Өрөөгөөр нэг суунагладаг янжуурын цэнхэр утаа
Итгэмээргүй сонин хачин зүйл алийг тэр гэх билээ. Түүний нэгийнх нь тухай энд өгүүлнэ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн зочид буудалд ерээд оны сүүлчээр ажиллаж байсан хүмүүс болон одоогийн удирдлагууд сайн мэдэх учиртай. Тус буудлын хоёрдугаар давхрын нэгэн өрөөг хий үзэгдэлтэй болж гэж тэр үед ид шуугиж байсан юм. Холын хүн эс бол баргийн хүн буудаггүй өрөө л дөө. Ажил явдал, амралтын далимаар очсон хотын болоод явуулын бид хэдэн хүн 1998 оны намар нэг хоног тааруулж билээ. Аяншиж ядарсан улс өглөө эрт очсон тул өрөө авч сүүжээ түр ч болтугай амраан, нүдний хор гаргахаар болов. Үдийн хоол, цай болтол түр амрах гэсэн хэрэг л дээ. Яагаад ч юм тэр өрөөнд бидэнтэй явсан хоёр бүсгүй орсон байлаа. Архи ууж, тамхи татдаггүй төлөв, төвшин хоёр хүүхэн бөлгөө. Ингээд өрөөтэй болсон улс амрахаар болоод хоёр, гурваараа салцгаасан билээ.
“Халзан” хочит Баяр бид хоёр хоёрдугаар давхрын булангийн өрөөнд оров. Хоёр хүний тохилог өрөө байлаа. Замд ихэд ядарсан учраас ёстой л дэр дээр толгой тавиад “давсан”-д яваад өгчээ. Хэр удаан амарсныг мэдэхгүй, хэрүүл болж буй чимээгээр бид хоёр сэрчихэв. Хажуугийн өрөөнд хэрэлдээд ч байх шиг, хэлцээд ч байх шиг эмэгтэй хүмүүсийн дуу гарна. Сонсоод байвал хэрүүл арай биш ч хэрэг төвөг гарсан бололтой. Нэгэнт сэрчихсэн болохоор удаан хэвтээд яах билээ. Босч гар нүүрээ угаагаад өдрийн хоолонд орохоор болов. Тэгтэл манай хоёр хүүхний нэг “том” гэх Чимэгээ ороод ирэв. Харвал нэг л биш ээ. Нүд нь орой дээрээ гарчихаж.
“Ёстой жигтэй хачин юм болоод оо” гэсээр амьсгаадан орж ирэв.Гэгээн цагаан өдөр юу болдог байна гэж бодоод “Тэгээд юу болов?” гэлээ.
- Урнаа бид хоёр их ядарсан тул хаалгаа дотроос нь дангинатал түгжиж аваад унтаад өгсөн юм. Чухам унтсан юм уу, зүүрмэглэсэн юм уу, мэдэхгүй ээ. Нэг мэдсэн чинь нойрон дунд эмэгтэй хүн яраглах шиг болов. Би бодлоо л доо, манай Урнаа их ядарчээ. Зүүдлээд байгаа юм болов уу даа” гэтэл биш ээ. Яалт ч үгүй яраглах, уухилах дуу гарна. Цочин өндийтөл Урнаа ч хашгичсаар босоод ирлээ. Хүүеэ юун утаа, май вэ? Хэн утаа тавьчихав гэхийг сонсоод ажвал тамхины бололтой шингэн цэнхэр утаа ширээний дэргэдэх сандлын орчмоос өрөөний төв рүү чиглэж байснаа цонх руу яваад өгөв. Бид хоёр бүр учраа олсонгүй. Хаалгаа түгжээгүй орхисон тул та нарын нэг тамхи баагиулсаар орж ирээд бид хоёрыг унтаж байхыг хараад сэрээлгүй гарчихсан юм болов уу гэж бодлоо. Тэгээд босч хаалгаа шалгавал таг түгжээтэй байдаг байна шүү. Зочид буудлын үйлчлэгч орж ирээд хүж асаачихсан юм уу гэтэл бас биш. Ямар ч хүж, лаа байсангүй. Ингээд буудлын үйлчлэгчийг дуудаад энэ талаар ярилцаж байна. Тэр шинэ охин болохоор юу ч мэдэхгүй юм. “Та хоёрын нэг ямар нэг юм шатаагаагүй биз?” гэх юм. Алив, очицгооё гээд бид хоёрыг шамдуулав. “Халзан” бид хоёр хамт очлоо. Биднийг очиход утаа энэ тэр харагдсангүй. Тэгсэн атлаа яалт ч үгүй утаа үнэртэх шиг болсон. Мань хоёр зүүдэлсэн, эсвэл хий юм харсан юм болов уу гэж ярилцлаа. Манай хоёр эсэн бусын юм яриад байхаар ам султай, хов жив ярьдаг хүүхнүүд биш л дээ. Тэгээд юутай ч өдрийн хоол, цайнд орохоор буудлын нэгдүгээр давхрын ресторанд орлоо. Пиг хүнтэй байв. Сумын сургуулиудын мэдээлэл зүйн багш нарын сургалт, зөвлөгөөн болж байгаа юм байна. Бүгдээрээ хооллочихоод нөгөө өрөөнд бяцхан хуралдангаа ажиглая гэж бодоод оров. Манай бусад нөхөд тоох шинж алга. Харин ч тоглоом, шоглоом хийх маягтай байв. Чөтгөр гоймонд дурлав гэгчээр манай хоёр тамхи татаж үзээ биз гэж ирээд л мушгицгааж байсан. Бид өрөөг онгойлгон зэрэг ортол үнэхээр янжуурын цэнхэр утаа суунаглаж байдаг байгаа. Яг ширээний орчмоос өрөөний төв рүү чиглэснээ цонхоор гарах янзтай харагдсан шүү. Байдлыг ажвал тун саяхан, бараг бидний нэг татсан гэмээр шинэ, тод цэнхэр утаа байлаа. Тэр хавийг ажиглавал үнс, тамхины иш үзэгдсэнгүй.
Асуудал биш болоод явчихалгүй яахав. Эрчүүд бидний бие хүртэл жихүүцээд ирсэн юм. Манай хоёр ч цамнаж гарлаа. Аргагүй шүү дээ. Буг чөтгөртэй, хий үзэгдэлтэй өрөөнд орохгүй. Өрөөг сольж өг, энэ тэр гэв. Ресепшин бүсгүй аргаа бараад Багш нарын семинарын төлөөлөгчид буусан учраас өрөө дуусчихаад байна л даа. Рашаантын хоёр багш л гадуур хоноод байгаа сурагтай. Орой ирж хонохгүй гэвэл та хоёрыг тэдний өрөөнд оруулъя даа. Тэр хүртэл хамт яваа хүмүүсийнхээ өрөөнд хамт байж байгаач гэсэн хүсэлт тавив. Гэрэлтэй, гэгээн цагаан өдөр болохоор бид түрдээ зөвшөөрсөн билээ. Тэгж, ингэж байтал оройн хоол болов. Хоол, цайнд орчихоод ирвэл үйлчлэгч охин биднийг хүлээж байлаа. Багш нарын семинарын сүүлчийн өдөр учраас нөгөө хоёр багш нөхөдтэйгээ хамт хонох юм байна. Одоо ямар ч өрөө гарахгүй нь ээ гэнэ. Тэгээд бид ингэж шийдлээ. Хоёр хүүхнээ бид хоёрын өрөөнд оруулчихаад бүгд манай өрөөнд цуглан жаахан наргихаар тохиров. Буудлын үйлчлэгч охин манай хоёрыг нүүлгэн шилжүүлээд, бидний юмыг нөгөө өрөөнд зөөгөөд оруулж өглөө. Бид ч цаг алдахгүй гэсэн шиг ярьж, хөөрч ганц нэг “юм”-аа гаргацгаан балгаж гарлаа. Өрөө гэрэлтэй, олуулаа болоод тэгсэн үү, өнөө утаа суунаглаж барьсангүй. Тэгсхийгээд ярианы халуун, дотор халуунтай нийлээд тэр байтугайг ч мартах янзтай. Тоглож наадан, дуулж хуурдсаар шөнө дөл болгоод амарцгаахаар тарлаа. Бид хоёр нөгөөхөө гэнэт санаад гэрэлтэй унтахаар болов. Гэтэл унтаж болдоггүй. Нэлээд халамцсан, тэгээд ч хоёрын хоёр эр хүн тул юу л болов гэж бодоод гэрлээ унтраагаад хэвтэхээр шийдэв. Ингээд буруу хараад хэвтэж байтал “Хүүе түүнийг хар даа” гэх “Халзан”-гийн шивнээ дуу гарав. Эргээд хартал нөгөө ширээний тэнд цог улалзах шиг болов. Цочсондоо арай ойрхон байснаараа би босч гэрлээ асаалаа.
Гэтэл үнэхээр саяхан сорсон бололтой шив шинэхэн цэнхэр утаа суунаглаж байсан шүү. Хоёулаа босоод суучихав. Өнөөдүүлээ дуудах гэснээ болив. Ядарсан улс унтаж амарсан нь дээр гэж бодсон юм. Тэгээд тэр хавийг ажиглан хоёулаа үзлэг хийв. Үнс, тамхины иш ямар ч байсан алга. Утаа хэсэг суунаглаад замхрав. Айсан хүн адуу үргээнэ гэгчээр хоёулаа үлдсэн шил архиа уухаар шийдлээ. Тэгээд сууж байхад дахин утаа униар суунагласангүй. Ямар нэг юм ажиглагдахгүй болохоор нь архиа гударч орхиод хэвтээд өгсөн. Унтсан юм уу, тасарсан алин болохыг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь өглөө болжээ. Босч ундандаа орчихоод буудлын зохион байгуулагч хүүхэнтэй уулзлаа. Жаахан жуумалзсанаа ингэж ярив. Өнгөрсөн хавраас нэг ийм юмтай болсон. Үргэлж ч ингээд байдаггүй болохоор нэг их санаанд орсонгүй. Явуулын нэг тамхичин, нэлээд балгадаг хүүхэн хэдэн нөхдийнхөө хамт хоноглохдоо зүрх нь хаагдаад нас барчихсан юм. Дээгүүр ажилтай хүүхэн байсан гэнэ лээ. Задлангаар онош нь тогтоогдсон учраас нэг их асуудал гараагүй. Түүнээс хойш хоёр ч удаа иймэрхүү юм харагдсан. Та нарт тохиолдсон нь гурав дахь нь. Ямар нэг үймээн самуун гаргадаггүй юм гэв. Ингээд явуулын бид ч явсан билээ. Хожим сонсвол тэр зүйл тэгсхийгээд алга болсон гэнэ билээ. Аргыг нь хайлгасан уу, алга болсон уу, мэдэхгүй юм даа. Тэр үед тэнд ажиллаж байсан цөөн хүн сайн санах байх даа” гэж миний нэгэн найз сэтгүүлч сонирхуулсан бөлгөө.
Г.МӨНХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ