Монголд жил бүр 20 хүн цаазлагддаг байжээ
- Хуулиндаа тусгасан ч цаазладаггүй манайхтай ижил 26 орон бий -
1965-1985, 1985-2005 он хүртэл ял шийтгүүлсэн гэмт этгээдүүдийн судалгааг гаргаж үзсэн байдаг юм байна. Үүнээс үзэхэд жилд дунджаар 20 ялтны цаазаар авах ялын гүйцэтгэлийг үйлдэж байсан гэсэн тоо гарчээ. Ингэхээр дээрхи хугацаанд ойролцоогоор 800 орчим хүн хийсэн хэрцгий хэргийнхээ хариуцлагыг амь насаараа төлсөн аж. Мэдээж, үүнээс Өршөөлийн хуульд хамрагдсан, Ерөнхийлөгчийн өршөөлд багтсан гэх мэтээр зарим нэг нь шүүхийн шийдвэрээс өөр үр дүнгээр төгссөн байна.
Энэ бүхнийг дурдахын учир нь манай улс өдгөө цаазын ялаас татгалзаад буй. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял дээр моратори тавьж, нэг ёсондоо цаазаар авах ялаас татгалзсан. Үүний дараа НҮБ-аас гаргасан Иргэний болон Улс төрийн эрхийн тухай 2-р протокол болох Цаазаар авах ялыг халах тухай протоколд нэгдэж орсон. Түүнчлэн 2002 онд Ромын цаазаар авах ялын эсрэг дүрэмд ч нэгдсэн байдаг. Ингэж нэгдэн орж, соёрхон баталсан учир дотоодын хууль тогтоомжийн нэгэн адилааар дагаж мөрдөх ёстой юм. Гэвч Эрүүгийн хуулийн яг энэ зүйл заалт одоог болтол хүчинтэй хэвээр байгаа нь эрхзүйн актын хооронд зөрчилдөөн үүсгэж байгаа аж.
Шинээр боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд энэхүү олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ял шийтгэлээс цаазын ялыг хасахаар тусгаж өгсөн байгаа аж. Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээ юм. Энэ ч утгаараа энэ талаархи хүн хүний бодол, байр суурь өөр өөр байдаг билээ. Зарим нь жигшүүрт хэрэг үйлдсэн, хүний ёсноос гажсан этгээдүүдийг цаазлан бусдад нь сургамж үлдээх хэрэгтэй гэж үздэг бол нөгөө хэсэг нь хүмүүнлэг ардчилсан нийгэмд хуулиар халхавчилсан аллага үйлдэж болохгүй хэмээн эсэргүүцдэг юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 60-аад улс цаазлах ялыг хүчингүй болгоод байгаа аж. Эдгээр улсын олон нийт цаазаар авах ялыг “Хуульчилсан аллага” гэж үзжээ. Харин 26 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй болсон нь яг манай одоогийн нөхцөл байдалтай ижил байгаа юм. 15 улс тун онцгой тохиолдолд хэрэглэж байгаа бол харин 94 улс үргэлжлүүлэн цаазалсаар байгаа аж. Ихэнх улсад эх орноосоо урвасан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог. Гэвч зарим улс, орон өөрийн зан заншлын өвөрмөц онцлогоо хадгалах зорилгоор цаазлах ялыг хэрэгжүүлдэг байна.
Тухайлбал:
•Бусадтай энгэр зөрүүлсэн эхнэр хүн - БНАСАУ, Иран
•Янханчлах - Иран
•Хүн нэрээ гутааж арчаагүй амьдрах - Иран
•Tамхи татах явдал дөрөв дэх удаагаа давтагдвал - Иран
•Эрийг эмлэх - Иран, Мавритани
•Нэг бус удаа архи уух - Иран
•Садар самууныг сурталчилах, янхны газар байгуулах, зуучлах, тамхи хулгайгаар хил давуулах, үхэр хулгайлах - Хятад
•Галдан шатаах - Марокко, Баруун Сахар
•Хар зах дээр наймаа хийх - Мозамбик
•Хүндрүүлэх нөхцөлд агаар, ус бохирдуулсан - Йемен
•Мухаммед бурхны нэрийг бузарлах - Пакистан
•Хар дом, хараал хийж хүний амь бүрэлгэх - Руанда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ