А.Саруул: Хонгорыг хөнөөсөн Д.Хаянхярваа ордонд биш шоронд байх ёстой
Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар алт олборлож байсан хятад иргэд цианит натри, мөнгө усаар шороо угааж, их хэмжээний газрыг бохирдуулсан хэрэг 2007 онд гарсан. Үүнээс хойш тус нутгийн иргэд үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, мал амьтан ч элдэв гаж төл гаргах болсон. Энэ талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж байгаа ч өнөө хэр нь Хонгор сумын асуудал бүрхэг хэвээр байгаа билээ. Энэхүү асуудлаар “Ногоон” хөдөлгөөний тэргүүн, доктор А.Саруултай ярилцлаа.
-Хонгорын хордлогын асуудлаар та дугарч явсан хүмүүсийн нэг. Саяхан Хонгорыг эргэн сануулсан хэвлэлийн хурал боллоо. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Өчигдөр иргэний хөдөлгөөнүүд хурал хийж байхыг хараад маш их баярлалаа. Энэ асуудлыг дахин сөхөж, хохирсон иргэд болон тэдний ар гэрийхэнд төр засаг хуулийн дагуу туслах хэрэгтэй. Мөн олон хүний амь нас, эрүүл мэндийг хөсөр хаян, улмаар УИХ-ын танхимд залрах замаа зассан Дархан-Уул аймгийн засаг дарга асан Хаянхярваа тэргүүтэй гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлмээр санагдлаа.
-Хонгорын асуудал гарснаас хойш одоо 7 жил болж байна. Өдийг хүртэл та нар дахиж очиж харж үзсэн үү?
-Надад химийн хор тарснаас хойш Хонгорт хэдэн хүн хэзээ яаж нас барсан гээд бүртгэл бүгд байна. 2008 оноос хойш нэг жилийн дотор 89 хүн элэгний өвчнөөр группт орчихсон. Энэ хэвийн үү? Ерөөсөө л хор тарсан сумын урд хэсэгт амьдарч байсан хүмүүс бүгд хордчихсон байгаа. Өнгөрсөн жил би Хонгорт очсон. Байдал хүнд л байна лээ дээ. Худаг усны асуудал ч хүндрэлтэй. Худаг нь нэг нээгдэж нэг хаагдаад. Хортой эсэх нь мэдэгдэхгүй тэр газраас ядарсан хүмүүс усаа авч хэрэглэдэг л юм билээ. Хэдэн айлаар ороод үзэхэд л жаахан хүүхдүүд судасны хорт хавдартай, эмэгтэйчүүд нь савны хорт хавдартай гэх мэтчилэн хэцүү дүр төрх биднийг угтсан.
2007 онд Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр “Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж ярьж байсан. “Хараа голоор дамжин хор тархах аюултай байна. Тиймээс бохирдсон ус цэвэрлэх талаар гадаадын мэргэжилтнүүдээс тусламж авъя” гэсэн саналыг Л.Гансүх сайд хэлж байсан. Сайд асан Ц.Мөнх-Оргил мөнгөн ус, цианит натри ашиглалтын талаар улсын хэмжээнд үзлэг явуулах тогтоолыг Засгийн газарт хүргүүлье гэж байсан. Өөрөөр хэлбэл, тэр үед сайдууд бүгд Хонгор хордсоныг хүлээн зөвшөөрчихсөн, яах учраа олохгүй байсан. Гэтэл Хаянхярваа гишүүн дарга байхдаа л хордоогүй гээд байсан нь ямар учиртай вэ.
-Та УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй хүмүүсийг гол буруутан гэж үзэж байна уу?
-Дархан-Уул аймагт ноёрхлоо тогтоосон Хаянхярваа дарга, түүний хань хамсаатнууд 2007 онд Хонгор сумын төвд нууцаар алт угаагаагүйсэн бол тэр олон зуун хүн хорт хавдраар өвчилж, дөнгөж төрсөн нярайгаас эхлээ 90 гаруй хүн аймшигт хорт хавдраар хорвоог орхихгүй байсан нь лавтай. Монголд хууль гэж байдаг бол УИХ-ын гишүүн Хаянхярваа энэ бүх хариуцлагыг үүрэх ёстой.
Энэ хүн хэдэн жилийн өмнө 800 сая төгрөгийн хэргээр АТГ-т дуудагдаад мултраад л гарсан. 2012 оны УИХ-ын сонгуульд иргэн бүрт 1 сая төгрөг атгуулаад сонгогдлоо л гэсэн. Гэтэл Хонгор суманд л гэхэд хурууны хээ уншуулалгүй будлиантуулаад л гараад ирсэн.УИХ-д луйвар хийн улиран сонгогдсон хүн. Сангийн яамыг толгойлж байхдаа мэдлэгүй, чадваргүйгээрээ дуудуулаад хусуулахдаа тулж байлаа. Дарханчууд, хонгорчууд бие биенийгээ бүгд сайн танидаг мэддэг. Д.Хаянхярвааг ч сайн мэднэ. Хаянхярваа тухайн үед хэд хэдэн гэмт хэрэг хийсэн. Сумын төвийн ногоо тарьсан айлуудын ногоог устгалд оруул гэж Засгийн газраас даалгавар өгөхөд нь зохион байгуулаад хорих ангиуд руу ачуулсан. Хонгорын хэргийг дуугүйхэн дар гэдгийг үүргийг Д.Хаянхярваа аваад өөрөө сайн биелүүлсэн. Тухайн үед хортой гэсэн албан бичиг байгаа ч дараа нь болохоор хоргүй гэж ярьдаг. Ногоогоо идээч гэхээр өөрсдөө иддэггүй.
-Д.Хаянхярваа хордлогоос ашиг олсон гэсэн үг үү?
-Тухайн үед малыг бруцеллёзтой гээд нүцгэн тугал гараад байсан. Д.Хаянхярваагийн хүмүүс нууцаар сумыг атгадаг байсан нь малын эмнэлгийн газрын даргаас авахуулаад харагдаж байгаа юм. Малыг бруцеллёзтой гэсэн хэрнээ цаагуураа очоод худалдаж авъя, хиамны цехед өгчихье гэдэг байсан байгаа юм. Энэ мэтээр Хонгорын хордлогоос Д.Хаянхярваа ашиг хүртсэн. Цэвэр усны хоолой тавь гэсэн чинь тэр нь юу ч бололгүй өнгөрсөн. Хонгорын бохирдлыг цэвэрлэ гэсэн зөвлөмж ДЭМБ-аас өгөөд цэвэр усыг хашиж хаагаад, байнга хянаж шалгах ёстой байсан ч тэгээгүй. Д.Хаянхярваа яагаад дийлддэггүй юм бэ гэсэн чинь цаана нь том хүн байдаг. Д.Хаянхярваа энэ бүхнийг зөвхөн гардан гүйцэтгэсэн байх. Хэл ам хийсэн хүмүүсийг тухайн үедээ ажил олгоно гэх мэтчилэнгээр амыг нь тагладаг байсан. Энэ мэтчилэнгээр маш олон хэргүүд гарсан. Гэтэл өнөөдөр Д.Хаянхярваа инээгээд л явж байна. Өөрөө аймгийн засаг дарга байсан. Тэр олон хүн өвчлөөд, 100 гаруй хүн өнгөрсөн байхад энэ хүн инээгээд, УИХ-д орчихсон явж байна. УИХ-д орох нь аврал нь байсан юм уу даа. Чадалгүй, чадваргүй, арга заль ихтэй ийм хулгайч хүн яагаад төрд сууж байгаа юм бэ гэдгийг гайхаж байна. Дархан эрхтэй Д.Хаянхярваатангуудыг төрөөс цэвэрлэе гэж хэлмээр байна. Түүний талаар ярих өөр олон зүйл байна.
-Тухайлбал?
-Хонгор сум элит үрийн аж ахуй байсан. Тэнд Спиртийн үйлдвэр байсан. Менежментийн хувьчлалаар Хаянхярваатангууд үнэгүй хувьчилж авсан. Үнэгүй авахдаа спиртийн үйлдвэрийн ашгийг Хонгорын иргэдэд хувьцаа болгож өгнө гэж хэлсэн байдаг. Хонгороос 70 км зайд Д.Хаянхярваа алтны уурхайтай байсныг тухайн үед хүн бүр мэддэг байсан. Дараа нь алтны уурхайнуудаас ирсэн хүдрийг буталж цианид натриар угаасан юм уу даа. Тэр зөвшөөрлийг хэн олгосон бэ гэдэг нь тодорхой. Ер нь Д.Хаянхярвааг сайн шалгах юм бол Дархан-Уул аймгийн олон обьектийг үнэгүй хувьчилж авсан. Хууль яагаад энэ хүний толгойг илээд төрийн түшээ болгож, Сангийн сайд хүртэл болгосон бэ гэдэг нь сонин.
-Миний энд дурьдсан болгон нотлох баримттай факттай зүйл. Д.Хаянхярвааг нэр төр, алдар хүнддээ асар их хайртай хүн гэдгийг саяхны нэг жишээнээс харлаа. Өчүүхэн жижиг зүйл дээр санааширч хүн шүүхэд өгч байгааг нь мэдээд Хонгорчуудын зэвүү нь хүрсэн бололтой өдөр бүр залгаж байна. Хаянхярваа хүн шүүхэд өгөх биш, өөрөө Хонгорын хохирогчдын дүүжлүүрт байгаа хүн. Шударга ёсоор бол шоронд байх этгээд. Ингэлээ гээд, үнэнийг тоочлоо гээд биднийг, Хонгорын хохиргчдыг шүүхэд өгөөрэй.
-За ярилцлага өгсөн таньд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ