Монголыг Солонгосын түүхэн газар нутаг гэж харуулсан ном Солонгост бестселлер болж байна
Монголын тусгаар тогтнолын тухай сэдэв гадаад, дотоодын цахим сайтуудаар ихэд хөндөгдөж байна. Орос өөрийн түүхэн нутаг гэж үздэг Крымийг Украйнаас салган өөрт нэгтгэх үйл явдалтай зэрэгцэн цахим ертөнцөд хэдэн сая хятад залуус Хятадын алдагдсан газар нутгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэдний хэлэлцүүлэгт нэг гол сэдэв нь Монголыг Хятадад эргүүлэн нэгтэх байв.
Крымээс болж Оростой харилцаа муудсан Германы канцлер Ангела Меркель өөрийн зочин Хятадын ерөнхийлөгч Си Жин пинд Их Чин гүрний үеийн нэгэн түүхэн газрын зураг бэлэглэсэн нь Монголын тусгаар тогтнолын талаарх хятадуудын хэлэлцүүлгийг улам хөгжөөжээ.
Одооноос эхлэн хүчирхэг гүрнүүд ийнхүү “түүхэн газрын зураг” харуулж байгаад л тохиролцоо, дэг журмаа зөрчин бусдын газар нутгийг залгидаг жишиг тогтож болзошгүй болов. Үүний сацуу тэд нэг нэгэндээ түүхэн газрын зураг бэлэглэж улс төрийн тоглолт хийх нь.
Энэ цаг үед Өмнөд Солонгос хэмээх шинэ баян улс өөрийн түүхэн газрын зургийг шинээр зурж эхэлжээ. Өмнөд солонгосчууд бол зүүн Азийн жижигхэн хойгийн хоёр хуваагдсан ард түмний нэг. Харин тэдний шинээр бичиж буй түүхийг уншвал, Солонгосын түүхэн газрын зурагт Өмнөд, Хойд Солонгос төдийгүй Төв Ази, Монгол, умардын ой хөвчит Сибирь хүртэл багтжээ.
Дээрх түүхэн газрын зураг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан солонгосын үндсэрхэг үзэлтэн Ки Ён со гэгч хүний бичсэн “Хвандангоги” хэмээх номонд үндэслэсэн ажээ. “Хвандангоги” 1911 онд бичигджээ. Хожим, 1979 онд Ли Ю либ гэдэг хүн энэ номыг дахин хэвлүүлсэн байна. Тэр цагаас хойш Өмнөд Солонгост энэ номонд бичигдсэн түүхийг батлах гэсэн олон тооны санаа, ном, өгүүлэл тасралтгүй гарах болжээ.
“Хвандангоги”-д өгүүлснээр, эртний Хятадын соёл иргэншил үүсэхээс ч өмнө Солонгосын нутагт гурван хүчирхэг төрт улс оршин тогтнож байжээ. Анхных нь Хвангук гүрэн гэнэ. Хвангук гүрэн одоогоос 9000 гаруй жилийн өмнө байгуулагдаж, 3301 жил оршин тогтножээ. “Хвандангоги”-д тулгуурлавал, Хвангук гүрний нутаг дэвсгэр уртаараа 20,000 км, өргөнөөрөө 8,000 км хэмжээтэй гэнэ. Энэ нь Монгол, Оросын Алс Дорнодыг оролцуулаад өнөөгийн олон улс, гүрний газар нутгийг багтаажээ.
Хвангук гүрний дараа Баэдалгук гүрэн байгуулагдаж 1565 жил оршин тогтносон ажээ. Баэдалгук гүрэн мөн л том газар нутагтай байв. Баэдалгук улсын хаан Чиву эртний Хятадын анхны захирагч Фү шитэй дайтаж, 70 гаруй удаа ялалт байгуулжээ. Гэвч Чиву үхсний дараа Баэдалгук зарим газар нутгаа Хятадад алдсан гэнэ. Баэдалгук улсын дараа Гожосеон хэмээх улс (4300 жилийн өмнө) байгуулагдаж, дангун гэгдэх 47 хааны үеийг үзжээ. Гожосеон улсын газар нутаг Солонгосын хойг, Манжуур болон Оросын Алс дорнодын нэлээд хэсгийг багтааж байв. “Хвандангоги”-д өгүүлснээр Хвангук, Баэдалгук, Гожосеон нь агуу их солонгос үндэстний анхны төрт улсууд юм.
Төв, зүүн, зүүн өмнөд Ази, Сибирь, Монголыг багтаасан өргөн уудам газар нутаг бүхий “эртний агуу Солонгос гүрэн” түүхэнд үнэхээр оршин тогтнож байв уу? Гэвч, энэ талаар бичиж тэмдэглэсэн бодит түүхэн сурвалж байдаггүй бөгөөд байх бололцоо ч үгүй.
Үндсэрхэг үзэлт Ки Ён согийн номын гол онцлог гэвэл, энэ нь шинжлэх ухааны баримт, нотолгоо бус, харин үлгэр, домогт суурилжээ. Ер нь аливаа ард түмэн дэлхий ертөнц, хүн хэрхэн үүссэн тухай өөр өөрийн үлгэр, домогтой. Гэхдээ тэдгээр нь нэг зүйлээрээ нийтлэг шинжтэй: ам дамжсан аливаа үлгэр, домог нь хүн төрөлхтний гэнэн үеийн сэтгэлгээний тусгал, хүүрнэл юм. “Хвандангоги”-ийн үлгэр, домог яг ийм шинжтэй. Жишээлбэл, “Хвандангоги”-д Хвангук гүрний үүслийг ингэж бичжээ:тэнгэр бурхан дэлхий ертөнц, цаг хугацаа , мөн Хвангукийг бүтээсэн.
Энэ номын агуулга “креационизм”-ыг санагдуулна. Креационизм нь шинжлэх ухааны эсрэг үзэл, шинжлэх ухааны баримт, нотолгоотой зөрчилдсөн үлгэр, домгийг шинжлэх ухааны өөрийнх нь нэр, томьёог хэрэглэн батлан харуулж, номлон түгээх оролдлого юм. Жишээ нь, манай иргэншил үүсэхээс өмнө агуу соёл иргэншлүүд оршиж байсан, Египтийн пирамидыг харийнхан барьсан, үлэг гүрвэлийн үед хүн амьдарч байсан гэх мэт онолууд креационизмд хамаарна. Үүн лугаа адилаар, одоогоос 10,000 жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед солонгосчуудын өвөг дээдэс өөр хаана ч байхгүй агуу төр улс, соёл иргэншил бүтээсэн гэж “Хвандангоги”-д харуулах ажээ. Мөн энд бүх юмыг Солонгосоос үүсэлтэй болгон харуулах хэнээрхэл ч бий.
Гэвч хачирхалтай нь, сүүлийн үед өмнөд солонгосчууд “Хвандангоги”-д улам ихээр итгэх болсон гэнэ. Тэгвэл, “өнөөгийн солонгосчууд яагаад ийм үлгэр, домогт улайран итгэх болов?”, “хэн үүнийг өдөөж байна вэ?” гэх асуулт гарна. Үүний хариултыг Күнмин их сургуулийн багш, солонгос судлаач А.Ланков өгч байна. Түүний хэлснээр, энэ бол Ази дахь Өмнөд Солонгосын улс төрийн тоглолт, ирээдүйд зориулан түүхээ засах гэсэн оролдлого ажээ.
Өмнөд Солонгост дээрх агуу эзэнт гүрнүүд оршин байсан эсэхийг батлахаар их хэмжээний хөрөнгө хүч гаргаж, эрдэмтэд нь судалгаа хийж байна. Үүний үр дүн ч аль хэдийн гарч эхэлсэн гэнэ. Солонгосын эрдэмтэд Гожосеон улс оршин тогтнож байсан гэдгийг булш малталтаар баталсан гэдгээ зарласан ба одоо Гожосеон улсын түүх дунд суруулийн сурах бичигт албан ёсоор бичигдэх болжээ.
Шинжлэх ухааны судалгаанаас гадна, үндсэрхэг үзэлт өмнөд солонгосчууд тэдэнд агуу үлгэр, домог байх хэрэгтэй хэмээн үзэж байна. Кан Юн жүүн гэгчийн бичсэнээр, ер нь агуу солонгос гүрний түүх үлгэр, домог байх нь тийм ч чухал биш, харин солонгос үндэстний үзэл санаа, бахархалыг өргөх нь л чухал.
Өмнөд солонгосчууд ийнхүү түүхэн газрын зургаа шинээр зурж байна. Өнөөдөр солонгосчууд газрын зураг харуулж байгаад дайлаар мордохгүй юм гэхэд бусдын газар нутгийг 100 жилээр түрээслэн авч чадах болжээ. Олон улсын хэвлэл мэдээллээр, Өмнөд Солонгос нь хуучнаар “Хвангук гүрэн”-ий нутаг, өнөөгийнхөөр Оросын Алс Дорнод, Монголд их хэмжээний газар нутаг түрээслэн авсан хэмээн мэдээлсээр байна. Харин энэ үед Монголд нэг хууль гарах гэж байгаа гэнэ. Энэ улсын парламент Монголын газар нутгийг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид түрээслүүлэх, эзэмшүүлэх хууль батлахаар хэлэлцэж эхэлжээ.
Ш.Лантуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ