Нууцыг задруулсан захиа буюу аав, ээж хоёр “анх эхэлсэн” түүх

Энэ захиануудыг анх олоход би дөнгөж 7 настай байсан. Олон жилийн турш хадгалж ирсэн гэмээр үнгэгдсэн шар цааснуудыг ээлж дараалан хараад ямартай ч ээж аав хоёрын маань залуугийнх нь захианууд болохыг мэдсэн юм. Уншиж чаддаг ч ухаан суугаагүй байсан болохоор доторх утга уянгыг нь ч нэг их ойлгосонгүй тэгсгээд буцаагаад хийчихэж билээ.

Бичиг баримтны савыг уудалж байгаад өнөөх “Том хүн”-ий захиаг хоёр дахиа олсон. Эрэгтэй хүнтэй үнсэлцээд үзчихсэн байсан гэхээр 14,15-тай байсан юм уу даа. Эхэлж задлахдаа ойлгоогүй зүйлсээ энэ удаа ухаж байсан ч биеийн минь хаа нэгтээгээс яагаад ч юм халуу шатаж дотор эвгүйцээд болдоггүй. Унших тусам өнөөх гал улам ч хүчтэй асаж намайг бараг л түлэхнүү гэмээр хав халуун болсон тул аргагүйн эрхэнд зогсоосон юм. Ийм “ичүүдэс” хүрмээр нялуун үгтэй захиа гэж байдаг аа гэж бодсон л санагдана. Жаахан байж дээ.

Харин одоо 2014 он. Би та нартай аав ээж хоёрынхоо гэрлэн сууж, амьдрал зохиохоор шийдээд байсан үеийн тэр л нандин захиануудыг хуваалцахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл тэдгээрт агуулагдаж буй хайрын илчийг мэдрүүлмээр байна гэсэн үг. Яагаад намайг ингэж байна вэ гэж үү? Учир нь гэвэл би ч гэсэн хүнд хайртай болж түүнтэйгээ амьдрал зохиохоор дөнгөж шийдээд буй “том хүн”.

Жич: Эдгээр захианууд нь ардчилсан хувьсгал манайд өрнөхөөс өмнөх үеийнх бөгөөд ээж маань тухайн үед Киевт сурдаг оюутан, аав харин Монголд эцэг эх, найман дүүгийнхээ хамт амьдардаг, “ажилгүй” залуу байлаа. Хувь заяаны тохиолоор 14-хөн хоног уулзаж, бие биенээ харснаас өөрөөр холбоо сүлбээгүй атлаа хол байх жилүүдийг даван туулж одоогийн амьдралаа бүтээсэн юм. Тэд тусдаа байхдаа ингэж бичиж байжээ.

Батмөнхөд
Туяагаас

Чамдаа захиа очих өдрийн мэнд хүргэе! Чи минь сайн уу? Намайгаа санаж байна уу?
Чамдаа захиа явуулаад дөнгөж хоёр хонож байна, гэвч дахиад л яримаар, бичмээр юм зөндөө болчихож. Би сайн, хичээлээ овоо нөхөж гүйцэж байна. Бүтэнсайнд, өөрөөр хэлбэл өнөөдөр жижиг Туулын нөхөр Лхагваа, манай Туул бид гурав зах гарсан. Нөгөө тарваган шубээ аваад гарсан юм. Харин би ёстой мангар наймаа хийчихсэн гээд л бодчих. Нөгөө шубийг маань хүн авахгүй болохоор хоёр алтан бөгжөөр сольчихсон гээд л бодчих. Шигтгээгүй, хуучивтар бөгжнүүд. Нэг нь том чамд таарах байх, нөгөөдөх нь надад жоохон томдож байсан. Хоёулаа яахав, үлдээх үү, зарах уу? Би гол нь сезон нь өнгөрнө гэж байх биш гэж бодоод сольчихсон, зарах гэж үзэх үү, хуучин бөгжөөр ч яах юм билээ. Гэвч чи юу гэж бодож байна. Аль эсвэл үзэж байгаад болох уу? Захиандаа бичээрэй.

Сониноос манай общект хулгай их гарч байгаа. Баскаг ирсний маргааш өрөөнд нь түлхүүр тааруулж ороод нэг савхин курткийг нь, ноосон цамцтай нь хулгайлчихсан. Би бас айж л байна.

Чи минь байсан бол юунаас ч айх вэ дээ, хоёулаа юм чинь. Бас бөгжөөр юу гэж солио наймаа хийх вэ дээ. Харж хандах, хэлж зөвлөх хүн ойр үгүй болохоор хэцүү юм.

Мөөгий! Чинийхээ үнсэлж, чинийхээ хайр энхрийллийг би хүсч байна. Зургийг чинь өмнөө тавьчихаад л захиа бичиж сууна. Билгээ, Туул хоёр унтаж байна. Ингээд л ганцаараа чамтайгаа сэтгэлдээ ярьж байна гэсэн үг.

Өнөөдөр найз нь дэлгүүрээс “Мальвина” гэдэг нэртэй ёстой хөөрхөн кукла (хүүхэлдэй) авсан. Аав аа гэж уйлдаг гээд л бодчих. Тэгэхээр чи бид хоёрын хүүхэд байгаа биз дээ. Чамайг хол болохоор дуудаад уйлж байна гэсэн үг. 110 купон гээд зөндөө байдаг болчихсон.
Мөөгий! Найз нь хэд хоногоос зургаа авахуулаад явуулна аа! За юу?
За өөр онц сонин юмгүй. Түр баяртай.
Чамайгаа хайрлан хүндэтгэгч охин чинь.
Захиа бичээрэй. Утасдаарай.
Чамдаа, үүрд итгэж байна. Чи надад хайртай юу?

Туяад
Мөнхөөгөөс чинь

Эртээд би Дүгэржав ахын утсаар чамтай ярьсан юм. Санаж байгаа биз дээ? Бид хоёр цагаан сараар Москва рестораны урд талын байшинд аав ээжтэй цуг очсон нөгөө айл. Ахмад настай хүний дэргэд (яг хажууд ойрхон байгаа юм чинь) хамаагүй чөлөөтэй ярьж чадсангүй. Юун нялуун юм дээ гэж бодох байх гэж санаад би биеэ бариад байлаа. Чи надад утсаар яриад дуусах гэж байхад “Мөнхөө чи надад юм хэлэхгүй юм уу?” гэж асуусан шүү дээ. Тэгэхэд би энхрий дотно үг надаасаа сонсох гэж байгааг чинь шууд л мэдсэн л дээ. Тэгээд яахав, хажууд хүн байгаа юм чинь “санаж байна” гэснээс өөр үг санаа зовоод тэдний дэргэд хэлж чадсангүй. Одоо л захиандаа хэлж авъя. Их санаж байна чамайгаа, би чинь. Бүх биеэр чинь тэврэн таалж, хөөрхөн уруул, юу байгаа дээр чинь таалан үнсье! Бас тэгье!!!

Утсаар ярихад эхлээд би чиний дууг таниагүй шүү. Их өөр сонсогдож байсан. Утас авахдаа би холбооны залгагч хүүхэн байх гэж бодсон чинь харин чи минь байсан. Тэгээд сандрахдаа хэн бэ гэж асуусан байхгүй юу? Чи надаас Оюука дээр очиж байна уу? гэж асуусан шүү дээ. Тийм хэрэггүй юм битгий асууж бай! Аль хэдийн мартагдаад, ганцхан чи минь миний зүрх сэтгэлд орж байраа эзэлсэн шүү дээ. Тэгээд чамайг асуухлаар нь их гайхлаа шүү дээ.

Саяхан чамаас цахилгаан авсны маргааш ээж чинь “Охиноос сураг чимээ байна уу? Санаа зовоод байна, Мөнхөө минь!” гэсээр манайд ирсэн. Ирээд хоёр хонохдоо гандангаар ч бас ороод явсан. Ээж чинь манайхантай хээгүй болсон шүү. Аль хэдийн манай хүн болсон.

Чиний тухай сайн явж хүрснийг сонсоод бид цөм их баярлацгаалаа. Чи минь хоол унд сайн идэж ууж байгаарай. Өрөөнийхөө охинд (Туулд) мэнд дамжуулаарай. Юм хүмээ яаж борлуулснаа захиандаа сайн бичээрэй. Зурагт их үнэтэй юм шиг байна. Өөртөө хувцас хунар авсан нь дээр биз дээ. Тэгээд 4 сард наашаа ирэх юм чинь эдийн засгийн боломжоо сайн судалж наймааны юмтай ирээд зун хоёулаа явахдаа зурагт авахад болох юм. Тэгээд одоо ямар үнэтэй байна, цаашид үнэ нь (зурагтын) нэмэгдэх нь үү? Тэрнээс болж өөрөө аль ашигтайгаар нь шийдээрэй!

За баяртай хайрт минь. Захиа бичээрэй! Чиний Мөнхөө.

Үг үсэг бүр нь зүрхэнд хүрэх хоёр захианаас ээжийнхээ ч, аавынхаа ч аль алиных нь зан чанар, уг шинжийг нь олж харчихаад ямар их инээд хүрсэн гээч? Ээж маань айлын бага болоод ч тэр үү, юм бүхнийг дэргэдэх хүнтэйгээ зөвлөж байж хийх гэдгийг нь, аав болохоор хэнэггүй нь дэндсэн/анхны болзоондоо ээжээр кинонд даалгасан гэж байгаа/ эр хүн гэдгийг нь эндээс амархан мэдэж болно. Ийм л хоёр хүний үр дээ, би!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин