Э.Балжинням: Коста Рика шөвгийн дөрөвт үлдчихвэл жинхэнэ сенсаци

Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямтай Бразилын хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай ярилцлаа.

- Сайн байна уу? Хоёулаа яриагаа энэ жилийн дэлхийн аваргын онцлогоос эхлье.

-Энэ жилийн ДАШТ миний хувьд онцгой болж байна. ОХУ-ын шигшээ багийн фанат миний хувьд хайртай багаа дэлхийн аваргаар тайлбарлан хүргэх боломж тохиолоо. Энэ дэлхийн аваргыг би найм, есөн сарын туршсэтгэл догдлон хүлээсэн. ДАШТ сайхан үргэлжилж байна.

- Өмнөх дэлхийн аваргуудтай харьцуулахад зохион байгуулагч орон болон шүүгч нар шүүмжлэлд их өртлөө. Энэ талаар?

-Ер нь шүүгч нар шүүмжлэлд өртдөггүй тэмцээн уралдаан гэж бараг байдаггүй юм. Би тэгж л хэлэхээр байна. Эхний хэдэн тоглолтуудад шүүгч нар алдаа гаргалаа гэж байсан. Яахав тиймэрхүү юм байж л байдаг. Хоккей бол шүүгчийн шүүлтийг удаашруулсан бичлэгээс дахиж хараад шийдвэрээ өөрчилж болдог. Хөлбөмбөг бол болдоггүй. Түүгээрээ онцлогтой. Тэгэхээр шүүгч хөлбөмбөгийн үр дүнд гол нөлөөтэй хэвээрээ байгаа. Энэ нь ч үзэгч түмэнд таалагддаг гэж би боддог. Энэ бол байх ч ёстой. Зохион байгуулагч орны хувьд ДАШТ-ийг далимдуулан цалин хөлсөө нэмүүлэх арга хэмжээ авч байсан. Бразилийн Засгийн газар ч цалинг 20 хувь нэм гэвэл 10 хувь нэмээд зохих арга хэмжээ авсан. Бразилын ард түмэн хөлбөмбөгт хайртай. Ид шидтэнүүдийн өлгий нутаг болсон ард түмэн учраас дэлхийн аваргын шүглийн дуу эхлэнгүүт энэ тухай асуудлыг ярихаа больсон. Үүнийг ETV телевиз ч хөндөж яриагүй тул би энэ тухай бараг мартсан байна. Дэлхийн аварга сайхан болж байна. Өөр өнцгөөс хардаг хүмүүс нь юу гэж хэлэхийг би мэдэхгүй юм.

-Том багуудад халгаатай дэлхийн аварга болж байна гэж яриад байгаа?

-Дэлхийн аваргын шөвгийн наймд бүх том багууд үлдэнэ гэж юу байхав. Одоо найман баг үлдчихээд байж байна. Энэ наймаас тав нь үнэхээр том баг. Энэ таваас дөрвийг нь шөвгийн дөрөвт үлдээсэй гэж бодож байна. Хэрэв миний бодож байгаа дөрвөн том баг үлдчихвэл ойрд байгаагүй сайхан дэлхийн аварга болох гэж байна. Испани, Англичууд тэмцээнийг эрт орхисон нь хөлбөмбөг дэлхий даяар даяарчлагдан гадаадын том том лигүүдэд очиж тоглодог болсоноос ур чадвар ерөнхийдөө ойролцоо түвшинд ирж байгааг харуулж байгаа юм.

-Та нэгэнтээ Испанийн ноёрхол уналаа гэж байсан. Испани цаашид ноёрхолоо сэргээх боломж бий юу?

-Байлгүй яахав. Испанийн залуучууд 2012 оны Европын аваргад түрүүлсэн. Гадаадын том багуудад ч олноороо тоглож байна. Тэд дахиад зөндөө олон дэлхийн аваргад түрүүлнэ. Испани дээр бол санаа зовох юм байхгүй.

-Шөвгийн найм эхлэчихлээ. Та аль багийг дэмжиж байна?

- Дэмжихийн хувьд би түрүүн ярьсан дөрвөн багаа бодож байна. Түүнээс түрүүлчихээсэй гэвэл эх орондоо зохиогоод 200 сая хүний уур уцаарыг хүргээд байгаа юм чинь одоо тэр 200 сая хүн амаа Бразил орон баярлуулах хэрэгтэй. Энэ чинь хоёр сая биш 200 сая шүү дээ. Эх орондоо зохиолоо Бразил 12 жилийн өмнө дэлхийн аваргад түрүүлж байсан. Түүнээс хойш нэлээн завсарлачихлаа. Аргентин ч гэсэн. Леониль Месси маань 1986 онд Марадона түрүүлснээс хойш түрүүлсэнгүй. Месси ч түрүүлсэн ялгаа байхгүй. Энэ дөрвөн баг бол дөрвүүлээ миний хайртай баг учир надад тэр энэ гээд байх юм алга.

-Энэ жил төсөөлөөгүй хоёр ч баг шөвгийн наймд үлдлээ. Тэдгээр багууд шигшээд үлдэж чадах болов уу?

-Колумбын хөлбөмбөгчид Европын том том лигүүдэд тоглодог. Тэр нь нөлөөлж байгаа юм байлгүй. Харин Косто Рикагийн хувьд тоглолт болгондоо зөв тактик хэрэглэснийх байх. Гэхдээ шөвгийн найм дээр ирлээ. Косто Рикагийн хувьд одоо болно биз дээ.Би тэгж бодож байна. Косто Рика, Нидерландтай таарсан байгаа. Нидерландын ододуудКосто Рикаг амархан хожихгүй. Гэхдээ сүүлчийн шүглийн дуу дугарахад ямар нэгэн байдлаар Нидерланд хожчихсон байна гэж бодож байна. Косто Рикаг би шөвгийн дөрөвт үлдчихвэл жинхэнэ сенсаци гэж хэлнэ. Түүнээс зүгээр наймд үлдэхийг бол тэгж хэлэхэд хэцүү. Гэхдээ үхлийн хэсгээс гарч ирсэн мундаг баг. Үхлийн хэсэгт хуучны мундаг багуудыг жагсаалаас гаргасан. Юманд бас нэг хүрэх газар, зогсох зогсоол гэж байдаг. Шөвгийн найм тэдний зогсоол байлгүй гэж харж байна.

-Хуучны тоглогчид сайн байгаа. Нөгөө талаас шинэ залуу тоглогчид ч энэ ДАШТ-ийг манлайлж байна?

- Хуучны тоглогчид бол яахав. Бурханаас заяасан ясны тоглогчид гэж байдаг. Ер нь олон жил тоглох чадвар цөөхөн хөлбөмбөгчинд заяадаг. Шинэ залуу тоглогчдоос гэвэл яах аргагүй Колумбын Хамес Родригесыг хэлэхээр байна. Сонин амьдралтай хүү байна билээ. Тэр хүүг сонирхуулж хэлэхэд түүний төрсөн эцэг хөлбөмбөгчин байсан. Гэхдээ тийм ч сайн биш. Эцэг нь Родригесыг ээжтэй нь орхиод явчихсан. Харин хойд эцэг нь түүнийг хөлбөмбөгчин болгосон. Төлбөртэй секц дугуйланд нь явуулж, хөлбөмбөгийн сургуульд хүртэл оруулж өгсөн гэсэн. Намтарыг нь уншаад их сонин сайхан санагдсан. Хамес Родригес дэлхийн аваргын өмнө ч 45 саяар Францын нэгэн багт оччихсон байсан. Бид сайн тоглогчдыг дэлхийн аваргаар харж байж мэддэг бол хөлбөмбөгийн мэргэжилтнүүд аль хэзээний мэдчихсэн байдаг юм байна. Түүнийг мундаг тоглогч болно гэдгийг мэдчихсэн байсан. Ноднин би энэ тоглогчид анхаарал хандуулдаггүй байсан. Энэ жил тэр сайн байна.

- Өөр ямар тоглогчид анхаарал хандуулж байна вэ?

-Би энэ жил Месси, Снайдер, Ван Перси зэрэг сайхан хуучны оддод анхаарлаа хандуулж байгаа. Ер нь тэгээд хоёр жилийн өмнө аваргуудын лигээр од болж байсан тоглогч нарыг би сайн тоглоосой гэж хүсч байна.

- Мессийг багаа чирсээр аварга болгох нь гэсэн яриа байгаа?

- Тийм. Чирэхээс яах юм. Чирэх ёстой юм чинь. Угаасаа хөлбөмбөгт чирж байж дэлхийн аварга болгодог, сайн тоглуулдаг тохиодол байдаг. Ямар огт чирэгддэггүй баг чирэгдээд дэлхийн аварга болох гээд байгаа биш. 1986 онд Марадона Аргентиныг чирээддэлхийн аварга болгосон шүү дээ. Үүнд гайхаад байх юм байхгүй. Би Мессиг нэмж тав зургаан гооль оруулаад мэргэн бууч болоод дэлхийн аварга болоосой сайн тоглоосой гэж бодож байгаа. Ийм тохиолдол хөлбөмбөгт байдаг.

- Дэлхийн аварга бүрт Монголын үзэгч фанатуудад өөрийн эрхгүй манайхан хаана явна гэсэн санаашрал төрдөг байх?

- Монголын хөлбөмбөгийн холбоо Ерөнхийлөгч Ганболд, нарийн бичгийн дарга Ганбат нар олон улсын хөлбөмбөгийн холбооноос олон төсөл авч хэрэгжүүлсэн.Манайх зургаа долоон жилийн өмнөхөө бодвол сайхан хиймэл зүлэгтэй, цэнгэлдэх хүрээлэнтэй, заалны хөлбөмбөгийн ордонтой болчихлоо. Намайг анх хөлбөмбөг тайлбарлаж байхад буюу наймхан жилийн өмнө энэ бүгд байгаагүй. Бид бүтээн байгуулалтын шатандаа явж байна. Энэ дашрамд намайг дэлхийн аваргыг тайлбарлаач гэж урьсан Энхбат захирал болон Ганзул даргатай спортын албаныханд баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Мөн SPS спортын төрөлжсөн сувгийн удирдлагууддаа ажлаас ойлгож чөлөөлж өгсөнд баярлалаа гэж хэлье. Би ажлаа өөрийнхөө хэмжээнд хийгээд явж байна. Үүнээс илүү сайн ажиллаж чадахгүй дээ. Байдаг нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин