Засгийн газрын санхүүд хийсэн аудитын шалгалтаар юу илрэв
Үндэсний аудитын газраас Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд олон албан тушаалтныг суудлаас нь унагааж, заримыг нь шорон руу чирч мэдэхээр байна. Сангийн сайд Ч.Улаан, “Арилжааны банкуудад хуулиас гадуур данс нээсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хуулийн хариуцлага тооцуулах шаардлагатай” гээд УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэлчихсэн байгаа. Ингэж зоригтой хэлсэн шалтгаан нь, Үндэсний аудитын газраас өөрт нь өгсөн албан шаардлага, холбогдох баримттай холбоотой ажээ. Тэгвэл төрийн хэтэвчний бодлогыг хариуцаж буй Ч.Улаан сайдад аудитынхан ямар баримт өгснийг хамтдаа сонирхъё.
Баримтад дурдсанаар бол төсвийн 16 ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 53 байгууллага хууль бусаар арилжааны банкуудад 108 данс нээлгэжээ. Эдгээр дансаар нийтдээ дөрвөн тэрбум 435 сая 300 мянган төгрөгийн гүйлгээ хийж байсан нь илэрчээ. Дансыг нээхдээ ч, гүйлгээ хийхдээ ч Сангийн яамны Төрийн сангийн газраас зөвшөөрөлгүй аваагүй. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг төрийн хяналтгүй зарцуулахыг дарга нар хүсчээ. Төрийн хяналтгүй мөнгө хулгайчийн халаас руу ордог. Олны анхаарал татсан гэмт хэргүүд үүнийг гэрчилнэ. Одоогоор аудит, Сангийн яамныхан төсвөөс гадуур арилжааны банкинд нээсэн 34 дансыг л хааж хүчирчээ. Үлдсэн 74 дансыг хаах шаардлагатай байгаа ч нэр бүхий 53 байгууллага хөдөлж өгөхгүй байгаа юм байна. Иймээс Ч.Улаан сайдад энэ сарын 9-нд албан шаардлага өгсөн байна. Үндэсний аудитын газрын ахлах аудитор Г.Юрагийн гарын үсэгтэй Ч.Улаан сайдад хаягласан албан шаардлагад зарим байгууллага еврогоор, ам.доллараар гүйлгээ хийснийг ч баримтжуулжээ. Сүүлд тогтоосноор төсвийн мөнгийг байршуулсан 74 дансанд нийтдээ хоёр тэрбум 561 сая 973.6 мянган төгрөг байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ