тэгш, хазгай эсэх, нийтийн тээврийн буудал, худаг уснаасаа хэр зайтай, ойр орчимд нь ямархуу томоохон объект байдаг талаар мэдээлэл байхгүй, ядахнаа 1-2 ч болов фото зураг нийтэлсэн бол бага ч атугай төсөөлөлтэй болох байв.
Цахимаар газар өмчлөх талаар мэдээлэл гарснаас хойш Google ашиглан баримжаа авчих санаатай нэлээн үзсэн боловч олигтой юу ч олдсонгүй. Жишээ нь, миний хувьд настай ээждээ зориулж СХД-ийн Соёондын ам хэмээх байршилд газар өмчлөх өргөдөл өгөх санаатай Google map-аар баахан хайлаа. Соёондын ам байтугай, СХД-ийн 21-р хороог нь ч олсонгүй, цагаа баахан гарздав.
Энэ мэтээс харахад, манай эрх мэдэлтнүүд ямар нэгэн төсөл санаачилж хэрэгжүүлэхдээ өөрсдөдөө бус энгийн ард иргэдэд илүү ойлгомжтой байдлаар тайлбарлаж танилцуулмаар санагдана. Ямар ч төсөөлөлгүй хүмүүс сохроор баримжаалан цахимаар өргөдөл бөглөж байна. Үүнд бухимдсан зарим нэг нь энэхүү үйл ажиллагааг зүгээр нэг худлаа шоу гэж үзэж буй бололтой.
Мөн нийт 52 байршлаас үлдээд буй бусад байршлуудыг хэзээ зарлах хугацаа тодорхойгүй, нэг удаа зарлаад 15 хоновол, 10 удаа зарлахад 150 хонох юм болов уу гэх мэт эргэлзээтэй зүйлс гарсаар. Дараагийн байршлуудын зураг хөргийг ч болтугай тавьж, иргэддээ арай илүү сэтгэл гарган, тодорхой мэдээлэл өгмөөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ