Японы эдийн засагч Маса Игата: Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь үргэлжилвэл нийгмийн тогтворгүй байдал үүсгэнэ

Ард түмэн амраад, наадмаа хэсээд сайхан байх цагаар улс төржөөд олон түмнийг тайван байлгахгүй нь. Монголын дотоод улс төр хөрөнгө оруулагчид, гадынхны анхаарлыг татсан хэвээр байна. Хамгийн сүүлд Японы эдийн засагч Маса Игата Монгол орны эдийн засгийн хүндэрлийг дарга нарынх нь бодлогоос болж хүндэрсэн хэмээн шүүмжиллээ.

Түүний яриаг харахад анх хөрөнгө оруулалт хийх хэдэн жилийн өмнө Монгол тун дажгүй улс байсан гэнэ. Харин сүүлийн үед хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэж гадныхан үзэх болсныг онцоллоо. Ийм байдалд хүрэхэд “Эрх баригчдын буруу бодлого нөлөөлсөн” гэж палхийтэл хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар бол “Монголчууд томоохон төсөл, арга хэмжээг бие даан хэрэгжүүлж чаддаггүй.

Салбарын сайд, эсвэл нэг хувийн хэвшлийн компанид даалгаад хийлгэчих асуудалд заавал Засгийн газар, улс төрчид нь хутгалдсанаас болж хамаг ажлыг гацаадаг байдал огт арилахгүй байгаа” гэнэ. Үнэхээр ч сүүлийн хоёр жилд Засгийн газрын тэргүүний орохгүй ажилд гэж байхаа больсон. Нүүрсний тээврийг хүртэл зогсоож бүх салбарынхны өмнөөс “30 минут” гэсэн реалити шоуг хийж сайд нарыг ярих зүйлгүй болгосныг гадны эдийн засагч онцолж харжээ.

Японы эдийн засагчийн харж байгаа өнцөгөөр бол “Монголын Засгийн газар жижиг зүйл рүү л яваад байгаа юм шиг санагддаг. Намын эсвэл хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Улс орныхоо төлөө хийх ёстой зүйлээ мэдэж байгаа хэрнээ хийхгүй байгааг хараад гайхаж байна” хэмээн нэмж шогширсон байна. Үнэхээр улс орны эрх ашиг ярьж байгаа дарга нар алга. Дандаа нам бүлэглэлийнхээ өмнөөс л ярьдаг хэдэн сайдтай болсон.

Тэрний горыг ч ард түмэн амсаж байна. Эцэстээ эдийн засгаа мөлхүүлээд авлаа. Энэ тухай Японы эдийн засагч бас байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь үргэлжилсээр байвал дараа жил өсөлтгүй гарна. Энэ нь Монгол шиг залуу орны хувьд нийгмийн тогтворгүй байдал үүсгэнэ” хэмээн анхааруулжээ. Хамгийн их анхаарал татаж байгаа нь эдийн засгийн хүндрэл нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэнэ гэсэн дүгнэлт юм.

Үнэхээр ч эдийн засаг хүндрээд ирэхээр ард түмэн бухимдаад эхэлж байна. Энэ бухимдал нь эцэстээ тогтворгүй байдал руу турхирч мэдэх юм. Ийм байдалд оруулахгүйн тулд үндэсний зөвшилцөл хийж, зөв бодлого явуулж эдийн засгаа сэргээх хэрэгтэй байна. Ард түмэн ийм л зүйлийг хүсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин