ОХУ монголчуудыг визгүй хүлээж авахаар бэлтгэж эхэлжээ

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон тэргүүтэй Монголын дээд хэмжээний төлөөлөгчид ОХУ-ын Бу­риад улсын Эрхүү мужид албан ёсны айлч­лал хийж байна. Манай улсын га­даад худалдаа өнгөрсөн жилээс эх­лэн тогтмол буурч байгаа бөгөөд нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа юм. Энэ удаагийн айчлалын зорилго ч гадаад худалдааг нэмэгдүүлэхэд чиг­лэж байгаа юм.

Манай төлөөлөгчид Иркутскийн эрх баригчдад хандан худалдааны чө­лөөт бүс хамтран байгуулах санал тавь­сан талаар хойд хөршийн “Байкал инфо” сонинд “Монголын дээд хэм­жээний төлөөлөгчдийн Иркутск му­жид хийсэн айлчлалын үеэр чөлөөт худал­дааны бүс хамтран байгуулах асуудал хөндөгдлөө. Хамтарсан чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна бизнесмэнүүдэд хамтарч ажиллах шинэ, шинэ боломжууд бий болно гэдэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар итгэлтэй байна. Жишээ нь, Монгол Улс мал аж ахуйн гаралтай мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн, чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг санал болгож чадна гэж тэрбээр хэлсэн” хэмээн бичжээ. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдлын талаар “Монгол, Эрхүү муж сүүлийн үед урлаг, спорт, боловсрол, бизнесийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Жил бүр хэдэн арван монгол оюутан Иркутскийн их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд манай эндхийн боловсролыг Монголд зүй ёсоор хүндэтгэж үздэг” хэмээн эерэг зүйл бичсэн байв.

1992 онд болсон Монгол, Буриадын Засгийн газар хоорондын комиссын анх­дугаар хуралдаанаас хойш худал­даа, хөдөө аж ахуй, төмөр зам, ба­рилга, уул уурхай, эрчим хүч, аялал жуулч­лалын салбарт хамтран ажиллах гэ­рээ, хэлцлүүдийг байгуулж байсан юм. Энэхүү ажлууд алгуурлах явдал гар­сан ч 2010 онд Улаанбаатар хотноо зо­хион байгуулагдсан “Дэлхийн мон­гол­чууд” олон улсын чуулга уулзалтад Б­уриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газ­рын дарга В.В.Наговицын хү­рэл­цэн ирснээр харилцаа холбоо да­хин сэргэлтийн шатандаа орсон гэж дүг­нэж болно.

Эрхүүгийн хязгаар нь Сибирийн холбооны тойрогт багтдаг, 774 846 км нутаг дэвсгэртэй, хүн амын тоогоор Монгол Улстай ойролцоо / 2014 оны байдлаар 2 418 348 хүн амтай/. Мод бэлт­гэл, целлюлоз-цаас үйлдвэрлэл, уул уурхай, машин угсралтын сал­бар түлхүү хөгжсөн. Нэг хүнд ног­дох ДНБ-ий хэмжээгээр ОХУ-ын бү­рэл­­дэхүүнд багтсан 83 субъектээс 20-д жагсдаг. Аж үйлдвэрлэл өндөр хөгж­сөн мужийн тоонд ордог бөгөөд ОХУ-д үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүч­ний 6.5 хувь, мод бэлтгэлийн 15 хувь, нүүрс олборлолтын зургаан хувь, целюллюлозын 20 хувь, картон цаасны 10 хувь, нефть бүтээгдэхүүний есөн хувийг дангаараа бүрдүүлдэг байна.Монгол Улсын хувьд худалдааны чухал хамтрагч байж чадах муж юм. Өнгөт металл, хар төмөрлөг зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд манайхаас ялгаатай нь энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг хан­галттай байгуулсан. Хүнд үйлд­вэрлэлийн салбарт манай улсад үлгэр жи­шээ болж чадна. Тиймээс Иркутс­кийн айлчлал хоёр талын хувьд аль алинд нь чухал байж, харилцан ашиг­тай ажиллах итгэлийг улам бататгаж өг­сөн юм.

Иркутскийн айлчлал Монгол-ОХУ-ын хооронд визгүй зорчих журам ирэх намраас баттай үйлчилж эхлэх нь гэсэн ойлголтыг олон нийтэд өгсөн нь бас нэг онцлог боллоо. ОХУ-ын хэвлэлүүдэд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан ч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй. Тэгвэл В.Путин ирэхгүй байсан ч визгүй зорчих гэрээ батлагдах бололтой.

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын энэ талаар “Энэ асуудлыг манай хоёр улсын төрийн тэргүүнүүд ярьчихсан. Монголын тал бол ирэх есдүгээр сар гэхэд шилжчих боломжтой гэдгээ сая илэрхийллээ. Одоо бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийнхээ хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өргөтгөж байна. Энэ бол эхний шат. Дараагийн шат бол мэдээж, визгүй журамд шилжинэ” хэмээн өгүүлжээ. Тэрбээр Оросын тал саналыг бүрэн хүлээж авсан болохыг баталсан юм. Манай тал ч гэсэн Оростой хиллэдэг шалган нэвтрүүлэх цэгээ өргөтгөх болон бусад бэлтгэл ажлыг эхлүүлэх цаг болсон гэдгийг доорх яриа баталсан.

Монголын төлөөлөгчид Эрхүү хотод зочлох үеэр ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын орлогч дарга Владимир Павлов “Хоёр улс визгүй зорчих гэрээ байгуулсны дараа хэрэгжилтийг нь хангах тал дээр бэлтгэл ажлуудыг бид зохион байгуулж байна. Тэгвэл би өнөөдөр та бүхнээс “Хоёр улс хоорондоо визгүй чөлөөтэй зорчдог болох, болсны дараа худалдаа эдийн засгийн харилцаагаа илүү бэхжүүлэх тал дээр Монголын тал ямар ажил хийж байна вэ” гэж асууя. Хоёр талын худалдаа эргэлт нэмэгдсэнээр зөвхөн Буриадад биш, Монголд ч бас ашигтай шүү дээ” хэмээн манай төлөөлөгчдөөс асуусан байна. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэж, манай хоёр улсын иргэд бизнесийн болон амин хувийн шалтгаанаар хоорондоо чөлөөтэй зорчдог болно гэдэгт би итгэж байна” хэмээн хариулжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин