Монгол Улсаас АНУ-д очсон охины амьдралыг онцолжээ
Монгол Улсаас АНУ-д ажиллаж, амьдрахаар очсон гэр бүлийн амьдралыг тэдний охиноор төлөөлүүлж сурвалжилсан мэдээлэл тус улсын иргэдийн анхаарлыг нилээдгүй татах болсон байна. Хэцүү бэрх амьдралд өвдөг сөхрөлгүй явсаар өнөөдөр АНУ-ын томоохон сургуулиудын тэтгэлэгт хамрагдаад буй Монгол Улсын иргэн Т.Энхжин охины талаарAmerican university Radio WAMLI 88.5 (wamu.org) –ын бэлдсэн мэдээлэл, нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Т.ЭНХЖИН-
“Хүн бүрт боломж олддог. Хүний амьдралд юу ч тохиолдож болно” гэсэн яриагаар нэгэн залуу хатагтайтай яриагаа эхлүүлсэн юм. Түүнийг Түвшинзаяагийн Энхжин гэдэг одоо 19 настай. Тэр их дөлгөөхөн зантай үргэлж хүмүүст инээд бэлэглэж явдаг, дотроосоо гэрэл цацруулсан авъяслаг охин. Т.Энхжинг найман настай байхад нь түүний гэр бүл Монгол Улсаас АНУ-д нүүж иржээ. “Би энд ирээд хоёр дахь ангийнхантайгаа танилцсан. Эхний үед жаахан хэцүү байсан ч гэсэн манай ангийн хүүхдүүд, сургуулийн орчин тойрон үнэхээр ер бусын санагдаж байсан. Англи хэл мэддэггүй байсан учраас ангийнхаа хүүхдүүдтэй ойлголцож чаддаггүй. Аав ээжээсээ маш их зүйлийг асуудаг байлаа. Тэд долоо хоногийн долоон өдөр ажиллаж амьдралаа хөл дээр нь босох гэж хичээж байсан. Аав маань Монгол улсад амьдарч байхдаа банкны ажилтан харин ээж минь нягтлан бодогч хийдэг байсан. Харин энд ирээд миний аав ногоо тариалдаг ээж жижиг зоогийн газарт ажилд орсон” гэж ярилаа.
Наймхан настай Т.Энхжин охин багаасаа биеэ даасан гэж хэлэхэд болно. Түүний эцэг эх гэртээ ховорхон үзэгддэг байсан учраас тэр бүгдийг өөрөө хийж сурчээ. “Өдөр хичээлээ тараад гэртээ ирэхэд хэн ч байхгүй заримдаа “аймар” санагддаг байсан. Эцэг эх минь миний өдөр идэх хоолыг бэлдээд тавьчихдаг. Би хичээлээсээ ирээд богино долгионы зууханд хоолоо халааж идчихээд гэрийн даалгавраа хийж тэднийг гэртээ ирэхийг хүлээгээд суудаг байлаа. АНУ-д бага насны хүүхэд хараа хяналтгүй гэртээ ганцаараа байхыг хуулиар зөвшөөрдөггүй учраас эцэг эх минь намайг хөршүүддээ харагдалгүй унтлагын өрөөндөө хичээлээ хийгээрэй бас цонхоор харж болохгүй шүү гэж захидаг байсан” гэж хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцлаа.
-БИ ЭЭЖИЙНХЭЭ ТОМ ОХИН НЬ УЧРААС ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ-
Т.Энхжин Улаан загалмайн клубт элсэж гэр оронгүй хүмүүст сайн дураараа тусалж коллежид орох бэлтгэлээ хангаж байжээ. Гэтэл түүний ээж хөхний хорт хавдар тусч аав нь ажилгүй болсон байна. “Ээжийг маань хөхний хорт хавдартай гэж сувилагчийг хэлэхэд манай гэр бүлийн хэн нь ч даатгал төлөөгүй, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ч мэдэхгүй байсан. Бид маш их цочролд орсон. Манай гэрээс сувилагч гарсны дараа би уйлж эхэлсэн. Гэтэл ээж минь “Эхний шатандаа явж байгаа бол эрүүл болох боломжтой гэсэн, зүгээр дээ охин минь” гэж хэлсэн. Би ээжийнхээ том охин нь учраас түүний төлөө хүчтэй байх ёстой гэж өөртөө амласан. Ээж минь мэс засал ба химийн эмчилгээ хийлгэж бие нь сайжирч байгаа” гэж бидэнд ярилаа.
Т.Энхжин охин бяцхан биедээ баймгүй их ачааг үүрч байсан юм. Тэрбээр хичээл дараа болон амралтын өдрөөр хоёр ажил хийж ээжийнхээ эмчилгээний зардлыг олдог байсан. Англиар маш сайн ярьж чаддаг нь Т.Энхжингийн давуу тал итгэл найдвар болж байжээ. Тэр цагаачлалаар амьдардаг байсан учраас их сургуульд ороход нь бичиг баримтгүй оюутан гээд маш их саад бэрхшээл тулгарсан байна.
Түүний найзууд нь цагаачлалын алба руу захиа бичиж сургуулийнх нь багш нар ч тусалсан аж. Их сургуульд сурах тэтгэлэг авахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж их сургууль, коллеж руу өргөдөл захиж бичиж байжээ. Энэ бүхний үр дүнд Т.Энхжин хэд хэдэн тэтгэлэг хүлээн авсан байна. "Би “Esperanza” тэтгэлэг авсан, Арлингтоны орон нутгийн иргэдийн сан тэтгэлэг авсан. Дэлхий аажмаар илүү тогтвортой эргэж байна. Ээжийн минь бие сайжирч миний аав боржин чулуу суулгадаг компанид ажилд орсон” гэв. Т.Энхжин энэ намраас эхлэн Жеймс Мэдисон их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр суралцана. Тэр хэцүү бүхнийг даван туулсан тэвчээртэй маш ухаалаг охин юм.” гэжээ.
М.АМАРЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ