Шаргал үстийн дурлал

Найруулагч: Милош Форман
Зохиолч: Милош Форман, Ярослав Папоушек, Иван Пассер
Зураглаач: Мирослав Ондржичек
Төрөл: Уянгын эмгэнэлт
Орон: Чехословак
Он 1965

1997 онд киноны сургуулийн II дамжааны оюутан байхдаа “Дэлхийн кино урлагийн түүх” хичээлийн хөтөлбөрийн дагуу алдартай кинонуудыг үздэг байж билээ.
Ингээд нэг өдөр үзэх киноны хуваариа хартал “Шаргал үстийн дурлал”, найруулагч Милош Форман, Том танхимд гэсэн зарыг үзээд Форман ийм кинотой юм байх даа гэсээр сонирхол ч нэлээн хөдөлж, үзэхээр яваад орчихов оо. Манай сургуулийн кино үзэх танхим хэн хүнд нээлттэй байдаг болохоор дүрслэхийн, архитекторын, философийн гээд өөр факультетын оюутнууд байнга ирж кино үздэгсэн. Тиймээс эртхэн орж суудал эзлэхгүй бол шалан дээр л сууна гэсэн үг. Жаахан хоцорсон болохоор харанхуйд тэмтэрч гэлдэрсээр эхний эгнээний сандлуудын өмнөх газарт баттай зай эзэлж авав. Юуны түрүүнд гол дүрд нь Монголын телевиз үзэгчдийн сайн танил болсон “Нисдэг Честмир”-ын аавын дүрийг бүтээсэн Чехийн гайхамшигт жүжигчин Владимир Пухольт тоглож байгааг харлаа. Кино надад маш их таалагдав.

Магадгүй, тэрхүү 1965 оны Чехийн аж байдал манай орныхтой зарим зүйлээрээ ойр байсан учир тэр болов уу. Ямар ч л байсан миний хувьд агуу найруулагчийн хожим Холливудад бүтээсэн кинонуудыг бодвол арай дотно, арай дулаахан, арай илүү өөриймсөг санагдсан.
Прага хотын бэлтгэл цэргүүд буюу нас хэвийсэн эрчүүд хязгаарын жижигхэн хотод хээрийн сургууль хийхээр ирнэ. Сургуулилт дуусч, явах цаг дөхөхөд уйдсан цэргүүд зугаа болгож оройн үдэшлэг дээр танилцсан бүсгүйгээ од тоолуулж дөнгөх эсэх дээрээ маргалдаж, мөрий тавьцгаана. Энэ нь тийм ч хэцүү зүйл бас биш юм. Учир нь, энэхүү хотод нэг эр хүнд 16 эмэгтэй ногддог статистикийн судалгаа бий. Цэргүүд ч мөрийгөө алдахгүйн тулд оёдлын үйлдвэрийн охидын клубт очиж, нөгөө эр хүний алдарт 13 мэхийг угсруулан хийж, ам гэж араатан болохоо харуулна.
За, ингээд төгөлдөр хуурч Милда өөрийн идэш болох Андула бүсгүйн чихэнд жинхэнэ утгаараа “цэцэг” ургуулж байгаад “од тоолуулна” даа. Маргааш нь тэрбээр буцах тул бүсгүйг нэг сайн үнсэж аваад Прага хот руугаа буцна. Гэхдээ тэр нэг л юмыг тооцоолсонгүй. Хөнжил дотор янагийн халуунд шатаж байхдаа хамаагүй урсгасан дотно халуун амлалтууд нь бүсгүйн сэтгэлд хүрч, Андула бүсгүй түүний араас Прага хотод ирээдүйн хадмуудтайгаа танилцахаар ирнэ. Эхэн үедээ энэ киног үзсэн хүмүүст найруулагчийн арга барил нь дэндүү гэнэн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол Форман шүү дээ!!! Зориудаар сонгосон арга барилд нь бүү хуурт.

Мэргэжлийн бус жүжигчдийн камерын өмнө “эвсэлгүйтэж” байгаа нь, тэнэг юм үүсч байгаа байдлуудыг сайтар хараад байвал найруулагч энэхүү донгиодуу баатрууддаа хичнээн их хайртайг илчилнэ. Гагцхүү сайн анзаар!!! Цагтаа Чехийн киноны “шинэ урсгалын” туг баригч нь хэмээгдэж байсан Форман хожим Холливудад кино бүтээхдээ ч энэхүү арга барилаасаа салаагүй юм. Түүний бүхнийг алмайруулсан “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” кино үүнийг бэлхнээ батална. Шал худлаа тунхагийг амьдралын зорилго болгож, хуурамч инээд, араар тавилт, матаасын дунд амьдарч байсан тэр үеийн хүмүүс ийм байсан гэдгийг шинэ үеийнхэн даанч мэдэхгүй л дээ. Тэр үеийн сэтгэлд хоногшсон гээд байгаа кинонуудыг дахин дахин үзэж байхад Форман аргагүй л агуу юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх болно. Учир нь, тэр л анхлан тэрхүү амьдралыг социалист реализмын бус харин ч бүр эмгэнэлт инээдмийн хэлбэрээр харуулсан билээ. Үүнд нь дахин дахин баяр хүргэхээс өөр арга үгүй ээ.

Бас нэг чухал зүйл гэвэл Монголын үзэгчид тухайн үедээ Герман, Польш, Унгар, Болгарын зарим кинонууд дээр гардаг бяцхан эротик хэсгүүдийг үзчихээд бүтэн долоо хоног догдлон байж шивнэлдэх сэдэвтэй болдогсон. Өрөвдмөөр ч юм даа. Нэг талаасаа зүгээр ч юм шиг. Юмны бага нь амттай гэдэг шүү дээ.
Энэ кинонд харин эротик хэсгүүд нь дэндүү гэмээр зоригтой гарна. Үүнээс болоод манайд гаргаагүй ч юм бил үү, хэн мэдлээ. Ямар ч байсан үзэгч танд Чехийн “шинэ урсгалын” нэг дөмөг бүтээл болох агуу найруулагч Милош Форманы 1965 онд бүтээсэн “ШАРГАЛ ҮСТИЙН ДУРЛАЛ” киног танилцуулахад сэтгэл хангалуун байгаагаа нуух юун.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин