ДАШТ-ий хэсгийн тоглолтын онцлох 10 зүйл

Бразил улсад явагдаж буй 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэсгийн тоглолтоо дуусгалаа.

Өмнөх тэмцээнүүдтай харьцуулвал та бидний төсөөлж ч байгаагүй гайхалтай мөчүүдээр хэсгийн тоглолтууд дүүрэн байв. Ингээд уншигчид та бүхэндээ манай СиСпортс сайтын хамт олон 2014 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтоос бодогдсон 10 онцлох зүйлийг дурдаж байна.

10. Англичуудад найдсаар байх уу?

1966 оноос хойших хар цувралаа 2014 онд дуусгаж маш том амжилт үзүүлнэ хэмээн дэлхийн нийт хүлээж суусан Английн шигшээ баг 4 жилийн өмнөх амжилтандаа ч хүрч чадсангүй. 2006 оны ДАШТ-д шөвгийн 8-д хасагдаж байсан, 2010 онд шөвгийн 16-д хасагдсан бол 2014 онд хэсгээсээ ч гарж чадаагүй юм. Ирэх дэлхийн аваргаар тэд яах вэ?

Рой Хожсоны дасгалжуулж Стивен Жеррардын удирдсан залуу Английн шигшээ баг энэ удаад “үхлийн” буюу D хэсэгт багтан хэсгийн сүүл мушгилаа. Эхний тоглолтондоо Италийн шигшээ багт хожигдсоныг өршөөж болох ч дараагийн тоглолтондоо Уругвайд хожигдсоныг уучилж боломгүй. Хамгаалалтын системийн замбараагүй байдал, зохион байгуулалтгүй довтлогоо, залуучуудаа чухал тоглолтонд ашиглаагүй зэрэг маш том алдаануудыг Английн шигшээ баг гаргасаар эцэст нь хэсгээсээ шалгарч чадсангүй. Энэ байдлаараа Английн шигшээ багийн амжилт ахихгүй бол дэлхийд хамгийн том Английн хөлбөмбөгийн холбоо, Премьер лигийн нэр хүнд асуудалд орох нь дамжиггүй. Англичууд ирэх дэлхийн аваргаар яах вэ?

9. 12 тоглолтын дараах тэнцээ

2010 оны ДАШТ нээлтийн тоглолтоосоо эхлээд л тэнцээ авсаар эхний хэсгийн эхний тойрог ялалтгүй өндөрлөж байсан. Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтийн тоглолтоосоо довтлогоотой, олон гоолтой явагдаж F хэсгийн Иран-Нигерийн шигшээ баг тэнцсэнээруг тэмцээний анхных болсон юм.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олон зүйлээрээ онцлог болж байна. Дөнгөж хэсгийн тоглолт л гэхэд мэргэн буучдын жагсаалт 4 гоолтой хэмжигдэж буй нь үүнийг илтгэнэ. Мөн бас нэг том баталгаа нь энэхүү 12 тоглолтын дараах тэнцээ юм. Багуудын хамгаалалт шилдэг байна, довтлогоо тэнцвэртэй байна.

8.Хөлбөмбөгийг талбайд 14 хүн тоглодог

Нэг тоглолтонд нэг багаас 3 сэлгээ хийхийг хөлбөмбөгт зөвшөөрдөг. Харин үүний үр нөлөө уг дэлхийн аваргад тун их эерэг зүйлийг өгч байна. Та бүхэн энэ удаагийн дэлхийн аваргын хэсгийг тоглолтонд сэлгээгээр гарч ирсэн тоглогчид хэдэн гоол оруулсан гэж бодож байна?

Бразилд болж буй уг дэлхийн аваргад нийт 24 гоолыг сэлгээгээр талбайд гарсан тоглогчид оруулжээ. Бельгийн шигшээ баг л гэхэд хэсгийн эхний 2 тоглолтондоо оруулсан 3 гоолыг сэлгээгээр гарч ирсэн тамирчид хийж багаа бахэсгээс гаргахад голлох нөлөөг үзүүлсэн юм. Мөн Нидерландын шигшээ болон Чилийн шигшээ багууд ч сэлгээний тамирчидаа маш сайн ашигласан. Орчин үеийн хөлбөмбөг глобалчлагдаж тамирчдын ур чадвар ч дээшилж сэлгээний тамирчид талбайд гарч үр дүнг эргүүлэх үзэгдэл ихэссэн нь уг дэлхийн аваргын онцлох зүйл болж байна.

7.Марселогийн нээлтийн “гоол”

Энэ мөч яах аргагүй уг дэлхийн аваргын онцлох мөч. Бразилд зохиогдож буй дэлхийн аваргын тэмцээний нээлтийн гоолыг Бразилийн шигшээ багаас оруулна хэмээн дэлхий нийт бодон таамаглаж байсан ч нээлтийн гоол Хорватуудын нэрэнд бичигдсэн юм.

Тоглолт эхлээд удаагүй байхад Ивица Оличийн хөндлөн дамжуулалтыг Марсело хатгаснаар өөрийн хаалгандаа авто гоол оруулж ард түмнээ бага зэрэг сандаргаад амжсан. Хэрвээ уг тоглолт энэ үр дүнгээ хадгалан дууссан болМарсело маш том асуудалд орох байсан нь дамжиггүй. Бразилчууд нээлтийн гоолыг оруулсан, гэхдээ өөрийн хаалгандаа!

Ийн нээлтийн гоолыг өөрийн хаалгандаа оруулсан нь уг дэлхийн аваргын хэсгийн толголтын хамгийн онцлох үйл явдал байлаа, урьд хожид хараагүй зүйл, таамаглаагүй мөчүүдээр дүүрэн Бразил 2014 цаашдаа ч бидэнд санаанд оромгүй олон бэлгийг задлах буй заа.

6. Демпсигийн гайхамшиг

G хэсгийн эхний тойргийн тоглолтонд Америкийн шигшээ багийн тоглогч Клинт Демпси Ганын шигшээ багийн хаалганд тоглолт эхлээд ердөө 30 секунд болоход гоол оруулж тооны харьцааг тэргүүлж эхэлсэн. Энэхүү гоол бол Америкийн шигшээ багийн дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хурдан оруулсан гоолоор тэмдэглэгдэн үлдсэн юм.

Та бид ойрын хугацаанд ийм гайхалтай амжилтын гэрч болж амжаагүй байсан. Иймдээ ч Клинт Демпси тоглолт эхлээд л маш гайхалтай довтлогооныг өрнүүлж одоогийн байдлаар уг дэлхийн аваргын хамгийн хурдан гоолыг хийгээд зогсохгүй Америкийн шигшээ баг хэрхэн чадваржсаныг харуулсан юм.Үнэхээр ч дасгалжуулагч Юрген Клинсман ирсэнээр даруухан бүрэлдэхүүнтэй Америкийн шигшээ гайхамшгийг бүтээгээд байгаа билээ.

5.Франц эргэн ирлээ!

Итали Францын шигшээ багуудыг нэгэн зүй тогтол байнга дагадаг. 1998 оны ДАШТ-д Франц түрүүлсэн бол 2002 онд хэсгээсээ гараагүй, 2006 онд мөнгөн медаль хүртсэн бол 2010 онд хэсгээсээ гараагүй. Энэхүү зүй тогтлыг харахад 2014 оны дэлхийн аварга Францын сэргэн мандалтын жил болох ёстой.

Зүй тогтлын дагуу Францын шигшээ баг Дидье Дешампийн удирдлагад маш гайхалтай тоглолтыг үзүүлж өдгөө хэсгийн тоглолтондоо 2 хожиж 1 тэнцээг аваад байна. Хэсгийн нээлтийн тоглолтондоо Хондурасыг хожсон нь 2006 оны хагас шигшээ тоглолтоос хойших авсан анхны ялалт нь байсан юм. Францын ард түмэн, Францын хөгжөөн дэмжигчид энэ мөчийг 8 жил хүлээжээ. Франц энэ жил жинхэнэ “эргэн ирж” байна. Тэд хэсгээ 7 оноотой итгэл төгс тэргүүлж шөвгийн 16-д Нигерийн шигшээ багтай тоглон дэлхийн аваргаа үргэлжлүүлэх юм.

4. Нидерланд “хариугаа” авав

4 жилийн өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд Испанийн шигшээ баг Нидерландын шигшээ багийг 1-0 харьцаатай хожиж байсан. Харин энэ удаагийн ДАШТ-ний В хэсгийн хүрээнд нээлтийн тоглолт уг 2 багийн хооронд явагдаж Нидерландын шигшээ баг Испанийн шигшээг 5-1 харьцаатай хожин дэлхий нийтийг шооконд оруулсан билээ.

Уг тоглолтонд 4 жилийн өмнө Касильяасын эсрэг олон боломжийг алдаад байсан Арьен Роббен дубль хийж Робин Ван Перси гайхалтай мөргөлтөөр тооны харьцааг тэнцүүлсэн зэрэг таамаглаагүй олон зүйлс тэмдэглэгдэн үлдсэн юм. Магадгүй уг тоглолт дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтуудын нэг болох бөгөөд үеийн үед яригдах гайхалтай түүх болон үлдэх нь дамжиггүй биз.

3.Өмнөд Америкийн сэргэн мандалт

Өмнөд Америк тивд явагддаг дэлхийн аваргын тэмцээнд Европын багууд муу өрсөлдөөнийг үзүүлдэг нь үнэн. Гэхдээ 2014 оны ДАШТ үнэхээр хэний ч санаанд оромгүй үр дүн, тааварлашгүй гоолууд, хэн ч хэсгээс шалгарна хэмээн бодоогүй байсан багуудын сэргэлт нь үнэхээр дэлхий нийтийг шооконд оруулаад байна.

Дэлхийн цомыг хамгаалагч Испанийн шигшээ багийг энэ жил цомын төлөө дахин хүчтэй өрсөлдөнө хэмээн таамаглаж байсан ч Өмнөд Америкийн төлөөлөл Чилийн шигшээ багт 2-0 харьцаатай хожигдож тэмцээнээс хасагдсан. Мөн “үхлийн” гэгдэж буй D хэсэгт багтсан Коста Рикагийн шигшээ баг Уругвайг хожин, Италийг ялж хэсгийн тэргүүн байраар шалгарч шуугиан дэгдээсэн. Колумбын шигшээ 9 оноотой хэсгээ тэргүүлж, Уругвай Англи Италийн ялсанаар хэсгээсээ мөн шалгарсан билээ. Коста Рикагийн шигшээ багийг үхлийн хэсгээс амьд гарна хэмээн нэг ч хүн таамглаагүй байсан, Чилийн шигшээг Нидерланд Испанийн голоор орно гэж хэн ч санаагүй байсан, Колумбын шигшээ багийг Япон Котд’ивуарын шигшээ багуудыг ялна хэмээн хэн ч төсөөлөөгүй байсан. Гэхдээ Өмнөд Америкийн эдгээр багууд үнэхээр гайхамшгийг бүтээж бүгд шөвгийн 16-д шалгарлаа. Мөн Хойд Америкийн бүсэд хамаарагддаг Мексик, Америк, Коста Рикагийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарсан ба Эквадор, Хондурас л хэсгээс шалгарч чадаагүй юм.

2. Алтан үеийн төгсгөл

2008 оноос хойш Европ болон дэлхийн аваргыг дарааллан хүртээд байгаа ба сүүлийн 6 жил “босоо” байсан Испанийн шигшээ багийн эрин үе өндөрлөлөө. Тэд уг дэлхийн аваргад эхний 2 тоглолтондоо ялагдал хүлээснээр дэлхийн аваргаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон ба ихэнх түлхүүр тоглогчид нь шигшээ багаасаа зодог тайлсан юм.

Хаалгач Икер Касильяас, Шаби Алонзо, Давид Вилла, Шави зэрэг тоглогчид ихэнх нь шигшээ багаасаа зодог тайлж шинэ үеийн залуустаа халаагаа өгөх цаг нь болжээ. Үнэхээр эдгээр Испани тоглогчид дэлхийн хөлбөмбөгт арилашгүй гайхалтай түүхийг бүтээсэн ба үеийн үед дуурсагдах гавъяаг байгуулсан билээ. Уг дэлхийн аваргын хэсгийн тоглолтын шатанд Испанийн шигшээ баг ялагдал хүлээснээр алтан үеийн төгсгөл ирж дэлхий нийтийн сэтгэлийг гонсойлгосон. Тэднийг хүндлэхгүй байхын аргагүй!

1.Хэн нь ч фаворит биш!

Дэлхийн аварга бүрээр цом хүртэх магадлалтай фаворитаар дэлхийн шилдэг топ багууд нэрлэгддэг. Харин энэ удаагийн ДАШТ илүү онцлогтой болж байна. Ямар ч сул гэгддэг баг ямар ч хүчтэй багийг хожиж чадаж байна. Коста Рикаг хэн ч хэсгээс шалгарна гэж бодоогүй, Алжирийн шигшээ багийг Солонгос Оросыг хожоод хэсгээс шалгарна гэж бас төсөөлөөгүй. Ийм л учраас өдгөө уг дэлхийн аваргын алтан цомын эзнийг өмнө нь таамаглах боломжгүй болж байгаа юм.

16 баг үлдээд буй өнөө үед ямар ч өрсөлдөгч ямар ч багийг хожих бүрэн боломжтой байна. Чансаа доогуур багтай учраа таарсан хэмээн санаа амарч болохгүй, харин ч сул гэгдэж байсан багууд гайхалтай амжилтыг үзүүлж байгаа билээ. Орчин үеийн хөлбөмбөг илүү шинжлэх ухаан тал руугаа хөгжин аль ч тивийн аль ч баг дэлхийн чансаа өндөр багтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж чадаж байна. Хөлбөмбөг даяаршиж том багуудын арга барил, тактик дэлхий нийтэд түгж сул гэгдэж буй багууд хамгаалалтаа илүү нягт болгожээ. Иймээс ихэнх багууд хэсгийн тойрогт 5 хамгаалагчтай бүрэлдэхүүнийг сонгож арагшаа суусан хамгаалалт, сөрөг довтлогоог эрхэмлэн олон ч топ багуудыг гэрт нь буцаагаад байгаа юм.

Ямартай ч уг дэлхийн аваргад фаворит гээд нэрлэх баг тун цөөн бөгөөд бүгд л ижил түвшний хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх чадвартай топ багууд болжээ. Өдгөө 16 багийн 6баг нь л Европыг төлөөлж буй бөгөөд Азийн төлөөл хэсгээс шалгараагүй нь мөн хачирхалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин