Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгчийн хэлэх үг өнгөрөгч өдрүүдэд анхаарлын төвд орж, олон нийтийг багагүй талцуулаад байсан асуудлын талаар байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “100 чухал сэдэв нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу...
...Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй. Зарим нь бодож болох юм, ганц нэвтрүүлэг хийгээ л биз гэж. Гэвч ийм биш юм. Үр дүн нь эерэг биш юм...” гэв.
Мөн уг нэвтрүүлгийн агуулгын талаар онцолж, төмөр замын бодлогын талаар Монгол Улсын байр сууриа илэрхийлж буйгаа дуулгасан бөгөөд “Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина гэсэн... Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдөлшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд, дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой. Х.Баттулгын хэрэгжүүлж байгаа том бодлогыг нь дэмжинэ. "Түмэн хишигтэн", "Майдар" гээд сайхан ажлыг нь дэмжиж ч байгаа” гэдгийг онцлов.
Мөн ярианыхаа төгсгөлд уг уулзалтыг дамжуулж буй хэвлэлийнхэнд хандан “Олон нийтэд юм үзүүлнэ гэдэг хариуцлага. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийгээд байгаа хүмүүс нэр алдраа бичих хэрэгтэй. Үнэхээр эх орончид л юм бол хэн юу хийж, хэн зохиолыг нь бичсэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй” хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ