Д.Мөнхбаяр: Долоо дахь олимпио хүлээж байна
Ирэх есдүгээр сард буудлагын ДАШТ болно. “Рио-2016” олимпийн эрхийг дөрвөн жил тутам зохиогддог энэ тэмцээнээс олгох юм. Энэхүү тэмцээнд эрчимтэй бэлдтгэж байгаа олимпийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяртай баяр наадмын өдрүүдэд эх орондоо ирж, наадсан юм. Түүнтэй наадмын өмнөхөн уулзаж ярилцсанаа хүргэе.
-Та Монгол түмний цэнгэлийн дээд баяр болсон наадмын босгон дээр эх орондоо ирлээ. Монголд ирэхээсээ өмнө олон том /дэлхийн цомын цуврал/ тэмцээнд оролцож, багагүй ачаалалтай ажилласан байх?
-Би өнөөдрөөс яг сарын өмнө Германы Мюнхен хотноо болсон дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Дараа нь Словений Марибор хотод болсон удаахь тэмцээнд нь хийн гар бууны төрөлд тавдугаар байрт шалгарлаа. Би зургадугаар сарын 23-нд эх орондоо ирсэн. Наадам өнгөрөөгөөд буцна. Энд ирсэн зорилго гэвэл эцэг, эхийнхээ төрж өссөн /Увс, Сэлэнгэ/ нутагт очих явдал. Учир нь ирэх есдүгээр сард олимпийн эрхийн оноо олгох, дөрвөн жилд ганц удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа. Эх нутагтаа ирсэн минь том тэмцээний өмнөх сэргэлт болж чадлаа.
-Та хэдэн жилийн дараа төрийн их наадмаа эх орондоо тэмдэглэж байна вэ?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хамгийн сүүлд ирж тэмдэглэсэн. Тэр үеэр Монгол туургатаны анхдугаар их наадам болж, би урилгаар ирж таарсан. Ер нь бол эх орондоо ирж баяр наадмаа тэмдэглэхийг хүсдэг. Гэвч энэ үеэр тэмцээн, уралдаан давхцдаг учраас тэр бүр боломж гардаггүй юм. Одоо ч гэсэн Бээжингийн Дэлхийн цомын тэмцээн урд хөршид болж байгаа. Германы баг энэ тэмцээнийг өнжиж байгаа болохоор Монголдоо ирэх таатай завшаан тохиолоо. Тиймээс өөрийн багаасаа хэд хоногийн чөлөө аваад эх орондоо түр саатаж байгаа минь энэ.
-Та дэлхийн цомын цуврал дөрвөн тэмцээний хоёрт нь орсон санагдаж байна?
-Буудлагынхан цуврал дөрвөн тэмцээний амжилтын нийлбэрээр шигшээд өрсөлддөг дүрэмтэй. Өнгөрсөн тэмцээнд амжилттай оролцож байж дараагийн шатанд сум тавих эрхтэй гэсэн үг. Тэгээд бидний дөрвөн жил хүсэн хүлээдэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирээд байна. Энэ тэмцээний чанар, чансаа олимпиос дутахааргүй өндөр зэрэглэлд багтдаг. Оролцогчдынхоо тоогоор ч тэр. Дэлхийн аваргын галын шугамд дандаа хатуу самрууд ордог болохоор чангахан давааны өмнө тулаад байгаа хэрэг. Эндээс олимпийн эрхийн оноо олгох тул өрсөлдөөн тэр хэрээр чангарч таарна.
-Мюнхены Дэлхийн цомын медалийн тавцанд элэг нэгт тамирчинтайгаа хамт зогсоход өөрт ямар санагдсан бэ?
-Бээжингийн олимпод алтан медаль авсан бүсгүй 4/1 шигшээд нутаг нэгт тамирчиндаа дийлдээд медалиас мултарсан. Хэрэв Бээжингийн олимпийн аварга Чен Ин хүрэл дээр буусан бол бас л содон тохиолдол гарах байлаа. Түүнийг медаль авчихаасай гэж дотроо битүүхэн горьдсон. Түүнчлэн О.Гүндэгмаа минь алтан медаль аваад төрийнхөө дууллыг эгшиглүүлэхэд надад сайхан мэдрэмж төрсөн. Өөрөө алтан медаль аваад, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн мэт санагдсан. Энэ бол тамирчин хүний хувьд онцгой тохиолдол юм даа. Өөр улсын нэр дээрээс оролцоод медаль автал төрийн дуулал нь эгшиглэхэд хэний ч сэтгэл хөдлөх нь ойлгомжтой биз дээ.
-Та Монголд ирмэгцээ ээжийнхээ төрөлх нутаг Увс аймагт очсон. Тэгээд нутгийн хүндэт иргэн цол тэмдэгээр шагнуулсан байх аа?
-Ээж маань Увс аймгийн Давст сумынх. Тэгээд нутгаасаа гараад 60 гаруй жил болсон. Монголоос Унгар улсад суугаад 30 орчим жил болж байгаа юм. Би Унгараар дайраад ээжтэйгээ хамт Монголд ирсэн. Ээж минь зургаан жилийн өмнө Увс аймгийн Улаангом хотод очсон боловч төрж өссөн Давст сумандаа очиж байгаагүй юм билээ. Энэ олон жилийн дараа ээж минь нутагтаа очоод сэтгэл нь их хөдөлсөн шүү. Олон жилийн тэртээд аавыг минь Давст сумаас эсэргүү хэмээн баривчлаад аваад явчихсан юм. Түүнээс хойш аав минь нутагтаа эргэн ирээгүй. Тухайн үед ээж бид хоёр тун хүнд амьдралыг туулж гарсан даа. Эсэргүүний эхнэр, хүүхэд гэхчлэн элдвээр гоочлуулахад ямар сайн байхав. Тэгээд ээж минь миний овгийг өөрчилж, сургуульд оруулж байсан. Энэ нутагт олон жилийн дараа эргэн ирэхэд нэг талдаа сэтгэлийн дарамттай байсан ч нөгөө талдаа байгалийн гоё сайхан, багийн дурсамж гээд ээжид минь эерэг сэтгэгдэл их төрсөн болов уу. Би бас нагац ахтайгаа хамт ирсэн. Ах минь Увс аймгийн Чандмань сумынх. Тэндээсээ аавынхаа төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуурын дэнжид очиход бэсрэг наадам болж таарсан болохоор ихэд бэлгэшээсэн. Би Увс, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн болсондоо баяртай байгаа. Энэ нь надад болон миний гэр бүлд үзүүлж байгаа хүндлэл, хайр, бас даалгавар гэж ойлгож байгаа. Үүнийг спортын өндөр амжилтаар хариулахыг цаг ямагт хичээх болно.
-Уучлаарай, таны иргэншлийн асуудлаар зарим хэвлэлд янз бүрийн ташаа мэдээлэл гарсан. Үүнд та өөрийн биеэр бодит мэдээлэл өгөөч?
-Манай хэвлэл мэдээллийнхэн чөлөөт хэвлэл рүү шилжээд удаж байгаа боловч үнэн бодит биш, эх сурвалжгүй мэдээллийг нийгэмд цацаж байгаад зарим үед эмзэглэдэг. Ташаа мэдээллийг уншсан хүмүүс янз бүрийн өнцгөөс дүгнэж, миний талаар буруу мэдээлэл авсанд харамсдаг. Миний талаар гагцхүү үнэн бодитой мэдээллийг спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид нийгэмд хүргэдэг. Саяхан миний талаар өдөр тутмын нэгэн сонинд ташаа мэдээ нийтэлсэн байна лээ. Та тэр талаар ярьж байгаа байх. Намайг Германаас яваад өөр орон руу шилжсэн гэсэн байсан. Тэр бол худлаа мэдээлэл. Худал мэдээлэл гаргасан сониныхон хариу залруулсан мэдээлэл гаргасан үгүйг би олж хараагүй. Мөн миний Монголын иргэншлээ сэргээх талаар гаргасан хүсэлтийн талаар янз бүрийн ойлголт, мэдээлэл байх шиг байна. Давхар иргэншилтэй байж болох асуудлыг би тодруулж, лавласан. Үүнд холбогдох байгууллагууд тийм боломж байхгүй гэсэн хариулт өгсөн.
-Тэгэхээр та 2016 оны олимпод Германы нэр дээрээс оролцох уу?
-Тэгнэ. Олон жилийн өмнөх хүнд хэцүү үед би нэгэнт би энэ шийдвэрийг гаргаад Германд амьдрах болсон. Гэхдээ миний сэтгэл хөрж, монголоосоо нүүр буруулсан зүйл огтхон ч байдаггүй юм шүү. Ямар ч тэмцээнд оролцсон, ямар ч улсад очсон намайг Монголын Мөнхбаяр, монгол хүн л гэж ярьдаг. Монголын минь нэр үргэлж хамт байдаг. Германд иргэншсэн, Монголын тамирчин гэж дэлхийн тамирчид ярьдаг. Тийм болохоор би Монгол эх орныхоо нэрийг гаргаж яваа гэж өөртөө даруухнаар бодож явдаг юм.
-Та зургаан олимпод дараалан орсон Монголын анхны тамирчин. Мөн олимпийн анхны хошой медальт гээд дурдвал содон түүх олон бий?
-Би долоо дахь олимпдоо оролцох гээд бэлдэж байна. Монголд төдийгүй Герман улсад долоон олимпод орсон тамирчин ховор.Буудлагын спортын давуу тал нь 40 гарсан хүн олимп, дэлхийн аваргад оролцож, мөн амжилт гаргаж болдогоороо онцлогтой. Тэгээд би өөрийгөө өдий наслахдаа энэ зэргийн амжилт гаргасандаа заримдаа тоох маягтай байгаа. Би Рио де Жанейрод өмнө нь очиж байгаагүй. Тэмцээн уралдаандаа сайн оролцож байгаад хоёр жилийн дараа Риогийн олимпод оролцоно.
-Буудлагын шинэ дүрэм танд нийцэж байгаа юу?
-Дүрмийн өөрчлөлт саяын тэмцээнд надад хохиролтойгоор эргэсэн тал бий. Би өнгөрсөн намар нэгэн тэмцээнд шигшээд хамгийн өндөр оноотойгоор шалгарахад тэрхүү оноо нь финалд хүчингүй болсон. Шинэ дүрмийн өөрчлөлт ингэж л нөлөөлсөн хэрэг. Тэр тэмцээнд арай ядан шалгарсан бага оноотой тамирчин хүрэл медаль авч байгаа юм даа.
-Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу олимп, дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаа үнэлүүлж, мөнгөн урамшууллаа авч чадаж байна уу?
-Тамирчдад олгодог урамшуулал надад ирдэггүй. Гэхдээ би түүнийг заавал өгөх ёстой, өөрийгөө авах ёстой гэж хэлэхгүй. Миний амжилтыг үнэлэх ард түмэн минь байгаа, заавал төрийн хишгийг авах гэж би зүтгэмээргүй байна. Надад ирэх байсан тэр урамшуулал хэн нэг ахмадуудад тэтгэвэрийн мөнгөнд нь нэмэр болоод очиж байгаа шүү дээ.
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ