1 тэрбумаар хийгдсэн ч ард түмний сэтгэлд нийцээгүй наадмын нээлтийн тухай 24 баримт
Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын нээлтийн сонин хачин амнаас ам дамжин яригдсаар байна. 24 tsag.mn энэ жилийн наадмын нээлтийн сонин хачинг Та бүхэндээ хүргэж байна.
1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж үг хэлэхдээ “Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа” хэмээн онцлов.
2.Наадмын нээлтийн арга хэмжээнд 6000 орчим хүн оролцов. Урьд өмнөх наадмын нээлтэд ийм олон хүн оролцож байгаагүй гэж эх сурвалж тайлбарлав.
3.Наадмын нээлтэд Чингис хааны төрийн дуулал байсан “Эртний сайхан” хэмээх уртын дууг дуулав. Уг дууг 1930 оноос эхлэн сэргээж дуулах болсон гэнэ.
4.“Хонхны дуу” шүүмжлэл дагуулав. Уг дууг наадмын нээлтэд дуулсан цахим ертөнцөд олон хүмүүс шүүмжлэв. Наадамчин олон ч таатай хандсангүй. Учир нь хувьсгал, бослого, тэмцэлд уриалсан дууг найр наадам, эв нэгдлийн үеэр дуулсан нь билэггүй зүйл гэж хэлэх хүмүүс олон таарав. Найранд хип хоп дуулахтай адил юм боллоо гэж ард түмэн дургүйцэв.
5.Наадмын нээлтийн ажиллагаанд ерөөл, магтаалын эгшиглэн бие биелэгээ, орчин үеийн бүжиг зэрэг урлагийн олон үзүүлбэрийг харуулав. Харамсалтай нь бүжигчдийн хөдөлгөөн олон удаа зөрьж бэлтгэл муу хийгдсэнийг илтгэв.
6.Энхийн сахиулж яваа цэрэг эрс дүрэмт хувцастайгаа биелэгээ, бүжиг хийснийг олон нийт шүүмжлэв. Ард түмэн тэднийг энхийг сахиулагч гэж харж хүндэлдэг болохоос биш эмэгтэйчүүдийн хийдэг бүжгийг цэрэг хувцастай хийх нь утгагүй байлаа гэж дүгнэв.
7.Наадмын нээлтэд оролцогчид “Хүннү” гэсэн бичиг болон зогсов. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа юм. Тийм учраас Монголчуудын төрт их ёсны түүх хоёр мянганаар хэмжигдэнэ, дэлхийн анхны төрт улс гэсэн огшим сайхан үгс цуурайтсаар байв.
8.Ардын хувьсгалын 93 жилийг онцлов. Ардын хувьсгалын асар том гал улаан тугийг ард түмний өмнө олон хүмүүс барьж жагсав. Ардын хувьсгал, гал улаан туг, ардын цэрэг гуравыг салгаж ойлгохын аргагүйг энэ жилийн наадам ч дахин нэг ойлгуулав.
9.Наадмын нээлтэд буруу төрийн далбаа ашигласан. Загас нь буруу эргэсэн байсан, төрийн далбаан дээр өөр зүйл дүрсэлсэн гэх мэт шүүмжлэл тасарсангүй. Үндэснийхээ жилдээ ганц хийдэг наадмаар “Төрийн далбааны тухай хууль”-иа зөрчиж буруу далбаа ашигласан бол зохион байгуулагчид хуулийн дагуу харицлага хүлээх ёстой болов.
10.Наадмыг жуулчдад зориулж англиар тайлбарласан нь зөв байв. Өмнө жуулчдад зориулж орчуулагч нь ажилладаг байсан юм. Харин хэдэн жуулчин наадам үзсэн тоо тодорхой гарсангүй.
11.Наадмын нээлтэд “Монголдоо бүтээцгээе” гэсэн Засгийн газрын бодлогыг харуулахыг хичээв.
12.Төв цэнгэлдэхийн тайзыг босоо Монгол бичигээр хийсэн нь анхаарал татав.
13.Энэ жилийн наадамд 2 дархан аварга, 3 аварга, 9 арслан, 5 гарьд, 12 заан, 20 харцага, 53 начин цолтон зодоглохоор бүртгүүлсэн байна. Мөн аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59 улсын цолны төлөө зодоглов.
14.Энэ жилийн наадмын зардлыг 2.2 тэрбум төгрөгөөр баталсан. Үүний 1 тэрбум орчимыг наадмын нээлтэд зориулна гэж төсөвлөсөн. Ийм их мөнгөөр хийсэн нээлтийг өмнөх жилүүдийнхээс сайнгүй болсон олон түмэн сэтгэл дундуур хүлээн авлаа.
15.Харин Монголын үндэсний тэлевизийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр “Сүүлийн хоёр жилийн наадмын нээлт их утга төгөлдөр боллоо” гэж зарласан.Монголын үндэсний телевизээр зарласан түүний энэ улс төржсөн үгэнд олон нийт дүгнэлт хийнэ биз.
16.Наадмын нээлтийг тааруу найруулсан гэсэн үнэлгээг авсан Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам түүхэн онцлогуудыг харуулсан элементийг ихэд ашигласан. Энэ талаараа “Чингис хаанд тоглосны буянаар түүхэн сэдэвүүдийг нилээд судалсан нь тус боллоо” хэмээн ярив.
17.Гурван үеэрээ азаргаа түрүүлүүлж түүхэн амжилт тогтоов. Өнгөрсөн зуунд М.Данзанням гуай алдарт азаргаа түрүүлүүлж байсан бол хүү Д.Даваахүү нь бас хүрэн азаргаа торгон жолоо болгосон юм. Өчигдөр Д.Даваахүүгийн төрсөн хүү Д.Баянбатын хонгор азрага улсын наадамд түрүүлэв. Ингэж өвөө, аав, хүү 3 гурван үеэрээ улсын наадамд азаргаа түрүүлүүлсэн анхны тохиолдол болж бүртгэгдсэн нь энэ наадмын сонин байлаа.
18.Наадмын нээлтийн хуушуур 800 эхэлж 2000 төгрөг болтлоо өсөв.
19.Хүй долоон худагийн 00 уржигдар 200 төгрөгөөр үйлчилж байсан бол өчигдөр наадмын нээлтийн үеэр 300 төгрөг болж нэмэгдсэн байв.
20.Наадмын нээлтэд дуулсан “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа дарга нарын өмнөхөн мориноосоо унав. Монголчууд мориноосоо унах нь билэггүй зүйл гэсэн яриа наадамчдын ам дамжин яригдаж эхлэв.
21.Наадмын нээлтийн үеэр төв цэнгэлдэх, хүй 7 худагт тог тасрах явдал их байв. Энэ нь үйлчилгээнийхэн, хуушуур хийгчдийн бухимдлыг багагүй төрүүлэв.
22.“Нэг чихэр-Нэг хог” гэсэн уриатай залуус ажиллаж хогийг чихэрээр сольсон нь хүмүүст ихээхэн таалагдав.
23.Төрийн түшээд билэгдэл болгож сум харавдаг. Харамсалтай нь сумнууд оноогүй гэж хэвлэлүүд мэдээлэв.
24.Ирэх жилийн наадмын нээлтийг Д.Сосорбарамаар найруулуулж болохгүй гэсэн яриаг олон нийт гаргав. Н.Жанцанноровоор эсвэл шинэ үеийн чадварлаг найруулагч залуучуудаар хийлгэх хэрэгтэй гэсэн хүмүүс олон тааралдав. Тиймээс энэ жилийн наадмын нээлт ирэх жил хүртэл шүүмжлэл дагуулсаар байж мэдэхээр болов.
24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ