Х.Баянмөнх аварга “экс” хүргэн А.Сүхбатыгаа Дархан аварга цол хүртсэнд дургүйлхэж байна
Хүргэн хүү А.Сүхбатыгаа өөрийн төрсөн үр Б.Гантогтохоос илүүтэй хайрлаж, өмгөөлж явсан хүн бол Х.Баянмөнх аварга. Гэтэл ард түмний “хар” аварга Х.Баянмөнх өөрийн экс хүргэн А.Сүхбатыгаа Дархан аварга цол хүртсэнд дургүй байгаагаа наадмын үеэр ETV телевизээр ярьж, илт эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Анхнаасаа А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол өгдөг нь буруу зүйл болсон. Нэгэнт наадам тулсан байсан учраас энэ асуудлыг яриагүй, харин наадмын дараа үүнийг сөхөж хөндөнө. Монголын нууц товчооны зарим хэсгийг өөрчлөн бичиж болдоггүй биз дээ. Үүний адил Монгол наадмын үнэн чанарыг алдагдагдуулсан явдал боллоо” гэсэн утгатай зүйл ярьсан юм.
Хэзээний шулуун шударга яриатай Баянаа аварга ийнхүү “экс” хүргэн А.Сүхбатыгаа Дархан аварга цол хүртсэнд дургүйлхэж буйгаа шууд л хэлээд авлаа. Уг нь хэр барагтаа хүргэнээ өмөөрч суудаг аварга маань хүргэндээ дургүйцэх шалтгааныг гэр бүлийн салалтаас үүдэлтэй гэж зарим нь дүгнэсэн бол нөгөө хэсэг нь үнэхээр лоббины цол өгөгдлөө хэмээж байна.
Нөгөөтэйгүүр шинэхэн Дархан аваргууд барилдааны нэгийн даваанд хэн нь зүүний манлайг тэргүүлэх вэ гэдэг дээр багагүй маргаан дэгдээж, эцэст нь А.Сүхбат зүүнийг манлайлсан билээ.
А.Сүхбатын энэхүү амлагаанаас үүдэж гурвын даваанд барууны манлайг тэргүүлэх байсан Г.Өсөхбаяр энэ удаа алдар цолоо ч дуудуулж чадсангүй. Наадам ийнхүү анхнаасаа хэрүүлээр эхэлж, хэрүүлээр нээлтээ хийсэн болохоор бөхийн барилдаан тэрчигтээ хэрүүл, зодооноор үргэлжилсэн гэж болно.
Аваргууд нь хүртэл нэгэндээ аархаж, баруун, зүүнээ булаацалдаад зогсохгүй, адилхан Дархан аварга цол чимэг авсан нэгнийхээ гуншинг дуудуулахгүй хүртэл нь чирсэн гэж бодохоор бөхчүүдийн ёс жудаг үнэхээр байхгүй болжээ.
Хэдийгээр А.Сүхбат тэргүүтэй зарим хүмүүс “жижиг” аваргын зөв, Г.Өсөхбаярт ёс жудагийн хичээл зааж өглөө хэмээж байгаа ч ихэнхидээ олон “хатан”-тай А.Сүхбатыг наадамчин олон буруутгаж байгаа нь нууц биш.
Түүнчлэн шинэхэн Дархан аварга А.Сүхбат бодлогоор гурвын даваанд Г.Өсөхбаярыг амлаж аван тахимаа өгсөн байж болох талтай. Учир нь олон жил баяр наадмын торгон дэвжээнээ зодоглоогүй А.Сүхбатын тухайд бэлтгэл муу, залуу цагийн хурд хүч нэгэнт харьсан тул тавын даваанд аль нэгэн аймгийн арсланд өвдөг шороодох магадлал өндөр байсан. Хэрвээ тавын даваанд өвдөг шороодох аваас “начны найраа” гэдэг зүйлтэй тэрбээр хүссэн ч хүсээгүй ч нэр холбогдох аюултай байлаа.
Олон жилийн турш барилдаагүй, бэтгэл тааруухан байсан тэрбээр бүр гурвын даваандаа ч унах магадлал өндөр байсан. Үргэлж бэлтгэлтэй байсны дээр уран хурц барилдаанаараа А.Сүхбатаас дутахгүй Г.Өсөхбаяр түүнийг бараг л хаячих байсан нь ойлгомжтой учраас тахимаа өгч, дүүгээ хүндэлсэн царай гаргасан байхыг үгүйсгэхгүй.
Ямартай ч наадмын өмнө Дархан аварга цол хүртэж наадамчин олноо баясгасан А.Сүхбат нэрээ хугалаад амжсан төдийгүй өдий зэрэгт хүргэсэн хадам аав нь ч түүнд дургүй байгаагаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ