Үеийн үед “ялагддаг” Цагаанаа одоо больё оо!

Биеийн бус толгойны хүчээр асуудлыг шийдэх гэдэг ойлголт зөвхөн их спортод зөрчигдөнө. Энд хамгийн чухал зүйл бол шууд утгаараа хүч билээ. Хичнээн шоучин гар байсан ч дэвжээнд гараад ялагдаад байвал тэрний мундаг пиарчин байх хэнд ч хамаагүй.

Спортын сайхан хосууд, О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар хамгийн хүчирхэг гэр бүл гэгддэг. Амжилттай яваа тамирчин гэргийтэй олимпийн медальтан Цагаанааг бид өөриймсөж, олон улсын дэвжээнд гаргахыг хүсэн, хүчтэй дэмжсээр ирсэн. Гэвч олны нүдэнд од болсон энэ залуугаас илүү чадвартай тамирчин сүүдэрт нь үлдсээр ирснийг бид баримттайгаар танд хүргэж байна. Энэ бол С.Мияарагчаа.

Тэртээ 2010 онд ганцхан жилийн хугацаанд жудогийн ертөнцөд тэсрэлт хийн, таван тивийн шилдэг жудочдын чансааг тэргүүлж байсан ОУХМ С.Мияарагчаа дэлхийн дэвжээнээ “Dangerous Mongolia” нэрээрээ алдартай. Дөчин жил жүдо бөх тайлбарласан Германы Шейлтон Европын цуврал тэмцээнд С.Мияарагчааг нэг секундэд гурван мэх хийлээ хэмээн ийн нэрийдсэн гэдэг. Жүдо бөхийн хатуу дэг жаягийг арван хэдэн жилийн өмнө анх дагаснаас хойш тэрээр өнөөг хүртэл тамирчин хүний ялалт, ялагдлын буухианд өртөөлж, гэмтэл бэртэл, бэрхшээл бүхнийг гэтэлж давсаар. Хэд хэдэн удаагийн олимпийг харамсалтайгаар өнжиж буй тамирчин эрийн зүрхэнд дэлхийн дэвжээнд ялалт л байгуулах ганц томоос том мөрөөдөл өдөлсөөр. Харамсалтай нь өөрөөсөө 2 ах, чадвар чансаагаар бол шуудхан хэлэхэд илүүрхэж ирсэн Цагаанаагийн сүүдэр, сүрд дарагдсаар хясааны сувд болж байна. Түүнийг одоо гэрэлтүүлэх цаг болсон бус уу?

Сүүлчийн удаа, сүүлчийн удаа гэсээр нөхөр Цагаанаа дэлхийн аварга, олим тэргүүтэнд явсаар. Начны найраа шиг л юм болдог юм шиг байгаа юм. Мань эр ч шүлэг уншиж, шивээс хийлгэсэн шиг хувь пиараа хийхдээ ч гаргууд. Ар өврийн хаалга, нутаг усны хаялга ч их байдгийг учир мэдэх хүмүүс ярих. Гэтэл С.Мияарагчаа яасан байх нь уу? Дараагийн удаа л яг явна гэж итгэсээр, дахин сүүлчийн удаа гэхийг нь сонссоор.
Алив юманд ээлж дараа, ханах сэтгэл гэж байдаг даа. Монголын төр хамаг л байдаг цол өргөмжлөлөө Цагаанаад өгсөн, сар болгон цолны шагналт цалингаа авсаар. Гэтэл Мияа яав? Лизингийн байранд амьдарсаар, дэлхийн аварга, олимпийн дэвжээг зүүдэлж, мөрөөдөн хөлсөө дуслуулан бэлтгэлээ хийсээр. Ирэх есдүгээр сард ОХУ-д Дэлхийн аварга болно. Өнөөх Цагаанаа бас л ичихгүй, сүүлчийн удаа гэх алдарт үгээ хэлэн явах вий дээ? Зүрх өвдөнө. Спорт нь хүртэл ийм байхад бид яаж хөгжих юм?
Дашрамд онцлоход үүгээрээ хэн нэгний улыг шагайж, мууг үзэх гэсэнгүй, чухамдаа үнэн юм үнэнээрээ үлддэг байгаасай, ядахдаа их спортод ар, өврийн хаалга, танил тохой татах явдал битгий байгаасай гэж үзсэндээ бичсэн болно.

Факт-1
Бээжингийн олимийн наадам. Тэр үед Х.Цагаанбаатар Афины олимпоос жудо бөхийн -60 кг-д цорын ганц медаль хүртэж монголчуудыгаа баярлуулсан. Үүний дараа 2004-2008 оны хооронд олимпийн оноо цуглуулах тэмцээнд -60 кг-ийн эрхээ авсан боловч жин хасах шалтгаанаас болж 66 кг-ийн жинд шагналтай тэмцээнээс бас эрх авсан юм. Мөн жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Санжаасүрэнгийн Мияарагчаа -66 кг буюу үндсэн жиндээ 4 жилийн хугацаанд олимпийн медалийн төлөө дайчилж олимпийн эрх давхар авсан байдаг. Тэгээд цаг нь ирж Бээжингийн олимп болж тэмцээнд орох болтол Ази тивийн жудогийн холбоо Европ тивийн төвийн жудогийн холбооны маргаанаас болж эхэлж хоёр жинд эрх авсан болохоор дараагийн тамирчин хамаагүй гэсэн шалтгаанаар -66 кг-ийн жинд Монголоос тамирчин оролцуулаагүй юм.

Факт-2
2009 оны жудо бөхийн дэлхийн аварга. Монгол улсын жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Цагаанбаатар болон С.Мияарагчаа нар алтын төлөө барилдаж С.Мияарагчаа ялсан. Зүй тогтлоороо улсын аваргад түрүүлсэн тамирчин тэр жилдээ жил болгон ганц тамирчин оролцдог тэмцээн болох дэлхийн аварга, Азийн аварга гэх мэт тэмцээнд явдаг журам болон жишиг байдаг. Гэвч Монголын жудо бөхийн холбооноос Х.Цагаанбаатарыг 2009 онд Амстердам хотод болсон Дэлхийн аваргад явуулчихав. Хэдийгээр алт авчирсан боловч С.Мияарагчаа гортигны гадна үлдсэн. 2009 онд С.Мияарагчаа дэлхийд анх зохиогдсон Дэлхийн мастеруудын аваргад түрүүлж байхад Х.Цагаанбаатар эхний даваанд Францын бөх Давид Ларосд ялагдаж байж. 2009 оны Европ тивийн цуврал тэмцээн болон нэг сарын дотор болдог Францын “Grand slam”, Дюссельдорфын Гран При, Венийн World cup, Варшавын World cup-аас С.Мияарагчаа гурван тэмцээнээс мөнгөн медаль, нэг тэмцээнд тавдугаар байрын шагналтай ирж байхад Х.Цагаанбаатар 1 хүрэл медальтай ирж байсан үе.

Факт-3
Лондонгийн олимп. 2011 оны сүүлд С.Мияарагчаа Х.Цагаанбаатар нар World Masters тэмцээнд таарч С.Мияарагчаа барилдааны эхэн үед цэвэр ялав. Тэд олон тэмцээнд таарч барилдаж байсан бөгөөд Х.Цагаанбаатар хожигдож байсан. Ингээд Монголын жудо бөхийн холбоо ээлжит олимт хэнийг явуулах шийдвэрийг гаргахад ахиад л Х.Цагаанбаатарыг явуулжээ. Х.Цагаанбаатар очоод эхний тойрогтоо Oates Colin гэх жудо сонирхогчид хараахан танил болоогүй тамирчинд цэвэр ялагдсан билээ.

Цагаан дээр хараар дурайх үнэн ийм байхад алийн болгон энэ хүчтэй, мөнгөтэй гэж нэг хүнээ тахин шүтэж амьдрах вэ? Спорт хэн хүчтэй нь олон түмний өмнө шууд харагддагаараа гайхамшигтай билээ. Гялайх амжилт үзүүлэхгүй тэнд шүлэглэж, энд ч эхнэрээрээ загвардаж яваа Х.Цагаанбаатар хэдий болтол бусдынхаа замыг хаах вэ? С.Мияарагчаа шиг хүчтэй чадварлаг тамирчдаа дэлхийн дэвжээнд сойх цаг хэдийнэ болсныг сануулах мэт салбарынхан нь жиг жуг хийж байна. Ядаж спорт нь худалдагдахгүй хэн нэгэнд тал тохой татахгүй үнэн хүчээр явдаг байгаасай.


У.Цахирмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин