Байрны үнийн “хөөс” хагарч эхэллээ
Эдийн засаг гэж нэг айхтар “амьтан” байдаг даа. Тэр “амьтан” чинь хаврын туранхай мал шиг өеөдөөд, ард түмэн хэцүүдэж эхэлсэн тухай амтай болгон л ярих боллоо.
Оюутолгой компани 300 ажилтнаа нэг л өдөр халж байгааг харахад үнэн бололтой. Монголд мөнгөтэй хүн байхаа больж, худалдан авах чадвар эрс муудаж байгааг харвал үнэн болж таарлаа.
Нэг дуучин тоглолт хийхэд үзэгчдээр дүүрдэг байсан цаг саяхан. Гэтэл “Харанга” тоглолт хийхэд үзэгчдээр дүүрэхгүй байгаа бодох нь ээ үнэн гэдэг нь баттай болчихож байгаа юм биш үү.
Дээрээс эдийн засгийг эрчимжүүлэх хоног энэ тэр гэж зарлаад, Засгийн газар 100 хоногт овоо юм амжуулна гээд давхиад байхыг бодвол бүр ч баттай болж таарсан юм. Гэхдээ эдийн засаг хямарсан нь олон худлыг илчилж эхлэв бололтой.
Хамгийн чухал нь орон сууцны үнэ тэнгэрт хадсан нь барилгын компаниудын илт хуйвалдсан, ард түмнийг шулан мөлжсөн хэрэг байж.
Үнэ “хөөсөрсөн” гэдэг нь илэрлээ. Ердөө л эдийн засаг багахан хямрахад барилгын компаниудын үнэн нүүр царай харагдаж, үнээ “хөөсрүүлсэн” хэргээ хүлээж эхэллээ.
Шинээр ашиглалтад орж байгаа байр болгоны ханан дээр ам.метрийн үнэ хямдарсан гэсэн зар бичээстэй байдаг боллоо. Зурагтаар ч гэсэн барилгын компаниуд орон сууцны ам.метрийн үнээ буулгаж байгаа гэж сурталчлах болов. Бүр 300-400 мянган төгрөгөөр зад хямдарч байгаа тухай зарлал, сурталчилгаа явж, ард түмний эрүүг мулталж, нүдийг бүлтлэх шахаж байна.
Орон сууц барихад газраа үнэтэй авдаг, барилгын материалын үнэ тэнгэрт хадсан, ам.долларын ханш өссөн гээд шалтаг тоочсон. Бараг л бүх барилгын компани орон сууцны ам.метрийнхээ үнийг хоёр саяас доошоо оруулбал дампуурна, хэцүүднэ гээд л “уран донгодоод” байсан.
Гэтэл үнэндээ хотын төвд байгаа байрны үнэ 1.9 саяас 3-4 сая хүртэл хямдрах дээрээ тулж байна.
300 мянгаар хямдрах нь зүгээр байх үзэгдэл болж. Гэхдээ төлбөрөө 100 хувь өгсөн тохиолдолд тийм үнээр өгөх юм гэсэн. За тэр 100 хувь өгөх, өгөхгүй нь гол биш.
Тэд ам.метрийнхээ үнийг хэдэн зуун мянгаар буулгаж өгч байгаа ч ашгаа харж л таараа. Ямар ч ашиг харахгүйгээр орон сууцаа зарна гэж байхгүй.
Тэгэхээр л үнийн хөөс хэтэрхий их байгаа нь мэдэгдээд байна. Уг нь Засгийн газар орон сууцны үнийг тогтворжуулна гэж иргэдийг баахан хошгируулсан. Тэгсэн мөртлөө дорвитой ажил хийсэн юм алга.
Барилгын материалын үнийг буулгах талаас нь ажиллана л гэсэн.
Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орж байгааг эс тооцвол өөр дорвитой юм байгаа бил үү. Буянт-Ухаа гэх мэтийн төрийн хөрөнгө оруулалттай орон сууцны хорооллуудыг олноор барьж, ам.метрийг саяаас хэтрүүлэхгүй зарна. Тэгж үнийг буулгана гэж байсан ч өөрсдөө өндөр үнээр зарсан.
Тэгвэл одоо орон сууцны компаниуд үнэ хий хөөргөдөж, иргэдийг шулж, хамгийн чухал хэрэгцээн дээр нь дөрөөлж хэт их ашиг олж байгаа нь илэрлээ, “хөөс” нь хагарч эхэллээ.
Тиймээс одоо Засгийн газар барилгын компаниудыг хөрсөн дээр буулгаж, тэнгэрт тулсан үнийг нь багасгах ажлаа сайн хийх болсон юм биш үү.
“Хөөс”-тэй үнээ өөрсдөө хагалж эхэллээ. Хэрвээ эдийн засаг энэ хэвээрээ байвал шалдаа бууж, жинхэнэ бодит үнэн дээрээ ирэх л байх. Гэхдээ тэгж байх зуур ард түмний амьдрал хэцүүдэх байлгүй дээ.
Түүний орон арай өөр аргаар бодит үнэн дээр нь авчрах ажлаа хийх хэрэгтэй юм биш үү. Олон олон “Буянт-Ухааг” барьдагсан уу, үл хөдлөх хөрөнгийн хуулиа гаргадагсан уу, хамаа алга.
Ард түмэнд бодит үнэ хэрэгтэй байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ