“Тэнь Мян”-ий талбай дээр жагсаал хийсэн 7 өвөрмонгол монголын иргэн болохыг гуйжээ
Тэнь Мяний талбай дээр өрнөсөн тун харгис үйл явдал бараг ялалтанд хүрч болзошгүй байсан хувьсгал байсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөг хүртэл ярьсаар байгаа. Энэ жил тус талбайд болсон жагсаал цуглааны 25 жилийн ой болж өнгөрсөн. Уг ойг тохиолдуулан Тайваны оюутан залуус жагсч, хүчний эрхийг дээдлэхийг шаардсан билээ.
Учир нь уг жагсаалыг зохион байгуулж, оролцсоныхоо төлөө олон зуун хүн цаазын ял сонсч, мөн өдөөг хүртэл зарим нь Хятадын хамгийн харгис шоронд насаараа ял эдэлж суугаа. Гэвч өдгөө амьд үлдсэн нь тун цөөхөн гэх бөгөөд гайхалтай нь Тэнь Мяний талбайд нэг ч хүн амь үрэгдээгүй гэсэн тайлбарыг өгсөөр байгаа юм.
Олон жил бугшсан хятадуудын эрх чөлөөг хүсэмжилсэн энэхүү жагсаал цуглаан нь амь бөхтэй оршиж байсан хятадын коммунист дэглэмийг бүхэлд нь сандаргасан. Гэхдээ болсон үйл явдлууд баруунд мэддэг зүйлсээс шал өөрөөр өрнөжээ. Мэдээж үйл явдлын гол өрнөл 1989 оны 6 сарын 3-4-нд шилжих шөнө оюутнуудыг Хятадын цэргүүд буудсан тэр явдалтай холбоотой. Гэхдээ үүнийг тойрсон олон явдал байсныг одоо бид мартжээ.
Хятадын эрх баригчид сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан оюутнуудын бөөгнөрөл байсан хэмээн тайлбарладаг ч үнэндээ Ардчилсан үзэлтнүүдийн нэгдэн нийлсэн асар том цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал байсан юм. Нөгөө талаар коммунист дэглэмд дургүйцсэн жирийн иргэд ч тэдний дунд маш олноороо байлаа. Мөн тэдний дунд өвөрмонгол залуус цөөнгүй байсан бөгөөд нэгэн өвөрлөгч залуу тэнд болсон бодит үйл явдлыг хожим хилийн чанадад гарсан хойноо олон нийтэд ил болгосон байдаг.
Харин энэ жил Тэнь Мяний талбайд болсон цуглааны 25 жилийн ой давхацсан тул Бээжингийн томоохон их сургуулиуд болон Хөх хоын Үндэсний их сургууль дээр 4 дүгээр сараас эхлэн харуул хамгаалалтыг чангатгаж, зургадугаар сарын дундуур тарах байсан оюутнуудыг сарын өмнө тарааж гэр гэрт нь буцаажээ. 25 жилийн өмнө жагсаал цуглаанд оролцож байсан ч түүнээс хойш ямар ч хэл амгүй ажил төрлөө хийж байсан 20 гаруй өвөрмонголчуудыг тодорхой шалтгаангүйгээр барьж хорьсон байна.
Тэднийг бослого хөдөлгөөн дэгдээх вий гэхээс сэрэмжилж ийнхүү хугацаагүйгээр хорьсон байх хэмээн ар гэрийнхэн нь таамаглаж байгаа ч огт уулзуулахгүй байгаа аж. Иймд байдал эвгүйдэж эхэлсэнийг ойлгосон уг жагсаалд оролцож байсан Хасбаатар, Далай нарын долоон залуу Монголын иргэн болох хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу авсан байна.
Учир нь тэднийг амь насаа хамгаалан, Монголд амьдрах хүсэлтээ илгээх үеэр Өвөрмонголын иргэн Н.Алхаагийн асуудал ид шуугиан тарьж байжээ. Мөн энэ үеэр манай улсад олон жил ажиллаж амьдарч байсан гурван өвөрмонгол залуусыг Хятадын тал баривчлан авч явсан байна. Тэнь Мяний талбайн жагсаал цуглааны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хятадын талаас олон хүнд орогнол олгохгүй байх хүсэлтийг манай улсад илгээсэн байна. Ийнхүү нэг ч хүний амь эрсдээгүй гэдэг Тэнь Мяний талбайн жагсаалаас болж өвөрлөгч ахан дүүс маань өнөөг хүртэл сэтгэл амар амьдарч чадахгүй байгаа нь тодорхой.
Г.Солонго
СЭТГЭГДЭЛ БИЧИХ