Л.Болд сайд том сургамж авлаа
Шинэ сайд ирэх болгонд халаа сэлгээ хийгддэг бичигдээгүй хууль төрд хэрэгжээд удаж байгаа. Учир нь сайд бүхэн өөрийнхөө багийг бүрдүүлж, амлалтаа биелүүлэх, салбарын ажлаа урагшлуулах гэж хичээдэг. Нөгөө талаар намын нөхөд, танил талаараа яам, тамгын газрыг дүүргэдэг жишээ ч цөөнгүй.
Гэхдээ энэ бүх халаа сэлгээнээс ангид байдаг салбар бол Монгол Улсын гадаад харилцааны салбар. Энэ салбар бол элдвийн улстөржилт, авлига хүнд суртлаас ангид хариуцлагатай байхыг сайдаасаа эхлээд жирийн ажилчин хүртэлх бүх үе шатанд шаарддаг амаргүй алба.
Улс орны нүүр царайг тахлах гадаад харилцааны салбарт хүнд суртал, авлига, элдэв тендерийн наймаа, хөрөнгө мөнгө идсэн асуудал яагаад ч гарч болохгүй юм. Байх ч боломжгүй. Тиймээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд Гадаад харилцааны сайд Л.Болдын тэргүүлсэн яамны үйл ажиллагаанд ийм алдаа дутагдал гараагүй. Гэтэл ойрноос Гадаад харилцааны яамны талаар таагүй мэдээлэл чих дэлсэх болов. Салбарын сайд нь гадаад томилолтоо хэтрүүлсэн, яамны ажилтан буюу Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Сүхболд тендерийн асуудалд холбогдсон, сайдынхаа бодлого үйл ажиллагааны эсрэг ажилласан, Гадаад харилцааны яам АТГ-ын шалгалтад бүдэрч шударга ил тод байдлын үнэлгээнд хамгийн доогуур үнэлгээ авсан талаар таагүй мэдээлэл нэгэн зэрэг гарч эхэллээ. Л.Болд сайдын хувьд халаа сэлгээг урьтал болгохгүйгээр дипломат албаны мэргэшсэн залуустай гар нийлэн ажиллана гэдгээ хэлж байсан юм. Тэдэнд итгэл үзүүлсэн хэрэг. Гэтэл тэр итгэлийг нь ТЗУГ- ын дарга С.Сүхболд даагаагүй бололтой. Төрийн захиргааны удирдлагын газар нь боловсон хүчний нөөц бүрдүүлэх, гадаад дотоодод томилох, бүх шатны сургалтад хамруулах, хөрөнгө, санхүүгийн шийдвэр гаргах, тендер шалгаруулах зэрэг олон асуудлыг хэрэгжүүлдэг нэлээд өндөр үүрэг хариуцлагатай газар билээ. Ийм газрын даргаар мэдээж нэр цэвэр, аливаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хүн ажиллах ёстой ч С.Сүхболд тэр шаардлагыг хангаагүй төдийгүй, харин ч Засгийн газар, салбар хариуцсан сайдынхааэсрэг ажиллаж байсныг нь баримтаар тодруулж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан хэмээн албаны эх сурвалж ярилаа.
Түүнчлэн, Гадаад харилцааны яамны энэхүү шийдвэрийг эсэргүүцэж дээгүүрээ танил талтай гэдгээ ч ашиглаж байсан гэх. Халагдах өргөдлөө хүлээн авсан даруйдаа гишүүдтэй утсаар ярьж, өөрийгөө өмгөөлүүлж хамгаалуулах талаар ярьж энэ нь намын бүлгийн хурал дээр ч цухас дурьдагдаж гишүүдийн зүгээс түүнийг эргүүлж ажилд нь ав гэсэн шаардлагыг Л.Болд сайдад тавьсан сурагтай. Гэхдээ салбар хариуцсан сайдад хэнтэй хамтарч ажиллах вэ гэдэг эрх мэдэл байгаа учраас хэчнээн дээгүүр танилтай байлаа гээд түүнд боломж олдохгүй нь тодорхой.
Яамны нэр хүндийг унагаж, тендерийн наймааг сонирхож, хуурамч баримт бичиг үйлдэн албажуулж байсан зөрчлийг нь Л.Болд сайд хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ дээрх өмгөөлж хамгаалсан гишүүдэд хэлж, түүний зөрчилтэй баримтуудаас ч цухасхан дурджээ. Түүний зөрчилтэй үйлдлүүд нь Төрийн албаны болон Дипломат албаны тухай, Төсвийн тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөнөөс гадна зарим шийдвэр, үйлдлүүд нь авлигын шинжтэй байгаа гэнэ. Тухайлбал, 2013 оны төсвийн тодотголоор тус яамны зарим хөрөнгө оруулалт хасагдаж хуулиар баталгаажсан байтал С.Сүхболд нь дур мэдэн тендерийн үнэлгээний хороо байгуулан төсөвт байхгүй, худалдан авах ажиллагааны таван багц тендер сонгон шалгаруулсан талаарх мэдээлэл цахим сайтуудаар цацагдаж байна. Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, Хурлын иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах, Тавилга хэрэгсэл нийлүүлэх, Метал илрүүлэх төхөөрөмж нийлүүлж суурилуулах, Мэдээллийн сүлжээний программ хангамж, албан хэрэг хөтлөлтийн программ гэсэн таван багц тендер орж байгаа бөгөөд нийт үнийн дүн нь 400 гаруй сая төгрөг болсон байна. Төсөвт суугаагүй тендерийг дур мэдэн шалгаруулчихаад “яг одоо мөнгө өг” хэмээн Төрийн нарийн бичгийн даргаа шавдуулж суусан том толгой. Төсөв мөнгө байхгүй атал тендер зарласан асуудлаас гадна өмнөх зарлагдсан байсан тендерүүдийг буцааж будлиантуулсан талаархи компаниудын гомдол ч салбар яам дээр иржээ. Үүнээс өмнө 500 гаруй сая төгрөгийн тендер явуулж, online хурал зохион байгуулах тоног төхөөрөмж суурилуулсан нь одоо шаардлага хангахгүй, авах хэцүү, хаяхад ч хэцүү болжээ. Анх тендерийн саналдаа үнэтэй, нэртэй брэндийн тоног төхөөрөмж гэж тусгасан ч начир дээрээ энэ нь худлаа байсан төдийгүй, БХЯ- ны дэд сайдын “TERA ОХ” гэх уг компанийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Гэр бүл, найз нөхдийгөө ажилд томилдог, авдаг бичигдээгүй хуулийг ч мөн яаман дээр хэрэгжүүлсэн гэхээр сайдынхаа итгэлээр ямар хэмжээнд тоглосон бэ гэдэг нь тодорхой.
Гадаад харилцааны томилолт, санхүү аж ахуйн асуудалд салбарын сайд нь шууд оролцох боломжгүй учраас эдгээр чухал асуудлуудыг зангидаж байсан даргынх нь хууль бус үйлдэл яамны нэр хүндэд маш том хар толбо үлдээлээ. С.Сүхболд ГХЯ-ны мэргэжилтнүүдийн гадаадад суух эсэхийг шийдэх, дипломат албаны шалгалт авах, шалгаруулах, Москвагийн Олон улсын харилцааны сургуульд хүн явуулах, ГХЯ-нд шинээр хүн ажилд авах зэрэг салбарын хамгийн чухал асуудлуудыг сайдын
оролцоогүйгээр шийддэг байсан байгаа юм. Тиймдээ ч ажилд шинээр орох, гадаадад томилолт авах зэрэгт үйлчилдэг мөнгөний ханш бий талаар гадуур яригддаг яриа оргүй биш байж магадгүй бололтой.
МАН-ын Засгийн үед хаана, аль оронд Дипломат төлөөлөгчийн газарт орон тоо суларч байгаа бол ил зарладаг, ажилтнууд тэр орон тоонд сонгон шалгаруулалтад оролцох байдлаар шийдэгддэг байжээ. Гэтэл эрхэм дарга С.Сүхболдын үед энэ мэдээллийг хаалттай байлгадаг, тэр бүү хэл сайдад ч танилцуулахгүй өөрөө томилгоог шийдэх болжээ. Ингэхдээ л дээр дурьдсан эхнэрийн дүү, түүний найзыг сонгон шалгаруулалтгүй ажилд томилсон байгаа юм. Гадаад харилцааны дипломат ажилтны зэрэг дэвийг олгох, гадаадад томилогдох, ажил, албан тушаал ахиулах, гадаадад мэргэжил дээшлүүлэх зэргийг түүний даргалж байсан ТЗУГ шийддэг учраас ажилтнуудын хувьд ч түүнд тал засахаас аргагүй байдалд орж байсан зэрэг олон ноцтой, сонирхол татахуйц баримт материалууд Гадаад харилцааны сайдын гарт хүргэгдсэн учраас хариуцлага тооцохоос өөр сонголт үлдээгүй аж. Хатгийг дөнгөж буглаж эхлэхэд нь “шахаж” чадсан нь авууштай үйлдэл боллоо.
Тэрбээр, хууль бус үйлдэл хийж болдог гэдэгт итгэж, энэ үйлдэлдээ амтшиж, үүнээс ч ноцтой зөрчил гаргаж Монгол Улсын гадаад харилцааны салбарт сэв суух асуудал ч үүсч болох байсан гэж дүгнэхэд буруудах зүйлгүй. Гадаад харилцааны салбар нь авлига, мөнгө иддэг уудаг гэж хэлүүлж, бичүүлэх нь яавч сайны үйлдэл биш. Хүний итгэл гэдэг аугаа зүйл. Төрийн ажлаа хийж чаддаг, мэддэг залууст нам улс төр гэж талцалгүйгээр итгэх нь эцэст нь ийм л үр дагаварт хүргэж байна. Тиймээс үнэхээр үнэнчээр ажиллаж, тууштай байж чадахгүй бол халаа сэлгээг хийгээд ч болов өөрийнхөө багийг бүрдүүлэхэд болохгүй гэх газаргүй юм байна. Л.Болд сайдад энэ удаагийн үйлдэл томхон сургамж боллоо. Тиймээс бусад улстөрчид, сайдуудын жишгээр өөрийнхөө багийг бүрдүүлэх тактикийг хэрэгжүүлэх нь зөв юм гэдэг итгэл үнэмшилтэй болсон биз. Гадаад харилцааны яамны хүний нөөц болон санхүү, бичиг хэрэг, нууцын асуудал эрхэлсэн гол нэгж ТЗУГ-ын даргаар өмнө нь Засгийн газрын агентлагийн даргаар ажиллаж байсан улс төрийн туршлагатай Б.Болдбаатарыг томилжээ. С.Сүхболд өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс цааргалсан уу, яасан ямартай ч эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн ажлаа хүлээлгэн өгөхөд оролцоогүй аж.
Б.Ганчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ