Бразилд буудалцаан болж гурван хүн амь үрэгджээ
Бразилийн Рио-де-Жанейро хотод өнөө өглөө /VI.24/ хар тамхины наймаачид болон цагдаа нарын хооронд буудалцаан болж, гурван хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтжээ. Рио-де-Жанейро хотын хойд хэсгийн Complexo do Alemao бүсэд гарсан буудалцааны үеэр хар тамхины бүлэглэлийн хоёр залуу, нэг цагдаа амь үрэгдэж, өөр нэг залуу, цагдаа гэмтэж шархатсан байна. Гэвч энэ хэрэг Бразилд болж буй хөлбөмбөгийн их баяр цэнгэл Дэлхийн цом тэмцээнийг үзэхээр Рио-де-Жанейро хотод хүрэлцэн ирсэн олон мянган фанат, жуулчдад айдас, түгшүүр төрүүлсэн байна. Бразилийн цагдаа нар Рио-де-Жанейро хотын хар тамхины бүлэглэлийн орогнол болсон бүсэд эргүүл хийж явахдаа сэжигтэй үйлдэл илрүүлж гал нээсэн гэж мэдээлжээ.
Эсэргүүцлийн жагсаал дунд Бразилд үргэлжилж буй хөлбөмбөгийн Дэлхийн цом тэмцээний үеэр олон сая жуулчин, фанатын аюулгүй байдал хөндүүр сэдэв болж байна. Бразилийн ард иргэд цалин хөлс бага, бараа үйлчилгээний үнэ өндөр байхад хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад их мөнгө зарлагдсанд Засгийн газраа буруутган эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй юм. Үүний зэрэгцээ Бразилийн эрх баригчид хөлбөмбөгийн тэмцээнээс өмнө тус улсад газар авсан хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэвэрлэгээ явуулсан билээ. Бразил Дэлхийн цом тэмцээний тоглолтууд болох хотуудад цагдаа, цэргийн өндөр хамгаалалт гаргаад буй аж.
Эх сурвалж: ВВС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ