Ч.Алтан-Өлзий: Гармаад хааяа атаархдаг юм

Монголын инээдмийн киноны түүх “Зэрэг нэмэхийн өмнө”-өөс эхлээд “Энэ хүүхнүүд үү”, “Морьтой ч болоосой”, “Өнөр бүл” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон киногоор түүчээлдэг. Хэдийгээр инээдмийн төрлийнх боловч тухайн бүтээлүүдийн кадр бүр нь хэлэх гэсэн санаатай, уярал, ухаарлыг хүмүүст бэлэглэдгээрээ агуу юм. 1980-аад оны ажилчин ангийн амьдрал, залуусын хайр сэтгэлийг “Өнөр бүл” киноноос харж болно. Ямар ч машингүй хотын гудамж, цэвэрхэн зам талбай, монгол залуугийн тусч зан, монгол бүсгүйн цэвэр ичимтгий төрх гээд нэгэн үеийн Монголын түүх “Өнөр бүл”-д бий. Гэнэн зангаасаа болоод өнөр бүлийн эзэн, хоёр ихрийн аав болчихдог Гармааг манай үзэгчид андахгүй. Залуу насных нь гэгээн дурсамж, олны танил болсон эхлэл нь энэ киноноос улбаатай. Гармаа буюу гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийтэй уулзахаар драмын театрыг зорьсон юм. Амьдралынхаа ихэнх хугацааг тэр ягаан байшинд өнгөрүүлсэн ахмад уран бүтээлч маань хэдийгээр нас тогтосон ч нөгөө л 30 гаруй жилийн өмнөх гэнэн, томоогүй Гармаа хэвээрээ байв. Киноныхоо тухай ярихдаа нүд нь сэргэж, бүр зураг авалтын үеийн хөгжилтэй дурсамжаа суудлаасаа босон суун ярих нь хөгжилтэй. Кинонд Гармаа нэг ч удаа тайван суудаггүй, үргэлж хөглөж, инээлгэж явдаг шүү дээ. Тэр дүрийг нь 34 жилийн дараа дахин харахад сайхан байсан юм. Гармаа театраасаа гараад долоон жил болжээ. Харин энэ жилээс эргэн ирж, Б.Мөнхдорж найруулагчийн саяхан тавьсан “Хэрээт тө­гөл” жүжгийн гол дү­рийг бүтээгээд бие нь хөнгөрч, дотор уужир­лаа гэж сэтгэлээ нээ­сэн юм. Тэрээр “Мэргэж­лээсээ удаан хугацаанд холдохоор тайз хүнийг голчихдог юм байна. Э.Оюун багш хэлдэг байж билээ. Нэг л өдөр тайз чамайг эргэж хэзээ ч гарахгүй болтол нь өшиглөчихдөг юм шүү гэж. Тэр үг л орой руу орж байв. Жүжгийн нээлийн үеэр тайзан дээр анх гарч байсан үе шигээ догдолсон” гэлээ. Цааш нь “Гэртээ суусан долоон жилд их юм бодлоо. Эхний жилийг жинхэнэ уйлж өнгөрөөсөн. Олонтойгоо явсан хүн нэг л өдөр ганцаараа болчихоор уйлмаар, орилмоор бол­дог юм билээ. Гэхдээ хүн орчиндоо дасна гэ­дэг муухай юм” гээд инээмсэглэсэн. Ч.Алтан-Өлзий гуай өглөө театрынхаа хаал­гаар ороход бие нь хөнгөрөөд, нисч байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэсэн. Харин ажил тараад гэртээ харих үед хөл нь урагшаа гишгэхгүй, театр­таа хоргоддог гэж хошигносон шүү. Буцаад уран бүтээлдээ орж, театртаа ирсэн бо­лохоор театрын удирд­лага, залуу уран бүтээлчдийнхээ итгэлийг алдахгүйг хичээж буйгаа ч дуулгалаа. Үнэхээр Монголын театрын нэгэн үеийн түүхийг бичилцсэн ахмад жүжигчнээ театрынхан хүндэлдэг юм байна. Хажуугаар нь зөрсөн жүжигчин бүхэн мэндэлж, биеийг нь асууж байсан юм. Бидний яриа ийн үргэлжиллээ.

-Танд Гармаад тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Би 1979 онд “Үүрийн цолмон” кинонд тоглочихсон байлаа. Дөнгөж кино зураг авалтаа дуусгасан намраа Кино нэгтгэл дээр Д.Жигжид гуайтай таардаг юм байна. Намайг өрөөндөө дуудаад “Би орчин үеийн ажилчин ангийн залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх кино хийх гэж байна. 40 гаруй хүн шалгалаа. Нийцэх хүн таарсангүй. Чамайг л пробгүй авъя” гэсэн юм.

Ийнхүү 30 настай идэрхэн залуу Гармаад тоглохоор болжээ. Үнэхээр найруулагчийн гярхай нүд жүжигчнээ буруу сонгоогүйг кино гэрчилдэг. “Өнөр бүл” киног Ардын жүжигчин, монгол киноны “тэргүүн жанжин” Д.Жигжид найруулсан. Авьяаслаг найруулагч адтай жүжигчнээ ямар нүдээр харж, юу бодож сонгосныг хэн ч мэдэхгүй. Гэвч найруулагчийн толгойнд кино эхэлж буудаг гэсэн үг бий. Магадгүй Д.Жигжид гуай киногоо тархиндаа бүтээчихээд, гол дүрээ сэмхэн хайж явахтай нь Ч.Алтан-Өлзий гуай таарсан байх. Түүний яриандаа олон дахин давтсан үг бол “мэргэжлийнх”. Тухайн үеийн уран бүтээлчид бүгд Зөвлөлтөд сургууль дүүргэсэн Орос школьтой нөхдүүд байж. Зургийн багийн гэрэлтүүлэгч нь хүртэл мэргэжлийнх. Чадвартай баг бүрдсэн учир кино одоог хүртэл мөнх настай байгаа юм гэж дугаарын зочин маань хэлсэн юм. Киноны арын албаныхан гэдэг хэдийгээр дүрс нь гардаггүй ч киноны ихэнх ажлыг нугалдаг улс. “Өнөр бүл”-ийн ихэнх хэсгийг тусгай павилонд авчээ. Гэрт, амралтын газар гээд бүхий л үзэгдлийг яг л бодит юм шиг тусгай байр бэлдэж, олон хүний хүч хөдөлмөрийг шингээж авсан юм байна. Киноны зургийн даргаар Чехэд сургууль төгссөн н.Ренчин гэдэг зураач ажиллажээ. Хоёр ихрийн амьдардаг гурван өрөө байрыг хүртэл зураачид өөрсдөө зассан гэнэ. Ч.Алтан-Өлзий гуайгаас анх зохиолоо уншаад Гармааг хэрхэн төсөөлсөн бэ гэж асуухад “Яг үнэндээ зохиолоо уншаад дүрээ төсөөлнө гэхэд хэцүүхэн байж. Бага залуу байсан учир одоогийнх шиг дүр дээр ажиллаж, судалгаа хийхээ ч мэдэхгүй явсан үе. Амьхандаа өөрийгөө нэг кинонд ажилчихсан догь амьтан гэж бодож байлаа. Гэтэл юун мундаг байхав. Нялх байсан юм билээ. Найруулагчийнхаа үгээр л явчихсан” гэв. Эргээд харахад өөрийгөө “Ээ чааваас даа” гэж голох үе ч байдаг гэнэ. Ч.Алтан-Өлзий гуайд Гармаагаас тэс өөр нэг чанар байсан нь хүнд тусархуу зан. Гармаа бол хүний төлөө сэтгэлтэй, хүүхэд шиг гэнэн цагаахан залуу. Харин Ч.Алтан-Өлзий гэдэг хувь хүн дэндүү эрх нэгэн ажээ. Тэрээр өөрийгөө “эрхийн маанаг” гэж тодорхойлсон юм. Гэхдээ өөрийгөө их хувь тавилантай, азтай хүн гэж дүгнэсэн. Тэрээр “Гармаа бол жинхэнэ хүний тухай дүр байж. Хүний төлөө өөрийгөө золиосолж чаддаг, хүн чанартай нэгэн. Би Гармаад хааяа атаарахдаг юм. Одооны энэ нийгэмд Гармаа шиг хүн ховор шүү дээ” гэлээ. Кино зураг авалт арваннэгдүгээр сард эхэлжээ. Гармаагийн амралтанд согтуу орж ирдэг хэсгийн зургийг эхэлж авч. Павилон дахь зургаа гуравдугаар сар хүртэл авчихаад зуны зургаа хүлээсэн байна. Харин зургадугаар сараас амралтын газрын гадаах болон хотын хэсгээ авсан гэнэ.

ЦЭРМААГААС ИЧСЭН НЬ

Киноны хамгийн гол зангилаа, чимэг болсон дүр бол Цэрмаа. Түүний дүрд өнөөгийн гавьяат жүжигчин дуучин Ц.Чулуунцэцэг тоглосон билээ. Дундговь аймгийн тэмээчин бүсгүйг нэгдэлчдийн их хурлын тоглолтод оролцоход нь гярхай найруулагч харсан байдаг. Ц.Чулуунцэцэг гавьяатын орь залуу 18 нас “Өнөр бүл” кинонд мөнхөрчээ. Дүрлэгэр алаг нүдтэй, сэргэлэн бор бүсгүйг анх хараад Ч.Алтан-Өлзий гуай ичиж байсан гэнэ. Гармаа, Цэрмаа хоёр хамгийн сүүлд “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн үеэр уулзжээ. Гармаа нь Цэрмаагийнхаа тухай “Манай Ц.Чулуунцэцэгт нэг сайхан чанар бий. Хэзээ ч зан чанар нь өөрчлөгддөггүй, их хүнлэг бүсгүй. Намайг таван жилийн өмнө ходоодны хорт хавдартай, хоёрхон сарын настай гэсэн юм. Тэр үед Ц.Чулуунцэцэг ТВ9 телевизийн сэтгүүлчтэй ороод ирсэн. Магадгүй хамгийн сүүлийн ярилцлага болох байх гэж бодсон байх. Гэхдээ надад тэгж хэлээгүй ч нүднээс нь харагдаж байсан. Би орноосоо ч босох тэнхэлгүй байсан даа. Цэрмаагаа ороод ирэхэд үнэхээр баярлаж билээ”. Ийнхүү ярихдаа Ч.Алтан-Өлзий гуай уйлж байсан. Гэхдээ түүний нулимс баярынх, хүндлэлийнх байсан юм. Харин нөгөө Гармаад цэргийн чуулгын дуучин н.Жанчив тогложээ. Мөн жүжигчин Б.Цэцэгбалжид, Гармаагийн ээжид Ардын жүжигчин Долгорсүрэн гуай тоглосон юм. Тэрээр ээжийнхээ тухай “Долгорсүрэн гуайтай тоглоход харьцаа өөрийн эрхгүй урсаад, ундраад л байдаг байж билээ. Жүжигчин хүн төрдөг гэж үнэн үг шүү” гэж дурслаа. Кинонд бараг машин явахгүй, цэлгэр зам гардаг. Энэ нь кино багийнханд бэрхшээл болж. Хотын хэсгээр машинтай явдаг хэсгийг авах гэтэл машин явдаггүй гэнэ. Тэр үед Д.Жигжид гуай Замын цагдаагийн газар очоод төв шуудангийн замын хөдөлгөөнийг 15 минут хаах зөвшөөрөл гуйжээ. Цагдаа дугуй төмөр дээрээ зогсоод 15 минут хөдөлгөөн хааж байгаад олон машинтай болохоор явуулсан гэнэ. Гэхдээ л их боллоо гэхэд 10 гаруй машин явж харагддаг. Энэ бол Улаанбаатарын сонин, содон зураглалын нэг юм.

-Киноны хамгийн гол хэсгийн нэг нь таны Цэрмааг үнсдэг хэсэг шүү дээ. Тэр зургийг авахуулахад ичиж байв уу?

-Хамгийн хэцүү, хөлс гаргаж авсан хэсэг шүү. Д.Жигжид гуай үнс гээд байдаг. Би яах юм бэ гээд ичээд байдаг. Тэгээд үнсэхээр л ингэж үнсдэг юм уу гээд загнана. Амралтынхан ирээд шавчихсан. Олон хүний хажууд хүүхэн үнсэнэ гэхээс л нүүр улайгаад болдоггүй.

Монгол кино гэдэг ийм л ёс дэгтэй байж. Харин одоо бол бие биенээ үнсэж гарах юу ч биш болж гээд өвгөн жүжигчин халаглаж байна. Хүмүүс түүнийг анх “гажиг” Гармаа гэж дуудахад уур нь хүрдэг байсан гэнэ. Анх киногоо гарсны дараа хүүхэн эргүүлсэн кинонд тоглочихлоо гэж ичиж байжээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дүрдээ улам дурлаж, Гармаа гэж дуудахад нь эргэж хардаг болсон байна. Кинонд тоглосон хоёр хүүхэд ихэр биш гэнэ. Дөнгөж эмнэлгээс гарч байсан хүүхдүүдийг тоглуулчихжээ. Кино багийнхны хажууд ээж нар нь зогсоод зураг авалтын завсарлагаанаар хөхүүлж байсан гэнэ. Нэг нь телевизийн найруулагч Будын Жаргалын охин юм байна. Одоо том бүсгүй болсон гэж өнөр бүлийн эзэн дурссан. Ч.Алтан-Өлзий гуай “Өнөр бүл”-ийнхээ хоёрдугаар ангийг хийхээр зориглоод байгаа гэнэ. Түүнээс үйл явдал цаашаа хэрхэн өрнөх бол гэж асуухад ёжтой нь аргагүй инээмсэглээд “Нууц” гэж хариулж байна лээ. Харин нэгдүгээр ангид нь тоглосон жүжигчдээс цөөхөн нь үлдэж дээ гэж суусан. Киноныхоо дараагийн ангийг хийчихвэл жүжигчин болсных нь нэг хүсэл биелэх гэнэ. Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Буурал жүжигчний өрөөнөөс “Өнөр бүл” киноны хоёрдугаар анги хэзээ гарах бол, яаж үргэлжлэх бол гэсэн бодол тээсээр гарлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин