Н.Алтанхуяг: 100 хоногт эдийн засаг гял цял болчихгүй
Долоо хоног бүрийн пүрэв гаригт зарлагддаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед төмөр замын асуудал хамгийн ихээр маргаан дагуулж буй. Энэ талаар Ерөнхий сайд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг УИХ 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр баталсан байдаг. Түүнд тусгаснаар манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих учиртай ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км-ыг бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар урагшлуулахын тулд төмөр замын бүтээн байгуулалтад “Чингис” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.доллар зарцуулсан. Монгол Улс ирээдүйд хөрш орнууд руугаа долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой. Үүнээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганцмодны боомт хүртэл төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Уг нь бол Ганцмодны боомт хүртэл тавих төмөр замын асуудал дөрвөн жилийн өмнө шийдэгдсэн, үүнийг тухайн үеийн Зам тээврийн сайд байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга салбарынх нь сайдаар ажиллаж байхдаа бодлогыг батлуулсан. Гэтэл одоогийн Засгийн газар л болж бүтэхгүй, улсаа аюулд оруулж байгаа юм шиг бодлого өргөн мэдүүлсэн мэтээр ойлгуулах нь буруу юм" гэлээ.
Тэрээр мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын Ерөнхий сайдад хаягласан ил захидалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа танилцуулсан юм. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг багцлан хүргэж байна.
-“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн тал нь өнгөрлөө. Үр дүн харагдаж байна уу?
-“100 хоног”-ийн ажлын хүрээнд Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанд учруулж байгаа саад тотгорыг арилгая гэж үзээд, шаардлагатай бүх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн, түүнээс ихэнхи нь батлагдсан. Ер нь 100 хоногийн дотор бүх юм гял цял болчихно гэж бодож болохгүй, гэхдээ нэлээн олон ажил амжуулаад явж байна.
-Хөгжлийн банкинд мөнгө байна уу, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Төв аймгийн авто замыг шинэчлэн засах хүрээнд 17 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн ч одоо хэр нь санхүүжилт нь хийгдэхгүй ажил явахгүй байна гэх юм?
-Хөгжлийн банкинд мөнгө байгаа, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хагас нь бүтээн байгуулалт болоод гарчихсан. Гэхдээ үлдэгдэл нь Хөгжлийн банкин дээр байхгүй ч арилжааны банкууд дээр бий, хүүгээ төлдөг учраас. Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн зургадугаар сарын6-нд Дарханы замыг засъя, Өвөрхангайн замыг засах шаардлагатай гэж үзээд 17.6 орчим тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэр нь гарсан. Ажил нь удахгүй эхэлнэ.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ажил цалгардаад байна уу гэж харагдах боллоо. Гурилын үнийг тогтвортой байлгахын тулд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжиж байгаа, мөн экспортын улаан буудайнд ногдуулах Гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлсөн. Ийм байтал 1 кг гурилын үнэ 1000 төгрөгт хүрлээ?
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хувьд аж ахуйн нэгжүүдтэйгээ нэлээн тулж ажиллаж байгаа. Тийм учраас зориудаар гурилын үнэ өсгөх шалтгаан байхгүй.Улаанбаатар хотын хэмжээнд байгаа том 2-3 үйлдвэртэйгээ ярьж зохицуулах ёстой, үнийн асуудлыг.
-Орон сууцжуулах хүрээнд олгогддог жилийн найман хувийн хүүтэй зээл инфляци өндөр байгаагаас шалтгаал 9.7 хувьд хүрч байна гэх яриа их гарах боллоо. Засгийн газар 8 хувийн зээлийг өсгөх шийдвэр гаргачихсан юм уу. Мөн 8 хувийн зээл олгогдохгүй байна гэх?
-Жилийн 8 хувийн хүүтэй зээл хэвийн олгогдож байгаа, янз бүрийн саад тотгор учраагүй. Инфляци буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаараад найман хувийн зээлийг өсгөлөө гэхэддээд тал нь 9 хувь болно. Тэгэхдээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарна, одоохондоо 9 хувь болгох шаардлага үүсээгүй, 8 хувиар явж байгаа. Ер нь бол инфляци буурвал 8 хувийн зээл 7 хувь болж буурах бололцоо ч бий.
-“Эзэн 100 хөтөлбөр” дээр ажиллаж байгаа хүмүүс ямар цалинтай ажиллаж байна вэ. Хөтөлбөр амжилттай болбол эдгээр хүмүүсийг урамшуулах уу, амжилтгүй болбол хариуцлага тооцох уу?
-Эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор “Эзэн-100” арга хэмжээний хүрээнд эдийн засгийн зөвлөл гэж байгаа. Түүнд багтсан төлөөллүүдийн хувьд бүгд ажилтай, аж ахуй эрхэлдэг болохоор цалингүй ажилладаг.
-Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газар 888 төслийг санхүүжүүлэхээр зарласан. Энэ хүрээнд зээл олгогдсон уу, олгогдсон бол хэчнээн төсөлд зээл олгогдсон бэ?
-Арилжааны банкуудын шалгуур хангасан төслүүдэд эхнээсээ зээл олгогдож эхэлсэн. 888 төслөөс 20 гаруй төсөлд Хөгжлийн банкны мөнгөн олгогдсон гэсэн мэдээлэл бий, цаашдаатасралтгүй үргэлжилнэ.
-Хууль зүйн сайдыг Г.Сарангэрэл гэх бүсгүйтэй холбоотой тухай их мэдээлэх боллоо. Үүнд Ерөнхий сайд ямар байр суурьтай байна вэ?
-Хууль зүйн сайдын хувьд би юу хэлэх билээ. Их буруу юм явж байна. Зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийдэг,муухай ажлыг зохион байгуулдаг бүлэг хүмүүс бий болсон юм байна гэж харагдаж байгаа. Бусад руу утасдаж, тэр байтугай хариуцлагатай цагдаагийн улсууд нь дарамталж, хүнээр бусдыг гүтгүүлнэ гэдэг манай нийгэмд байж болшгүй зүйл. Зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.
-УИХ-аас төмөр замын асуудлыг хэлэлцсэн ч намрын чуулган хүртэл хойшлууллаа. Хөрш орнуудтайгаа гэрээ хэлэлцээр хийх шаардлагатай гэсэн асуудал хөндөгдөх. Эл асуудал хэзээ эцэслэгдэх вэ?
-Жишээ нь бид нүүрс экспортлоход зөвхөн Хятадад гаргах гэж байгаа юм биш, тус улсын нутгаар дамжуулж БНСУ, Япон ч юм уу далайн эрэг хүртэл явна. Тэгэхээр Хятадын нутгаар тээвэрлэлт хийхэд үнэ тариф ямар байх юм, ямар татвар хураамж өгөх юм, хэдий хэмжээтэй тээвэрлэлт хийх боломжтой юм бэ гэдэг хэлэлцээр хийж байгаа. Ирэх ням гаригт хэлэлцээр дахиад үргэлжлэх учиртай. Гэхдээ удахгүй шийдэгдэнэ.
-Хятадын ерөнхийлөгч ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчилна гэсэн мэдээлэл бий. УИХ-ын хаврын чуулганаас гаргасан төмөр замын бодлогыг хойшлуулах шийдвэр айлчлалднөлөөлөх үү, яах вэ?
-Нөлөөлөхгүй, хэлэлцээр дуусаагүй байсан учраас.
-Өмч хувьчлалыг эрчимжүүлнэ гэж Засгийн газар бодлогоо тодорхойлсон ч хувийн өмч рүү халдах байдлаар төр нь дээрэм хийдэг боллоо гэсэн шүүмжлэл гарах боллоо. “Номин” хөрөнгө гаргаад Их тэнгэрийн хажуу дахь байрыг тохижуулсан байтал яагаад авах гээд байгаа юм бэ?
-Их тэнгэрийн хажууд нэг байшин байдаг. “Номин” компани түүнийг 1 тэрбум гаруй төгрөгөөр засч тохижуулаад, өөрөө түрээслээд түүнээсээ мөнгө аваад явж байгаа юм билээ. Түүнийг нь манай Төрийн тусгай хамгаалалтынхан санхүү тооцоог нь хянаж үзээд Төрийн тусгай хамгаалалтад авч ашиглах боломжтой, гэхдээ “Номин” компанийг хохироолгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэсэн үзсэн.Хүний өмчийг булааж авсан юм байхгүй, гэрээнийхээ дагуу буцаагаад авъя гэж байгаа юм.
-Гэрээний хугацаа нь дуусаагүй, мөн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа нөхөж аваагүй байгаа юм биш үү?
-“Чалько” шиг л юм болж байхгүй юу. Заримдаа төрийн хийсэн гэрээ хүнд байдалд оруулах юм байна шүү дээ.
Г.ДАРЬ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ