Хотын захиргаа наадмын тасалбараар бизнес хийж байгаа юу?
Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш нээлтээ хийнэ.
Төрийнхөө наадмаас адис авч төв цэнгэлдэхээ тойрдог уламжлалтай ард түмний хувьд наадмын нээлтийг үзнэ гэдэг тун хэцүүхэн болжээ. Тодруулбал жил жилийн баяр наадмаар тасалбар авахыг хүссэн иргэд хонон өнжин дугаарладаг ч азтай нэг нь л амжиж авдаг байдал энэ жил дахин давтагдлаа.
Энэ жил тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассуудад 15.000, 20.000, 24.000 гэсэн гурван төрлийн үнэтэйгээр борлуулжээ. Гэтэл энэ сарын 4-нөөс худалдаанд гарсан тасалбар ердөө хоёр хоногийн дотор л шаганд орсон юм. Шагчид лболсон хойно үнийг нь 2-3 дахин нэмж 40-80 мянган төгрөгөөр зараад эхэлсэн. Ердийн үнээр нь худалдаж авъя гэхэд наанадаж хоёр хоног нойр хоолоо хасан дугаарлах шаардлагатай.
Наадам үзэх гэсэн эгэл жирийн ард түмэн жил бүр ийм л зовлон бэрхшээлийг даван туулж байна. Үүнийг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Нийслэлийн удирдлагууд мэддэг хирнээ өнөөдрийг хүртэл юу ч хийж байсангүй. Манайхан ч бор зүрхээрээ юм хойно аз болвол дугаарлаад, аягүйдвэл шаглаад авчихна. Энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг ёстой чөтгөр бүү мэд.
Нөгөө талаас наадмын тасалбарыг дагасан янз бүрийн бизнес байна уу гэсэн хардлага байгаа юм. Өнөө жил УИХ-ын гишүүн болон сайд нарт 2 ширхэг тасалбар худалджээ. Ингэхээр 76 гишүүн дээр давхар дээлгүй хоёр сайд нэмэгдэж 78 хүн ямар нэгэн оочер дугааргүйгээр наадмын хоёр ширхэг тасалбартай болсон гэсэн үг.
Төв цэнгэлдэх хүрээлэн нийтдээ 15 мянган хүний багтаамжтай. Наадмын хоёр өдрийн тасалбар байдаг гэхээр 30 орчим мянган тасалбар болно. Үүнээс 156 ширхэг нь дээр өгүүлсэнчлэн төрийн түшээдэд борлогдсон бол үлдсэн тасалбарууд хаачив гэсэн асуулт урган гарна.
Хонон өнжин дугаарласан иргэд бүгдийг нь авсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Учир нь тасалбар худалдсан хоёр кассыг өдөртөө 800 ширхэгийг л нь борлуулж байгаа тухай мэдээлж байсан. Тэгэхээр бүх тасалбар иргэдэд очоогүй нь ойлгомжтой. Иймэрхүү тодорхойгүй болон эргэлзээтэй байдлууд нэг л асуултад хөтлөөд байгаа юм. Тэр нь "Хотын захиргаа наадмын тасалбараар бизнес хийгээд байгаа юм биш биз?"
24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ