Аавтайгаа нийлж цагдаа зодож явсан шинэхэн арслан Г.Батсуурь төр, түмнийхээ итгэлийг дахин бүү алдаасай
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Нарантуул захын баруун урд уулзварын орчим 2012 оны гуравдугаар сард ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн алба хаагчийг зодсон хэрэг гарч байв.
Тэгвэл энэхүү түрэмгий үйлдлийг гаргаж байсан иргэн бол Монгол Улсын харцага Г.Намсрайжав юм. Харин Г.Намсарайжав харцагын хүү Н.Батсуурь энэ жилийн наадмаар түрүү авч, Монгол Улсын арслан цолонд хүрсэн билээ.
Өдгөө Замын цагдаагийн камерт бичигдэн үлдсэн бичлэгээс үзэхэд шаардлага тавьсан замын цагдааг нас тогтсон харцага Г.Намсрайжав шууд л гарч ирээд маргалдан дайрч, зодсон байна. Тухайн үед машиныг жолоодон явсан Н.Батсуурь арслан аав болон цагдаагийн маргааныг таслах гэж оролдох авч, зодуулсан цагдааг машиныг нь явуулахгүй хөндөлсөхөд нь дахин гарч ирэхдээ мөн л аавынхаа адил дайрч, давшилж буй дүр зураг харагдах аж.
Аавын хүүгийн зам урт, эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр нэгэн цагт төрийн цагдааг аавтайгаа нийлэн зодсон хэл аманд орж байсан Н.Батсуурь энэ жил Монгол Улсын арслан гэх хүндтэй цолыг хүртлээ. Иймээс аав, хүү хоёр төр, түмнийхээ энэхүү цагаан итгэлийг дахин бусармаг үйлдлээр гутаахгүй байгаасай хэмээн найдаж байна.
Хэргийг эргэн сануулахад тухайн үед Г.Намсрайжав согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд машиныг нь хүү Н.Батсуурь нь жолоодож явжээ. Н.Батсуурь чигээрээ явах ёстой урсгалд буцаж эргэхийг завдсан тул замын цагдаагийн алба хаагч дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулсан байна. Улмаар бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад үзүүлэхгүй байжээ. Гэтэл улсын харцага Г.Намсрайжав машинаас бууж, цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан юм.
Цагдаагийн алба хаагчийн толгойн тус газар цохисноос нүдний ухархайнь гэмтсэн билээ. Тиймээс зохих дүрэм журмын дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавт эрүүгийн хэрэг үүсгэж, гурван жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх ял авч байсан ч тэрбээр тэнсэн аваад мултарсан гэх юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ