Нийслэл хүрээн дэх эсэргүүцэн тагнах үйл ажиллагаа

Богд хаант Монгол Улсын үед Хятадын тагнуул, туршуулыг илрүүлэх, хятад иргэдийн гэмт үйлдлийг таслан зогсоо­ход онцгой анхаарч, гадаадын харьяат хүмүүсийг хянах тогтолцоог буй болгож, хатуу чанд хянан харгалзаж байв. Энэ арга хэмжээний дүнд 1910 онд Халх Монголд зуун мянгад хүрээд байсан хятад иргэдийн тоо зургаан жилийн дотор гурав дахин цөөрчээ.

Гурван улсын гэрээний дараа баруун Монголын баяд, дөрвөдийн зарим ноёд бэйл Нацагдоржийн удирдлага дор нууцаар хуйвалдаж, Хятадын пүүсээр дамжуулан Шиньжан мужийн захирагчтай холбоо тогтоон бэлэг сэлт, цалин пүнлүү шаг­нуулаад баруун хязгаарыг Монгол Улсаас салгаж, Шиньжан мужид нийлүүлэх гэсэн урвагчдын хэргийг Баруун хязгаарын сайдаас тагнуулын аргаар илрүүлэн шал­ган тогтоож, зорилго, үйлдлийг нь таслан зогсоож байжээ.

“Олноо өргөгдсөн Монгол Улсын үед тагнуул, эсэргүүцэн /сөрөх/ тагнах аж­лыг Богд хаан удирдан зохион байгуулж байсан бөгөөд 1912 оноос эхлэн шанзудба Г.Бадамдорж, Чин ван лам Л.Дашдэндэв нар лам, сүм хийдийн, Магсар бэйс харчуудын доторх эсэргүүцэн /сөрөх/ тагнах ажлыг Эзэн хааны зарлиг хэмээн гүйцэтгэж, Богдын дэргэд шадар байсан Баатар захирагч гадаад улс, орны тухай мэдээг нэгтгэн Богд хаанд айлтгадаг байв”. Н.Хаянхярваагийн 1934 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлгээс...

Гадаад тагнуулын үйл ажиллагаа
Хоёр том гүрнээр хүрээлэгдсэн Монгол Улсын удирдагчид тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд гадаад орнуудтай харилцаа тогтоох зорилгоор Ази, Европын орнууд руу тагнуул, туршуулаа илгээж байжээ. Энэ үед гадаадад тагнуулаар явуу­лахдаа бадарчлан явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух зэрэг халхавчийг гол­лон ашигладаг байв. Тухайлбал, Хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэгээр, Н.Хаянхярваа Орос, Халимаг, Турк, Б.Буянчуулган Орос, Б.Данзан Япон, Хятадаар, Ц.Лувсанням Хятад, Түвдээр, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шиньжаны нутгаар хэдэн жилээр явж байжээ.

1919 оны сүүлчээр Баруун хойд хяз­гаарын хэргийг бодуулан шийтгэх /БХХХБШ/ сайд Сюй Шүжэнээс Ерөнхий сайд Г.Бадамдорж тэргүүтэй эрх баригч­дыг айлган сүрдүүлж, Автономит зас­гаа сайн дураар устгахыг шаардан Богд Жибзундамбын мутрын тэмдэг даруулал­гүйгээр Автономитоо сайн дураараа уст­гахыг хүссэн өргөдөлд таван яамны тэр­гүүн дэд сайд, зарим том лам, ноёд зэрэг бүгд арван зургаан хүний гарын үсэг зуруулжээ. Энэхүү үйл явдлын тухай Да Жунтанд мэдэгдэхээр олон лам, ноёд явахад Л.Дашдэндэв нь Богд хааны тушаалаар Эх дагины нэрийн өмнөөс шавиас томилогдон явжээ. Ийнхүү томи­логдон явахдаа Богд хаанаас тусгай даал­гавар авч, Хятадын дотоод, гадаад бай­дал, Монголын талаархи бодлогыг мэдэх үүрэгтэй байжээ. Тэрбээр буцаж ирснийхээ дараагаар даалгавраа хэрхэн биелүүлсэн тухайгаа Богд хаанд өргөх бичиг бичсэн байна.

Гадаадад тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан зарим хүмүүс
Дамбын Чагдаржав нь Богд хааны даалгавраар 1914 оны орчим шашны томоо­хон хуралд оролцох, бадарчлах, хийдэд шавилан суух халхавчаар Ази, Европын орнуудаар тагнуулын үүрэг гүйцэтгэж, өрнөдийн орнуудын улс төр, эдийн засаг, соёлын амьдрал, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулан 1917 онд нутагтаа ирсэн байна.

Намжилын Хаянхярваа нь Богд хаант Монгол Улсын Засгийн газраас үүрэг бол­госноор бадарчингийн халхавчаар Орос болон Европын орнуудаар олон жилийн турш тагнуулаар явжээ.

Л.Дашдэндэв нь Богд хааны итгэлтэй тагнуулчдын нэг бөгөөд Дотоодыг Хамгаа­лах газарт тусгай үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө гадаадад тусгай үүрэг гүйцэтгэх болон гадаадын тагнуул туршуул, шинэ тутам байгуулагдсан засаг, төрийг эсэргүү­цэгчдийн олон хэргийг илрүүлэн таслан зогсооход оролцож байсан.

Ажвай Данзан нь 1903-1904 онд Богд Жибзундамба хутагтын даалгавраар Япон Улсыг сурвалжлах, харилцаа тогтоох боломж бий эсэх талаар тандан судлах үүргийг гүйцэтгэсэн аж. 1906 оноос Харбинд хэдэн жилээр ажилласан. 1923-1924 оны наймдугаар сар хүртэл Монгол Ардын Намын Төв Хорооны даргаар сонгогдон ажиллах хугацаандаа Баргад намын нууц ажлаар явж, Барга-Монголын залуучуудын нам хэмээх хувьсгалт нууц байгууллагыг үүсгэн байгуулсан. Түүнийг ЗХУ-аас бу­цаж ирмэгц Харилцан туслалцах хор­шооны төлөөлөгчийн халхавчаар Бээжин, Мүгдэн, Шанхай, Нанжин, Харбин болон бусад олон хотуудаар тусгай үүрэг гүйцэтгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин