Юнивишныг шүүхэд өгчээ
"Юнител", "Юнивишн" компаниудын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр Дархан-Уул аймгийн IP телевизийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймагт IP телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд Харилцаа холбооных нь хорооноос тусгай зөвшөөрөл авдаг аж.
Гэтэл "Юнивишн" компани зөвшөөрлөө аваагүй байж 266 айлаар явж гэрээ хийсэн байна. Улмаар Юнителийнхээ салбаруудаар “Дарханд Юнивишн орлоо” гэсэн тараах материалууд тарааж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж, орцныхоо монтажийг татаж, хэрэглэгчдийг татаж эхэлсэн байна.
Дарханы Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Танайх Дарханд үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэдэг албан тоотыг явуулсаар байхад үл тоомсорлож байгаа аж. Хэвлэлийн хурлын үеэр Дархан-Уул аймгийн IP телевизийн захирал Б.Бямбадашаас зарим зүйлийг тодрууллаа.
-"Юнивишн" яг ямар хуулийг зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ?
-"Юнивишн" бол томд тооцогдох компани.Ардаа “MCS” гэсэн том групптэй.Гэтэл үүгээрээ далайлгаад Харилцаа холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газрынхны хууль, шийдвэрийг зөрчиж Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулсан. Тэд “Манай байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэний дараа тусгай зөвшөөрлөө авчихдаг” гэх тайлбартайгаар өнөөдрийг хүртэл Дарханд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна.
-Танайх бас адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани уу?
-Манайх 2013 онд тусгай зөвшөөрлөө аваад IP телевизийнхээ үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэх байсан. Гэхдээ манай компанийг үйл ажиллагааг эхлэх гэж байгааг мэдэнгүүтээ "Юнивишн" хүч түрж орж ирээд байна. Манай байгууллага 2013 оноос хойш лицензээ аваад бүхий л судалгаа, хөрөнгө оруулалтаа хийсэн. Дархан IPTV буюу Юнивишнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг компани. Тэгэхээр энэ асуудал лицензээ авсан жижиг компани, лицензгүй том компанийн хоорондох асуудал болоод байна.
-Холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн үү?
-Төрийн байгууллагуудад нийт 20-иод гомдол санал явуулсан. Эхнээсээ бидэнд хариу ирж байна.Харилцаа холбооны тухай хуулийн албан тоотод 02 дугаартай лиценз авсан бол тухайн лиценз нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр уг компани Харилцаа холбооны тухай хуулийн нутаг дэвсгэрийн хуулийг зөрчөөд Дарханд орж ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хуулийн байгууллагад ч хандаж, "Юнивишн"-ийг шүүхэд дуудсан.
Б.ЦЭЛМЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ