Уучлал гуйх ухаан бий гэж найдья

Улсын начин Б.Сугаржаргал үндэсний их баяр наадмаар өвгөн харцага Д.Сэрээтэрийн өмнөөс хэлэх, хэлэхгүй үгээр дайрч, унасан бөхийн уур омгоо гаргасан тухай мэдээлэл олныг бухимдуулав.

Энэ маргаан наадмын хоёр дахь өдөр, гурвын давааны дараа болсон юм. Гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржийг амлаж барилдсан боловч барьц сонгуулж өвдөг шороодсон. Барилдааны хөлийн цэцээр ажиллаж байсан харцага Д.Сэрээтэрийн ярьснаар, хоёр бөх хоёул хангалттай барьц авч, барилдаан үргэлжилжээ. Гэвч улсын начин Б.Сугаржаргал өөрийгөө унаагүй гэж үзсэн үү, барьц сонгоход алдаа гарлаа гэж бодсон уу хөлийн цэц Д.Сэрээтэрийг буруутган, дал гарч яваа хүн рүү нударга зангидахад хүрчээ.

Тухайн үед наадмын талбайн голд байсан, болсон явдлыг харсан зарим сэтгүүлчид “Б.Сугаржаргал Д.Сэрээтэр харцага руу салаавч гарган, нүүр рүү нь эгээтэй л цохиод авчихсангүй. Түлхэж зандраад, Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь гэж дайрлаа” хэмээн гайхаж, бухимдан ярьж байлаа. Үзэгчид энэ маргааныг анзаарч хараагүй, хэвлэлийнхэн ч онцолж бичээгүй болохоор өчигдрийг хүртэл Б.Сугаржаргалын гаргасан үйлдлийн талаар олон нийт сонсож, мэдээгүй байлаа. Гэхдээ наадмын дэвжээн дээр гарч байгаа ийм жудаггүйн жишээг хүмүүс сонсч, бөхчүүд нь цээрлэх ёстой.

Арга ядахдаа Д.Сэрээтэр харцага “Миний цолыг хүндэлдэггүй юм гэхэд насыг минь хүндэлж болмоор” гэж ярьжээ. Аргагүй шүү дээ. Ахмад хүнээ түших нь монгол хүний зан. Дээд цолтноо хүндэтгэх нь монгол бөхийн жаяг юм.

Тэр тусмаа Б.Сугаржаргал бол их спортын хүн. Хүндлэх, хүндэтгэх ёсоороо гайхагдсан агуу жүдогийн соёлд суралцсан, үндэсний шигшээ багт багтаж явсан тамирчин. Бүр Бүстэй барилдааны дэлхийн аварга бөх. Тэр уг нь дэвжээн дээрх хүндэтгэх, цээрлэх ухааныг мэдэхийн дээдээр мэдэх нэгэн.

Аливаа спортын шүүлтэд маргаан, будилаан гардаг ч түүнийг дэнслэх шударга арга, зөв алхмууд гэж бий. Б.Сугаржаргал залуу хүний ааг омгоор наадмын цэцэд уурссан байж болно. Д.Сэрээтэр харцага алдаа гаргасан байлаа гэж бодъё. Б.Сугаржаргал гомдолтой байсан байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л тэр жүдогийн татами дээр сахилга батыг сахидаг сайн тамирчин мөртөө монгол бөхийн дэвжээн дээр болохоор ааш омгоо асгадаг байж болохгүй.

Жүдо бөх бол спорт спортын дундаас хүмүүжил, төлөвшлийн хамгийн гүнзгий агуулга тээж хөгжсөн төрөл. Үүгээрээ жүдо агуу. Жүдочдын ёс суртахуун өндөрт байсаар ирсэн. Одоо харин тийм биш болж. Үндэсний бөхөөр барилдаж байгаа залуусыг их спортоор хичээллэ, спортын соёл, ухаанд суралц гэдэг нь зүгээр нэг туйлширсан сургаал биш гэж бодож байна. Жишээ нь, Н.Түвшинбаяр аварга үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтаа үндэс болгож, их спортод хөл тавьж байсан бол эргээд олимпийн аварга болсон хойноо монгол бөхөө хил хязгааргүй сурталчлан, үлгэрлэж яваа. Ийм эрчүүд олон байг гэж их спорт, үндэсний бөхийг хос морь шиг холбож ярих тал байдаг.

Гэтэл одоо даруулгатай, сахилгатай их спортынхон хүртэл дэвжээн дээр хуурай агсам тавьж, ах зах хүн рүүгээ гар далайдаг болжээ. Үндэсний бөхийн өнө эртний ухаан, уламжлалт хүмүүжил маань өнөөгийн залуусын ухамсрын хэмжээгээр бүдгэрсээр байгаагийн нэг жишээ энэ.

Д.Сэрээтэр харцага бол жир хүн биш ээ. Б.Сугаржаргал биднийг төрөө ч үгүй байхад олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж явсан цуут бөх. Арав хорь биш хэдэн зуугаар тоологдох алдарт тамирчдыг төрүүлсэн Ардын багш хүн. Ийм хүний өөдөөс гараа атган дайрч байгаа залуу бөх байна гэхээр эрүүл хүний ухаанд багтаж буухад хэцүү санагдах.

Бидний соёл, бидний уужуу ухаан хаашаа алга болоо вэ?

Б.Сугаржаргал таныг Д.Сэрээтэр харцагын цолыг биш юм аа гэхэд насыг нь хүндлээд уучлал гуйх ухаантай үлдсэн байгаасай гэж найдья.

Б.БАДМАА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин