Б.Батсуурь: Сэргээш илэрсэн тамирчдын тэмцээнд орох эрхийг хоёр жилээр хасна

Улсын их баяр наадмын өмнөхөн ихээхэн хэмжээний сэргээш буюу допинг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн хэрэг гарсан. Сэргээш оруулсан хэргийг Хилийн тагнуулийн алба шалгаж байгаад эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлж, хурааж авсан сэргээшүүдээ ч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Сэргээшийг ихэвчлэн бодибилдингийн залуус их хэрэглэдэг гэсэн мэдээлэл гараад байна. Тиймээс энэ талаар “Бодибилдин”-гийн холбооны тэргүүн Н.Батсууриас тодрууллаа.

-“Бодибилдин”-гийн залуус сэргээш их хэрэглэдэг гэсэн мэдээлэл гарлаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сэргээшийг зөвхөн бодибилдингийн залуус хэрэглээд байгаа юм биш. Дэлхий нийтээрээ л энэ сэргээш гэдэг зүйлээс ангижрах уу холдох уу гэж бодож байгаа шүү дээ. Харамсалтай нь чадахгүй байна л даа. Сэргээшийг яах гэж оруулж ирээд байгааг би ер ойлгохгүй байна. Би шавь нартаа үеийн үед сэргээш битгий хэрэглээч ээ гэж захиж ирсэн. Цэвэр бодибилдинг хөгжүүлмээр байна гэж хэлдэг. Тэгэхээр хуулийн байгууллагаас тогтоогдоогүй зүйлийг тэр талаар олон юм яримааргүй байна. Ер нь сэргээш хууль бусаар оруулж ирж байгаад үнэхээр харамч байна.

-Тэгэхээр бодибилдингийн залуус сэргээш хэрэглэх тохиолдол хэр их гарч байсан бол?

-2006, 2007 оны үед холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхтайван байхдаа улс аварга шалгаруулах тэмцээний дараа тамирчдаас сэргээшийн шинжилгээ авч байсан. Хоёр удаа авсан хоёуланд нь сэргээш хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Тиймээс нэр бүхий дөрвөн тамирчин тэмцээнд оролцох эрхээ жил найман сараар хасуулж байсан. Нийт зургаан хүн эрхээ хасуулсан.

-Олон улсын тэмцээнд оролцох тамирчдаас сэргээш хэрэглэсэн тохиолдол гарч байсан уу?

-Олон улсын тэмцээнд явж байсан тохиолдлоос гарч байгаагүй. Энэ сэргээш гэдэг зүйлийг сүүлийн үед их эрчимтэй хэрэглэж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг миний шавь нараас хүртэл сэргээш илэрч байсан хэрэг гарч л байсан. Энэ бол ганц бодибилдингийн залуус хэрэглээд байгаа биш юм. Ам дамжсан яриагаар үндэсний бөхийнхнөөс ч гардаг байсан. Хүндийн өргөлтөөс ч гардаг байсан. Хурдны моринд ч сүүлийн үед их хийж байгаа. Тэгэхээр хэрэглэгч байгаа учраас хүмүүс наашаа зөөж авчраад байна. Тэгэхээр энэ асуудалд хил гаалийн байгууллагууд нэлээн сайн ажиллах хэрэгтэй байна. Энэ хүний биед маш хортой. Ихэвчлэн хүчний спорт цикл спортынхон ч хэрэглэж байсан. Хүний биед маш муу. 30 40 гараад л нас барсан тохиолдлууд зөндөө бий. Ихэнх нь бөөрний дутагдал, элэг муудна. Одоо залуучууддаа хандаж хэлэхэд дан ганц бодигийнхон гэж хэлэхгүй. Хэн нэгэн спортын өндөр амжилтад хүрэх гэж тэмүүлж байгаа бол сэргээш хэрэглэхгүй цэврээр өрсөлдөөч гэж захимаар байна.

-Цаашид хэрхэн тэмцэх вэ?

-Тэмцээнд орохын өмнө жин тус бүрт шалгарсан тамирчдаас сэргээшийн шинжилгээ авна. Хэрвээ илэрвэл тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хасна. Ингэж тэмцэхгүй болохгүй бол болохгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин