Агуйгаар гэр хийж явсан шилийн сайн эрчүүд

Ванчин гавжийн агуй Оросоогийн агуй болж хувирсан нь

Баянхонгор аймгийн харъяат Хорлоогийн Ванчин хориод оны үед нутгийнхан дундаа “Шилийн сайн эр Ванчин” гэж хэлэгдэж явсаар гучаад оны үед “Ванчин гавж” гэж дуудагдах болжээ. Тэрбээр эрхиэр мэрэг төлөг тавихдаа гаргууд нэгэн байсан бөгөөд аль аймгийн аль хошуунаас адуу хөөхөд аюулгүй болохыг эрхиэр мэргэлж үзээд л тэр зүг рүү хос морьтой давхиж оддог байж. Харин хориод оны сүүлчээр түүний мэргэлж түргэлдэг авъяасыг тухайн үед Баянхонгор аймагт нэр цуутай явсан Лу цорж буюу Лувсанцэрэн цорж гадарласнаар нэг өдөр түүнийг хийд дээрээ дуудаад “Бурханы авшиг шингэсэн бумбан эрхиэр буцалтгүй мэргэлдэг хүн хол ойроос адуу хөөдөг шилийн хулгайч байж таарахгүй. Чи бол хийдэд шавилан сууж ард нийтийн буян заяаг мэргэлж суух тавилантай бурхан номын хүн байна” гэснээр шилийн эр Ванчин ташуу энгэртэй дээл өмсч буян номын мөр хөөх болжээ.

Төдөлгүй тэр бусад лам нараасаа эрдэм чадлаара ялгарч нутгийнхаа ардуудад “Ванчин гавж” гэж хүндлэгдэх болсон байна. Гэвч түүний шашин номоор олныг түвшитгэх хувь тавилан хэмжээ хязгаартай байжээ. 1932 оноос эхлээд лам нарыг хавчин хяхах үзэл бодол улс орон даяар өрнөх болсноор Ванчин гавж өөрийнхөө заяа төөргийг мэргэлж үзээд “Бурхан шашныг газрын хөрстэй тэгшлэх цөвийн цаг хаяанд ирсэн байна. Миний цаашдын хувь заяаны эргүүлэг хуваргын зам биш хулгайчийн зам болж надад үзэгдлээ. Ер нь би төрхөөсөө л шилийн хулгайчийн замаар явсан хүн. Одоо тэр л замаараа явъя даа” гээд орхимжоо тайлж хаяад морин дэлэн дээр дарцаглах болсон гэдэг. Гэхдээ тэр ганцаараа биш, амьдрал хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байсан арваад хүнийг өөртөө элсүүлжээ. 1932 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын хоршоог дээрэмдэн тонож, сумын захиргааны ажилтныг барьцаалж өөрийнхөө талд орохыг ятгасан хэмээх хилс хэрэгт гүтгэгдсэн Хорлоогийн Ванчин гавжийг До яамны комиссар Содномын отрядын Амгай захирагч баривчлах гээд чадаагүй гэдэг. Учир нь Ванчин гавж хамтран зүтгэгчидтэйгээ ногоон малгайтнуудаас зугтаж явахдаа эрхиэрээ мэргэлж үзээд л зам мөрөө буруулдаг байж.

Нэг удаа тэрбээр ногоон малгайтнуудаас зугтаж яваад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт байх Бага Богд хайрханы оройд гарч “Зандан мод” гэж шүтэгдсэн хадаг яндар бүхий ургаа модтой овооны өвөрт амрахаар шийджээ. Тэгээд өөрийнхөө итгэл сэтгэл нэгтэй арваад хүний хамт морьдоо чөдөрлөн идээшлүүлж хоол цай хийж идээд сайхан амарч хоносон байна. Ванчин гавж өглөө наран ургахад нөхдөөсөө түрүүлж босоод эрхиэ татаж үзсэнээ “Хөөе нөхөд минь. Нэг л биш болоод явчихлаа. Миний эрхи эвлэж өгөхгүй сондгой буугаад байна. Одоохон хөдөлцгөөе” гэж бусдыгаа шавдуулжээ. Нөхөд нь ч түүний үгэнд ороод тэр даруйдаа босч мориндоо мордоод Бага Богд хайрханы арын асга хад руу буугаад бэлд нь орж явахад Амгай захирагч тэргүүтэй хүмүүс зүүн талаас нь морьдоо давирсаар “Зандан мод”-ны овоон дээр ирж байсан гэдэг. Ванчин гавж ийм л мэргэн хүн байж. Амгай тэргүүтэй хүмүүс Ванчин гавжийг Бага Богд хайрханы ар руу дөнгөж хөдөлсөнийг мэдмэгцээ хойноос нь хөөцөлдсөн боловч тэднийг баривчилж чадсангүй. Учир нь Ванчин гавж мөр буруулахдаа гаргууд нэгэн байж. Нэг газраас явахдаа хүрэх ёстой зүг рүүгээ бус эсрэг зүг рүү нь явсан мөр гаргаж чулуу хөөлгөдөг байж. Бас элдэв уншлага тарнитай цацлагыг мөрөн дээгүүрээ цацаад “Буруу номтонууддолоон уулын цаагуур, дов шороон доогуур ор гэж тарниддаг байжээ. Тиймээс ногоон малгайтнууд түүний чулуу хөөлгөсөн мөрөөр ороод л хад мөргөх жишээтэй.

Шилийн эр Ванчин Лувсанцэрэн цоржийн тэргүүн багийн Чээжүү жасын гавж ламтан байхдаа Суваргын хийдэд байн байн заларч эрхиэрээ төлөг татдаг байж. Лу цорж түүний мэргэн түргэн авъяасыг шүтдэг байсан бөгөөд тэрбээр шашин төрийн хэргээ нууж хаалгүй хэлэлцэж зарлиг тушаал буулгахдаа Ванчин гавжийн санаа оноог заавал тусгадаг байжээ. Ванчин гавж 1930-аад онд Лу цоржийнд нэг удаа залрахдаа эрхиэ татаад “Бидний явдал суудал ч нэг их удахгүй нь бололтой. Ноёд, лам нарт ихээхэн халгаатай цаг үе айсуй. Баруун хойд зүгээс төмөр тэрэгтэй хүнд зэвсэгтэй, буруу энгэртэй хувцастай олон хүн ирж ноёд, баяд, лам хуваргуудыг амьдаар нь газарт булах юм байна. Ер нь манай лам хуваргууд тамын оронд зуурдаар явахгүйгээ эртнээс бодууштай болсон байна” гэж сануулж байсан гэдэг. Үнэхээр ч түүний хэлсэнээр 1932 онд Ванчин гавжийн шавилан сууж байсан Дарь-Эхийн хүрээний бүх лам хуваргыг ногоон малгайтнууд хоморголон баривчилж ихэнхийг нь амьдаар нь газарт булж байжээ. Харин Ванчин гавж ийм зүйл болохыг эрхиэрээ мэргэлж мэдсэнээр ногоон малгайтнуудыг ирэхээс өмнөхөн шилийн эрийн замаар явчихсан хэрэг.

Тэрбээр 1932-1937 он хүртэл нөхдийнхөө хамт ногоон малгайтнуудыг чулуу хөөлгөж Эхин усны говь хавьцаах Алтайн нуруунд орогнож, мөн Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт байх гэрийн чинээ том агуйд хоёр гурван ч жил бүгжээ. Ангийн арьсыг тэр чигээр нь хувцас маягтай болгож өмсдөг байсан түүнийг малын эрэлчид алсаас харчихаад “Алмас үзлээ” хэмээн нэг бус удаа дуулиан дэгдээж байснаар 1935 онд түүнийг судалж сурвалжлахаар Оросын геологич Виктер гэдэг хүн Эхин усны говь руу зүглэж байжээ. Гэвч түүнийг цангаж үхдэгийн даваан дээр хэвтэж байхад нь Ванчингийн хоёр хүн тааралдаж худаг бараадуулаад орхиж байсан гэдэг. 1937 оны намрын нэг өдөр Ванчин гавж эрхиэ татаж үзээд “Миний хээрээр гэр, хэцээр дэр хийх хоногийн тоо гүйцжээ. Одоо үхэхэ цаг минь болж. Лу багшийг маань Дотоодын хамгаалахынхан баривчлаад авч явсан байна. Би өөрийгөө барьж өгч багшийнхаа амийг аварна” гэж шийдээд хамт байсан хүмүүсээ тараагаад өөрөө Баянхонгор аймгийн Дотоодыг хамгаалах хэлтэс дээр очиж “эсэргүү” хэргээ хүлээж Лу цоржийг суллахыг шаарджээ. Уг мэдээг хүлээн авсан До яамныхан “Наад аюултай эсэргүү хэрэгтнээ хатуу хамгаалалтан дор Улаанбаатарт авч ир” гэсэн нууц тушаал өгчээ. Ванчин гавжийг ингэж явах хооронд ногоон малгайтнууд Лувсанцэрэн цоржийг буудаж алснаа тас нуусан байгаа юм. Ийнхүү Ванчин гавж Лу багшийгаа аврах гэж зүтгэсэн биш өөрөө 1938 оны 1-р сард цаазаар авахуулжээ. Тэр үед үнэн юм гэж үнэхээр байсангүй. Лам бол эсэргүү, ноёд бол тагнуул болж байсан цаг болохоор арга ч үгүй юм. Ванчин гавжийн хэргийг Монгол улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 6-р сарын 20-ны 97 дугаар хурлаар цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна.

Түүний оргонож байсан Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт байх гэрийн чинээ том агуйд гучин жилийн дараа буюу 1970-аад оны үед Шинээгийн Оросоо хэмээх шилийн эр найман жил орогносон гэдэг. 30 гаруй насны булчин шөрмөс нь зангирч , бие хаа нь тэгширсэн Шинээгийн Оросоо хол ойроос адуу хөөсөн хэргээр арван жилийн ял авчээ. Гэсэн ч тэр Туул голоор сал урсгах хүнд хүчир ажилд дайчлагдаж байсаар нэг л өдөр оргочихож. Тэрбээр дамуурга модоо эрэг дээр гаргаж чулуудаад улаан хоормогоор үеэрлэн байсан гол руу үсэрч ороод урсгал даган сэлж оджээ. Төдөлгүй орой болж хянагч нар хоригдлуудаа жагсааж бүртгээд Оросоог алга болсныг мэдсэн байна. “Ялтан Оросоо оргочихлоо” гэсэн ойлголт тэднийг эзэмдэж бөөн эрэл хайгуул болох нь тэр. Эцэст нь түүний хувин модонд өлгөөстэй, дамнуурга нь уснаас зайтай шидэгдсэн зэргийг хараад живж үзжээ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Оросоо бүрий болсон хойно уснаас гарч, ой дундуур хэсэг гүйжээ. Өлссөн гэж жигтэйхэн. Гэвч шантралгүй явсаар л байлаа. Гэтэл нохойн дуу аниргүй орчныг эвдэж Оросоогийн зүрхийг түгшээх нь тэр. Нохойн дууг чагнаад байвал яавч мөрдөгч нохой биш айлын хоточ нохой болох нь мэдрэгджээ. Оросоо тэр зүгийг чиглэн явсаар айлын бараа олж хараад хамгийн баруун захын айлд ортол нэг ланжгар эр хурхирч байсан байна.

Оросоо алган дээрээ элс үрээд мөнөөх эрийн нүүр лүү жигдхэн үлээхэд цаадах нь шуурга тавьж байна гэж санасан бололтой хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчээ. Өлссөндөө болоод эрэгнэгэн дээр байсан түмпэнтэй хоолноос идэж өл залгаад гадаа уяан дээр байсан морийг эмээллэж унаад баруун зүг жолоогоо залсан байна. Энэ цагаас хойш Оросоо Баянхонгор аймгийн Жинст сумын Богд ууланд найман жил бүгсэн гэдэг. Харин дараа нь чухам юу болсон нь тодорхой бус. Ямартай ч тэрбээр нутгийн иргэдэд хандаж “Надад найман жилийн ял дутуу байсан. Тэр найман жилээ би агуйд бүгэж өнгөрөөлөө. Нутгийн та бүхэн надад маш их хүндэтгэлтэй хандаж найман жилийн турш амаа жимийж явсан. Үүнд чинь би насан туршдаа баярлаж явах болно. Одоо би нутагтаа очиж амьдарна” гээд Өмнөговь аймгийг зорьсон гэдэг. Харин тэр цагаас хойш тус нутгийнхан Богд ууланд байх гэрийн чинээ агуйг “Ванчингийн агуй” гэдэг байснаа болиод “Оросоогийн агуй” гэж нэрлэх болсон гэдэг.

Бас нэг агуйд амьдарч явсан сайн эрийн тухай Агуй, агуй дамжин хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан Чимэдбалдан хэмээх 70 гаруй насны өвгөн одоогоос хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт амьдарч байлаа. Тэрбээр гэр орон, хань ижилгүйдээ ийнхүү тэнэж явсан бус байгалиа хайрлаж, хишгээр нь биеэ тэжээж, улсын ангийн төлөвлөгөө гээчийг давуулж байвал Монголд л хэрэгтэй хэмээн зүтгэж явжээ. 1960-аад онд бүтээгдсэн "Алтан өргөө" хэмээх кинон дээр "Чонын анчин Рааш" гэж гардаг. Чимэдбалдан гуай чонын анчин, тэр дундаа "Улсын анчин" гэх алдар хүндийг гуч гаруй жил хүртсэн бөгөөд хавь ойрынх нь хүмүүс түүнийг "Чонын анчин Рааш" гэж авгайлдаг байж. Ингээд хоёр жилийн өмнө түүний хүүрнэж байсан яриаг хүргэж.

Та анхныхаа чоныг хэдэн настайдаа намнасан бэ?
Би 1943 онд 13 настайдаа анхныхаа чоныг намнасан. Чоно ч ёстой хийморьтой тэнгэрлэг амьтан шүү дээ. Хэдийгээр доройтсон ч бусдыг хардаггүй өөрийнхөө эр чадлаар хоолоо олж иддэг амьтан. Үнэхээр зоригтой, шийдэмгий. Ямар сайндаа л хавханд орсон хөлөө тас хазаад явчихсан байх билээ дээ.

Таны өрөөсөн чих...?
Үүнийг ярихад их урт түүх ярих байлгүй. Өвөө нь хоёр хөлийнхөө арван хурууг тайруулж, өрөөсөн чихээ чононд сэтлүүлсэн хүн. Дээхэн үед ангийн төлөвлөгөө гэж айхтар даалгавар өгдөг байлаа шүү дээ. Өвөө нь энэ төлөвлөгөөг биелүүлэх гэж яваад нэг чоно алаад ганзаглачихгүй юу. Тэгтэл нөгөө чоно чинь дутуу үхсэн байснаас болж гэнэт архиран надтай ноцолдоод, үүнээс болж морь булгиад би гэдэг амьтан саахалтын дайтай газар мориноосоо чирэгдсэн байсан. Нэг ухаан ороход өнөөх чоно хайччихсан юм бүү мэд, би л ганцаараа цустайгаа холилдоод хэвтэж байлаа. Хөдлөх гэсэн чинь бүхий л бие өвдөөд ер нь их бэртсэн бололтой. Ангийн болзол нь гэрийн эсгий туургаар шагнах байлаа. Гэвч эцэст нь би чононд хүүлүүлж тасарч унах шахсан чихтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хөлийн хуруунууд маань бүгд хөлдсөн байлаа Тэгээд л тайруулсан даа. Энэ улс гээч юм чинь эгэл хүнийг их хуурах юм даа. Надад нөгөө гэрийн эсгий туурга муургаа ч өгөөгүй. Нэг баярын бичгээр шагнасан болоод л өнгөрсөн.

Чононд хэрүүлэх юмуу, бүслэгдсэн үе бий юу?
-Гайгүй ээ, дээр үеийн чоно хүнээс айдаг байсан юм. Харин өнөө үеийн чоно бол хүний өөдөөс дайрдаг болчихоод байгаа юм. Хуй шиг хэнийг яах вэ гэдгээ чоно сүрхий мэддэг. Айгаад байвал айлгаад л байна. Чоно бол чоно шүү дээ.

Та ямар буу хэрэглэж байв?
-Би насаараа нэг цахиур буу барьсан. Миний удам харц гаралтай л даа. Тиймээс намайг 12 настай байхад аав маань цахиур буу авч өгсөнийг 1992 он хүртэл 70 гаруй жил барилаа.

Чоныг хэвтэр үүрнээс нь ямар аргаар холдуулж бэлтрэгийг нь сугладаг юм?
-Чоныг алахын тулд эхлээд сайн судлах хэрэгтэй. Ямар уулын ямар энгэрт хэвтдэгийг нь мэдээд ульж дуудна. Улихдаа нааш ир, цаашаа яв гэсэн хоёр хэллэг, дохио гаргадаг. Мөн хонь, ямаа шиг майлж, үнэг, тарвага шиг шогшрох гэх мэт олон хэлбэрээр өөртөө ойртуулдаг. Харин одоогийн ан сонирхдог залууст хандаж хэлэхэд гэнэн гоомой юм хийж хэрхэвч болохгүй. Ан хийж яваа хүнд өөрт байгаа зэвсэг, мэс хүртэл анхаарал муутай бол дайсан болно гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Гадаадын хүнтэй, ер нь томчуултай авд мордож байсан л биз дээ?
-Гадаадынхан загаснаас өөр ан хийвэл ятуу, хойлог гэх мэт шувууд л эргүүлдэг болохоос монгол хүн шиг том ан хөөх нь ховор. Би гэртээ байхаасаа байхгүй нь их байсан болохоор манайд төрийн томчууд ирж намайг сураглаад явсан байдаг юм. Гэхдээ томчуултай авд мордолгүй яахав. Ялангуяа Түвдэндорж аварга, Циркийн Дамдин зэрэг бөхчүүдтэй хэд хэдэн удаа авд мордсон. Намайг "Улсын анчин" гэдэг алдар хүртсэнээс хойш манай гэр дэн буудал шиг л байдаг байсан. Ихэнх анчинд ирж уулзана, ярина хөөрнө.


Б.Ойдов

СЭТГЭГДЭЛ БИЧИХ