Моргунов, Никулин нар ЯАГААД дайснууд болсон вэ?

Аугаа найруулагч Леонид Гайдайн ачаар бий болсон гайхалтай гурвал буюу аймхай, тэнэг, хүнд гарын гурван нөхөр Зөвлөлтийн киноны гол бэлгэдэл болсон билээ. Тэдний тоглосон инээдмийн кинонууд одоог хүртэл Оросын төв телевизээр тун амжилттай гарч байгаа юм. Гэвч гурван супер жүжигчин болох Юрий Никулин, Георгий Вицин, Евгений Моргунов нарын харилцаа хүйтэн хөндий байсан бөгөөд сүүлдээ тэд бараг харьцахаа больсон гэдэг.

Тэдний харилцаа 1961 онд мууджээ. Тэд хамт­даа “Нэрмэл нэрэгчид” хэмээх богино хэмжээний уран сайхны хоёр дахь киноныхоо зураг авалт дээр таарамж муутай болсон аж. Гэнэт нэг өдөр Моргунов зураг авалтад оролцохоос татгалзжээ. Тэр үеийн кино хорооны дарга Иван Пырьев өөрийн биеэр оролцож байж түүнийг тэнэглэл битгий хий хэмээн ятгасан гэлцдэг. Гэвч үүний ул мөр тэр чигээрээ үлдсэн юм. Их найруулагч Гайдай нэлээн хүчин чармайлт гаргаж байж дахин хоёр ч удаа тэднийг цуглуулсан аж. 1965 онд “Ы ажиллагаа”, 1967 онд “Кавказад болсон явдал” кинонуудад тэр гурав дахин хамтдаа тоглосон билээ. Сүүлчийн кинон дээр ээлжит маргаан дэгдсэн тул Моргуновыг зураг авалтаас хассан юм. Гэхдээ 1968 онд дээд удирдлагын ачаар тэд­нийг дахин цуглуулж дөнгөсөн байна. Найруулагч Евгений Карелов мань гурвыг “Долоон өвгөн ба нэг бүсгүй” инээдмийн кинондоо тоглуулж дөнгөсөн билээ. Тэр цагаас хойш Никулин, Вицин, Моргунов гурвын зам мөр бүрмөсөн салжээ.


Тэсвэрлэшгүй “Хүнд гар”
1966 оны зун зураг авалтын баг сүүлчийн аялал­даа Крым рүү явжээ. Найруулагч Гайдай бараг бүх зураг авалтаа авч дуусгасан аж. Наймдугаар сарын 02-нд хэдхэн хэсгийг авах үлдээд байв. Нина бүсгүй гурван балмад этгээдээс зугтааж байгаа хэсэг байдаг даа. Нина том чулуун дээр гарч бүжиглээд, дуулдаг билээ. Тэнэгийн дүрд тоглосон Никулин модон дээр авирч гараад Шурик руу самар шиддэг. Дараа нь Нина, Шурик хоёр явж өнгөрөнгүүт Тэнэг Хулчгар болон Хүнд гар дээр унадаг. Тэр өдөр Леонид Иович Гайдай үлэмж биет жүжигчин Моргуновтой хэмх хэрэлджээ. Моргунов зураг авалтын талбай дээр үй олон шүтэн бишрэгч эмэгтэйчүүдийг дагуулаад ирэв. Найруулагч нэлээн чанга хатуу нэгэн байсан тул “Гадны хү­мүүсийг зайлуул” гэж тушаасан байна. Үүнд нь уурласан Моргунов “Гайдай, чи хулгана барихаа больжээ” гэж доромжлоод Никулины эхнэр ч гэсэн явах ёстой гэж шаардсан гэнэ. Моргунов ууран­даа найруулагчаа заамдаж авсан байна. Бачууртлаа уурласан Гайдай кино зохиолыг шүүрч аваад Моргуновтой үлдсэн хэсгүүдийг баллуурдаж орхив. Тэрбээр зураг авалтын даргад “Гүйцээ! Түүнийг Москва руу явуул! Тэр дахиж миний кинонд хэзээ ч тоглохгүй” гэж хашгирчээ. Хоёр хоногийн да­раа хам­­гийн сүүлчийн хэсэг болох Нинаг олзолж авдаг хэсгийн зураг авалтыг авав. Моргуновын оронд машин дотор орлон тоглогч сууж байсан аж.

Тэр гуравт цалин, урамшууллыг харьцангуй адил бус өгдөг байсан гэнэ. Моргунов өдөрт 25 рублийн цалинтай байжээ. Нинагийн дүрийг ами­луулсан жүжигчин Наталья Варлей өдөрт 13 рубль 50 копейк буюу хамгийн бага цалин хүрт­дэг байв. Вицин өдөрт 40 рубль, Никулин болон Шурикийн дүрд тоглосон Демьяненко нар өдөрт 50 рублийн цалин авна. Моргунов бусадтай жи­жиг зүйлээс болж байнга ам зөрдөг байсан гэнэ. Ялангуяа Вицинтэй их үзнэ. Түүнийг Евгений Александрович дутуу үнэлэгдсэн гоц авьяастан гэж үздэг байсан юм. Мань хүн “Никулин бид хоёрын хэн нь ч Вицины чигчий хуруунд ч хүрэхгүй” гэж ярьдаг байлаа. Харин Юрий Владимирович Никулиныг үргэлж хорлонтойгоор чаддаг байжээ. Нэг өдөр Моргунов Москва хотын Цветной буль­варт байрлах циркийн үүдэнд энгэртээ Ардын Их Хурлын депутатын тэмдэгтэй очоод түүгээр явж байсан хүмүүст “Та бүхэн орон сууцны асуудлуудаа шийдвэрлүүлэхийн тулд циркийн даргад хандах боломжтой” гэж хэлжээ. Никулины албан өрөөнд ард олон олноороо орж ирэх болов. Ихэд уурласан Никулин дахиж түүний өрөө рүү Моргуновыг оруу­лахгүй байх тушаал өгчээ. Тэрбээр “Манайд өөрийн алиалагчид хангалттай бий” гэж мэдэгдсэн байна.

Бас нэг тохиолдлыг өгүүлэхгүй өнгөрч болохгүй. Кино хорооны нэгэн том түшмэл Моргуновт “Найрал хөгжимтэй заанд зориулсан соло” кинонд дүр авахад нь саад болжээ. Тэгэнгүүт Моргунов галын шатаар дээш өгсөөд тэр түшмэлийн цонхоор “Зоркий” аппаратаар тэр түшмэл арьсан буйдан дээр залуу жүжигчин бүсгүйг нүцгэлээд хэвтүүлж байгааг нь дарж орхив. Гэртээ гүйж очоод хальсаа боловсруулаад маргааш өглөө нь гэрэл зургуудыг түшмэл эрийн ширээн дээр шиджээ. Мань хүн “За, хө. Би кинонд тоглох уу, үгүй юү?” гэж асуусан байна. Мэдээж, тэр дүр авсан нь ойлгомжтой. Ер нь бол их хүнд, хэцүү ааш зантайгаасаа бо­лоод Моргунов кинонд тоглох урилга бага хүлээж авдаг байжээ. Үзэгчдэд хамгийн их хүрсэн дүр бол “Покровын хаалга” киноны Соевын дүр билээ. Тэр үндсэндээ орон нутгаар тоглолт хийн явж мөнгө олдог байсан гэдэг. Аль хүүхэд байхад нь л чих­рийн шижин өвчтэй гэж оношилсон ч жүжигчин эр эмч нарын заавар, зөвлөгөөг огт сонсоогүй юм. Тааралдвал балгачихдаг, тамхи татдаг, элдэв хоол, амттанг ялгалгүй идэж орхидог нэгэн байв. Тиймээс удалгүй ихэд таргалжээ. Хөл нь өвдөж, амьс­гаадах нь их болов.

Тайзан дээр гарахдаа “Мориноос уначихлаа” хэмээн хошигнодог байлаа. Үзэгчид ч түүнд итгэдэг байсан юм. 1998 онд түүний хүү зуурдаар таалал төгссөн билээ. Үүнээс болж сэтгэл санааны гүн цочирдолд орсон Моргунов хоёр ч удаа цус харваж, зүрхний шигдээсээр өвдсөн юм. Түүнийг нарийн шинжилгээнд хамруулсан ч амьд гарах ямар ч боломж байхгүй гэдгийг нь олж мэдэв. Тэгэхэд Моргунов “Та нар намайг эндээс гаргаж дийлэхгүй. Яагаад гэвэл би тэсвэрлэшгүй хүн” хэмээн хошигножээ. Нас барахаасаа арван хоногийн өмнө Моргунов гэртээ 25 настай бүсгүйг дагуулж ирээд эхнэртээ “Энэ эмэгтэй энд амьдрах болно” гэж хэлсэн аж. Түүний эхнэр Наталья Николаевна аргагүйдээд найз дээрээ очсон байна. Ухаантай эмэгтэй үүнийг хүндээр өвдсөн барын сүүл­чийн архиралт гэдгийг ойлгож байсан юм. Хам­гийн гайхалтай нь, ямар нэг төрийн болон төрийн бус байгууллага түүний оршуулгын ёслолд орол­цоогүй гэдэг.

Зөв “Хулчгар”
Домогт гурвалын дотроос хамгийн асуудал бага дэгдээдэг нь Георгий Вицин байсан бололтой. Тэр их зожиг, дотогшоогоо хүн байсан юм. Гэртээ нэг ч удаа сэтгүүлч нарыг нэвтрүүлээгүй гэдэг. Хамт­ран ажиллагчдаа ч өөрөөсөө тодорхой зайнд байлгадаг байв. “Бальзаминовын гэрлэлт” киноны зураг авалт дээр Зөвлөлтийн киноны од хэд хэдэн үзэсгэлэнт бүсгүйчүүд 47 настай Вициныг урхиндаа оруулахаар шийджээ. Ингэхийн тулд коньяк уулган согтоохыг оролджээ. Гэтэл Вицин тэр шарзаар амаа зайлчихаад л нулимаад байв. Алдарт Нонна Мордюкова тэсгэл алдаад “Архи уухгүй, тамхи та­тах­­гүй, хүүхнүүдийг ч чангаахгүй... Хүүхнүүд ээ, бид­ний хэнд нь ч тэр ногдохгүй бололтой. Чи эр хүн биш. Чи бол үхдэл” хэмээн хашгирчээ. Вицин хариуд нь “Үгүй ээ, би йог хүн” хэмээн хариулав.

Гэхдээ Вицин энхийн цагаан тагтаа шиг хүн байсангүй. Түүний эхнэр хожим нь нөхрөө араар нь тавьж байсан гэдгийг нуулгүй дэлгэсэн билээ. Георгий Вицин залуудаа бужигнуулж яв­жээ. Өөрийн багш, Ардын жүжигчин Николай Хмелёвын эхнэрийг аваад суучихсан байна. Багш нь түүнд огтхон ч гомдоогүй бөгөөд өөрөө удал­гүй МХАТ театрын дарга Михаил Яншины эхнэрийг урхиндаа оруулсан аж. Дина Вицинээс нэлээн хэд эгч байсан юм. Тэд хамтран амьдраад нэлээд хэдэн жил болсон ч хоёр тийш болжээ. Вицин түүнд удаан хугацаанд мөнгө, санхүүгээр туслаж байв. Харин 35 насандаа нүүр хувиргагч бүсгүйтэй гэрлэжээ. Тэр 84 насласан юм. Элдэв муу зуршил­гүй байсан нь үүнд нөлөөлсөн болов уу. Тэр хэзээ ч өвдөж байсангүй. Йогоор 30 жил хичээллэн, ямар ч эм, тариа хэрэглэж бай­сангүй. Мах идэлгүй 20 жил болжээ. Гэнэт уушги нь үрэвсээд таалал төгссөн юм. Эмч нар түүнд эр­чимт эмчилгээ хийн, элдэв хүчтэй анти­биотикууд тарьтал бие махбод нь дийлээ­гүй гэдэг.

Сайхан сэтгэлтэй “Тэнэг”
Харин Юрий Никулин бүх амьдралын­хаа туршид элдэв асуудалтай тулгарч бай­жээ. Алдарт алиалагч Олег Попов хүр­тэл өнөөг болтол түүнийг хараан зү­хэж байдаг билээ. Цагтаа тэд гэмгүй сайхан нөхөрлөдөг байв. Хамтдаа алдарт Карандаш алиалагчийн гарын шавь нар байсан юм. Карандашийн жинхэнэ нэр нь Михаил Румянцев билээ. Гэвч дараа нь Олег найз Никулины шог гараануудыг бүдүүл­гээр хулгайлж эхэлсэн байна. Ер нь бол Попов тохиолдлоор гэнэт алдаршсан юм. 1956 онд тэрбээр циркийн хамт олонтой хамт Баруун Европоор аялан тоглолтоор явжээ. Бельгид түүнийг бэлэвсэн Хатан хаан Елизавета хараандаа оруулсан аж. Тэрбээр циркийн манеж руу бууж ирээд түүний гарыг үнссэн байна. Ингэх­дээ Хатан хаан “Хүүе, Оросоос нархан нисээд ирлээ!” гэж уулга алджээ. Энэ цагаас хойш “Нарны алиалагч”-ийн пиар маш сайн хийгдсэн гэлцдэг. Үүнийг да­гаад мөнгө, алдар нэр, одон тэмдгүүд урсах болов. Харин Никулин, Шуйдин нар энгийн нэг алиалагчид байсан юм. Гэсэн хэдий ч Попов бүх насаараа Никулиныг үзэн яджээ. Түүний мөнхийн өрсөлдөгч 1990 онд Социалист хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнуулахад Попов бачуурсандаа байж, суух газраа олж ядсан гэлцдэг.

ЗХУ задарсны дараа “Нарны алиалагч” Герман руу амьдрахаар явжээ. Гэвч тэр тэндээс ч гэсэн Никулиныг шавар шавхайгаар булахаа үргэлжлүүлэв. Никулин Оросын циркийн захирал болоод хэзээ ч Поповын хөлийг тэр циркийн босгоор алхуулахгүй гэж андгайлсан байна. Циркийн 60 жилийн ойгоор ч түүнийг урьж ирүүлсэнгүй. Никулины үед цирк хэвийн горимдоо оржээ. Гэх­дээ л мань хүн Виктория Виклюктэй ороо­цолдсон билээ. Никулин 70 настай, харин тэр бүсгүй дөнгөж 47-той байсан юм. Гэсэн ч энэ эмэгтэй түүний хань болж чаджээ. Тэрбээр Никулиныг хаа сайгүй дагалдаж явдаг байв. Иллэг хийж өгч, тусгай жорын дагуу хоолыг нь бэлдэж, эмийг нь цаг тухайд нь уулгана. Энэ эмэгтэй л Никулин хэнийг хүлээж авах, хэнийг хүлээж авахгүйг шийддэг болов. Виктория циркийн акробатчин байсан юм. Удалгүй Никулины итгэлийг хүлээж чадсан байна. Зарим нэг хүмүүс түүнийг ховсдох чадвартай нэгэн хэмээдэг байсан аж. Никулины эхнэр Татьяна Покровская гэр бүлээ нураахгүйн үүднээс энэ бүгдийг тоохгүй өнгөрүүлдэг байв. Гэвч удалгүй Виклюк бүсгүй бүгдийг залхааж орхижээ. Хүмүүсээр доог тохуу хийж, элдэв хэрүүл мар­гаан үүсгээд зогсохгүй нэг удаа циркийн нягтлантайгаа зодоон хийжээ. Никулинээс хамгийн үнэнч албат нь хүртэл нүүр буруулж эхлэв. Байдал хурцдаж бай­лаа. Иймд Юрий Владимирович удтал бодсоны эцэст Парис руу дөрвөн хоногийн хугацаатай явжээ. Тэр хооронд хамт олон нь шийдвэрээ гаргах ёстой болов. Хамт олны хурлаас Викторияг халах шийдвэр гарсан аж.

Зарим нэг хүмүүс Никулиныг Зөв­лөлтийн нэрт жүжигчин эмэгтэй Людмила Гурченкотой “Дайнгүй хорин өдөр” киноны зураг авалтын үеэр дотно харилцаатай болсон гэж ярилцдаг билээ. Эхнэр нь түүнийг Людмила Марковнатай харддаг байв. Харин хожим нь Алексей Баталов буюу “Москва нулимсанд дургүй” киноны Гошагийн дүрийг чадварлаг бүтээсэн жү­­­жигч­ний эхнэр болсон морь сургагч Гитана­тай Никулин үнэхээр л хэсэг зуур дотно харилцаа үүсгэсэн гэлцдэг. Никулин “Кавказад болсон явдал” кинонд тоглохыг хүсэхгүй байжээ. Өмнөхөн нь тэрбээр найруулагч Тарковскийн “Андрей Рублёв” кинонд ламтан Патрикейн эмгэнэлт дүрийг бүтээгээд байсан аж. Харин Гайдай зу­раг авалтын үеэр түүнд юу дуртайгаа хийхийг нь зөвшөөрнө гэж ам­ласан юм. Үүний үр дүнд “Кавказад болсон явдал” кино Зөвлөлтийн киноны аугаа гурвал бо­лох Никулин, Вицин, Моргунов нарын амилуулсан шилдэг инээд­мийн кино болсон билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин