Өнгөрсөн жил том ам гарсан улсын заан М.Өсөхбаяр “Өнөө жил би гурваас илүү давахгүй” гэж үглэж яваа нь гайхалтай

Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын заан М.Өсөхбаяр өнгөрсөн жилийн наадмаас нэлээд хэд хоногийн өмнө “Би өнөө жилийн наадамд торохгүй түрүүлнэ” хэмээн сонин хэвлэлээр мэдэгдэж, үе тэнгийнхээ бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж байв. Бүрэгхангайн бүдүүн гуягт гэж нэршсэн тэрбээр үнэхээр өнгө зүстэй, түрүүлбэл түрүүлчихээр иртэй одтой байсан билээ. Эрх чөлөө тусгаар тогтнолоо мандуулсны ойн чансаа өндөр 128 бөхийн барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлж нутаг нэгтнээ баясгаж байсан гээд амжилт арвинтай байсан юм. Гэвч тэр том амандаа хүрч чадалгүй наадмын дөрвийн даваанд унаж, “Мань эр ихээхэн салхитай барилддаг, толгой нь хоёр тийшээ ганхан найгалзаад эхэлбэл торгоох хүчтэн Халхын хавтгайд байхгүй” гэх мэтээр ярьж итгэл хүлээлгэн харж суусан олны сэтгэлийг гонсойлгож байлаа. Түүнийг ингэж өвдөг шороодох үед ахмад настнууд “Энэ хүү амнаасаа болж уналаа даа. Бөхчүүд наадмаас өмнө том ам гарч олны хэл аманд өртөхөөс ихэд цээрлэн хүнтэй дуугарах ч дургүй байдаг юм” хэмээн толгой сэгсэрцгээж байсан юм. Бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрч тээглэдэг гэдгийг биеэрээ мэдэрсэн болоод ч тэрүү, аль эсвэл хэтэрхий том ам гарсны хар гай гэх олны шүүмжлэл зэмлэлийг хүндээр тусгаж авсан ч юм уу М.Өсөхбаяр түүнээс хойш хар, цагаан хэл амнаас ихэд айх болсон хэмээн ойрын хүрээнийхэн нь ярьж байсан юм. Тэгвэл түүний зүрх нэг мөсөн үхсэн шинжтэй өнөө жил наадмын бэлтгэлд гарахдаа “Энэ жилийн наадмаар би гурваас илүү давж чадахгүй байх өө” хэмээн уруу доройхон үглэж явсан аж. Өнгөрсөн жил том ам гараад, амандаа хүрч чадалгүй доогуур даваанд өвдөг шороодсон Өсөхбаяр энэ жил дотроо шатаж яваа ч нэрэлхсэндээ ингэж ярьж яваа байж мэдэх л юм.

Б.Мөсөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин