Н.Батсуурь: Хувь хүний үйлдлийг монгол бөхтэй хольж хутгах хэрэггүй
Өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ,“ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөхулсын харцага Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзол хангасан билээ.Тэгвэл түүнийг өнөөдөр “Химон” констракшны захирал Ш.Энхтөр болон хамт олон нь хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн юм. Мөн шинэхэн арслангийн цолыг мялааж"Sunshine Village" хотхонд зургаан өрөө байраар шагнасан.Энэ үеэр Улсын залуу арслан Н.Батсуурьтай цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр таныг “Химон констракшн”-ы хамт олон тань хүлээн авч, баяр хүргэлээ. Мөн зургаан өрөө байраар шагналаа шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би 2010 оноос эхэлж “Химон” констракшны нэр дээрээс босч барилдсан. Энэ компаниар овоглож барилдаж, өндөр амжилт гаргаж байгаадаа бэлгэшээж явдаг юм. Өнөөдөр энэ хамт олон миний амжилтыг үнэлж, "Sunshine Village" хотхонд зургаан өрөө байраар шагнаж байгаад компанийн нийт ажилчид болон удирдлагууддаа бүгдэд нь баярлаж байгаагаа илэрхийлье.
-Дараа, дараа жилийн наадамд улам өндөр цолонд хүрч барилдахыг ард түмэн харж, хүсч байгаа байх?
-Энэ жил сайхан барилдаж, улсын өндөр цолонд хүрлээ. Дараа жилүүдийн наадамд ч гэсэн сайхан барилдаж, ард түмнээ баясгахыг хичээнэ дээ.
-Энэ жилийн наадмын өмнө өөртөө ямар зорилго тавьж барилдсан бэ?
-Би харцага цолтой болчихсон байсан болохоор энэ жил цолоо баталъя гэж бодож барилдсан. Зорилгодоо хүрсэн, сайхан барилдсаар түрүүллээ.
-Наадмын бэлтгэл сургуулилтаа хаана хийсэн бэ. Их өнгөтэй харагдаж байсан?
-Бөхчүүд байнгын бэлтгэлтэй байж, улсын наадамд зодоглодог уламжлал тогтоод байгаа. Наадмын өмнө өдөрт 2-3 удаа бэлтгэлээ хийж байв. Өнгөрсөн жилийн бэртэл бүрэн эдгэрсэн тул бэлтгэл сургуулилтаа сайн базаахад анхаарлаа хандуулсан. Би жүдо бөхийн тамирчны хувьд бэлтгэлээ орхигдуулаагүй. Энэ жил “Увс нуур” дэвжээ нутгийнхаа хүчит бөхчүүдтэй ”Харзтай”-н амралтад улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр нарын удирдлагад баяр наадмын бэлтгэлээ базаасан. Манай галд улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин зэрэг улсын цолтой болоод залуу 60 гаруй хүчтэн гарсан. “Харзтай” бол бөхчүүдэд буян хишгээ хайрласан сайхан газар.
-Тавын даваанаас хойш олон хүчтэй бөхтэй учраа таарсан. Нутгийн бөхчүүд зөвлөгөө сайн өгсөн байх?
-Манай нутгийн бөхчүүд бүгд даваа болгон дээр мэдэж байгаа бүх зүйлээ л хэлж өгсөн. Тэр болгоныг л чадахаараа биелүүлж барилдсан гэж бодож байгаа шүү дээ.
-Сүүлийн хэдэн жилүүдэд Увс аймгийн бөхчүүд дараалан түрүүлж байна. “Увс нуур” бөхийн галынхны бэлтгэл сургуулилттай холбоотой болов уу гэж боддог. Энэ тал дээр та өөрийн бодлоо хуваалцаач?
-“Увс нуур” бол анхны бөхийн гал. Нутгийн бизнесмэн болон ард түмэн бүхий л сэтгэл зүрхээрээ, боломж бололцоогоороо материаллаг баазыг хангаж өгч байгаа болохоор бидний амжилтад том нөлөө үзүүлсэн гэж боддог.
-Наадмын өмнө тэр бөхтэй таарах болов уу гэж хувь хүнд чиглэсэн бэлтгэл хийсэн үү. Их олон тунасан шүү дээ?
-Би дөрвийн даваандхүчтэй, бяртай, улсын начин Б.Сангисүрэнтэй оноолтоор таарч барилдсан. Дөрвийн давааны оноолт үнэхээр чанга л даа. Монгол үндэсний бөхийн нэг онцлог нь эрэмбэ, ёс жудаг.Үүний хамгийн гол эрхэм зүйл нь ам авах явдал. Гэтэл оноолтоор тааруулчихаад ахмад цолтой бөхчүүд амлах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсмаар.Б.Сангисүрэн бид хоёр энэ жил бэлтгэл сайтай байсан. Хэн хэн нь амжилттай барилдах, цол чимгээ ахиулах бодолтой барилдсан. Айж бэргэж барилдвал унах магадлалтай байсан тул зоримог,шийдэмгий барилдаж, бусгаж зайлан Б.Сангисүрэнг өвдөг шороодуулсан юм.Харин тавын даваанд Улсын харцага Ө.Бат-Оршихтойбарилдсан. Зургаагийн даваанд гэхэд Улсын начин Б.Пүрэвдагватай тунасан гээд хэцүү барилдаан их хийсэн. Наадмын өмнө бэлтгэлээ сайн хийсэн гэж түрүүнд хэлсэн. Гэхдээ тэрэнтэй таарах болов уу гэж бодож, тухайн бөхдөө тааруулсан бэлтгэл хийгээгүй. Өөрийнхөө барилдааныг цэгцэлж л барилдсан. Тунана гэдэг нь бөхчүүдийн жинхэнэ чанар,чансааг шалгадаг барилдаан. Миний хувьд сэтгэл зүй өндөртэй байсан. Тэр ч утгаараа тунаж барилдахад сандралгүй давж байсан байх.
-Б.Пүрэвдагва начинтай барилдахад нэлээд маргаан болсон. Барьц сонгох үеэр шодохдоо шоогоо харуулаагүй гээд байх шиг байсан. Юу болсон юм бэ?
-Жижигхэн маргаан болсон. Сүүлдээ шийдэгдсэн л дээ.
-Та улсын өндөр цолонд хүрлээ. Бөхийн ёс жудгийг хадгалж, үлгэр дуурайлал болж явах хүний нэг боллоо шүү дээ?
-Хичээнээ л гэж хэлье дээ.
-Өндөр цолонд хүрсэн бөх хүний хувьд наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарч байгаа спортын бус үйлдлийн талаар та юу хэлэх вэ?
-Өрсөлдөөн байгаа. Олон газраас цугласан хор шартай аавын хүүхдүүд өрсөлдөж байгаа болохоор янз бүрийн зан ааш гаргадаг л даа. Тухайн хүний өөрсдийнх нь гаргасан үйлдэл болохоос биш монгол бөх гэдэг утгаар нь ярьжболохгүй байх. Тухайн хувь хүний л үйлдэл шүү дээ.
-Улсын начин Ш.Жаргалсайхантай барилдахад ямар байсан. Өмнө нь таныг аймгийн арслан цолтой байхад гурвын даваанд амлаж унагаж байсан түүхтэй байх аа?
-Тийм барилдаан болж байсан шүү. Түүнээс хойш энэ жилийн наадмаар л барилдаж давсан даа.
-Сүүлийн жилүүдэдэд улсын наадамд өөр өөр бөх түрүүлж, арслан, гарьд, заанууд нь чихэлдэж эхэллээ. Нэг бөх амжилтаа ахиулж, сайн барилдаж байгаа зүйл харагдахгүй байна. Энэ бөхийн хөгжилтэй холбоотой юу?
-Монгол бөх мэргэжлийн тал руугаа явж байна. Зах зээлийн үед бол хүмүүс бөхөөр тууштай хичээллэдэггүй байсан. Хамгийн бяр чадалтай, авьяастай нь сайн барилддаг байлаа. Одоо бол хүн бүр л хүүхдээ бөх болгохоор зорьж байна. Бөхийн 7, 8 сургууль байна.Өрсөлдөөн маш их байгаа. Бөх хөгжиж байгаа учраас нэг хүн олон түрүүлэх, илт давуу барилдах боломж бага байна гэж боддог.
-Наадмаас хойш ямар наадамд зодоглов?
-Энэ манай Увс аймгийн Ховд сумын 90 жилийн ой тохиосон. Сумынхаа наадамд очиж барилдаж түрүүлсэн. Тэндээс ирчихээд компанийнхааа хамт олонтой баяраа тэмдэглэж байна даа.
-Таны үндсэн эзэмшсэн мэргэжил юу билээ?
-Би “Соёл-Эрдэнэ” дээд сургуулийг аялал жуулчлал, Япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Мөн Японд сургууль төгссөн. Одоо Хууль сахиулахын их сургуульд эчнээгээр Шүүхийн шийдвэрийн хоёрдугаар курст суралцаж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ