Н.Энхбаярт холбогдох “Хар дун” ХХК-иар дамжуулан зээлсэн 800 мянган ам.долларын хэрэг сөхөгдөх нь
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эх орондоо сэм ирчихээд байгааг ойрын хүмүүс нь нууцалж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар өнөөдөр төрд хариуцлагатай алба хашиж буй түүний хүмүүсээс асуухад бүгд нэгэн дуугаар “Ирэх болоогүй” гэж хариулдаг. Гэтэл эх сурвалжийн мэдээлснээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн хэдий ч хохирогчдын зарим нь гомдолтой хоцорсон тул шинээр залилангийн хэрэг үүсгүүлсэн бололтой. Учир нь хуучин, шинэ ерөнхийлөгч нарын уучлал дунд “Эрхэм” Ерөнхийлөгчдөө , эсвэл түүний хүүгийн мэдлийн хувийн компанид мөнгө зээлүүлчихлээ гээд итгэлтэй байсан зээлдүүлэгч иргэн хохирчээ. Тиймээс“Хар дун”-д 800 мянган ам.доллар зээлүүлээд алдсан хохирогчид хуулийн байгууллагад хандан дахин хэргийг шалгаж шүүх байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан байна.
Н.Энхбаярын “хаанчлал” эхэлж, ид мандан бадарч байх үед буюу 2004-2006 онд “Өргөө зочид” буудал ТӨҮГ-ын зүгээс үйл ажиллагаагаа өргөтгөж, өмчийн харилцааны менежментийг шинэчлэн, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж өөрсдөө өөд татахаар төсөл боловсруулан Нийслэлийн өмчийн газарт өгчээ. Нийслэлийн өмчийн газар тэдэнд хариу өгөөгүй боловч нэг л өдөр тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярын санал, НИТХ-ын дарга Н.Болормаа нарын шийдвэрээр “Өргөө” зочид буудал ТӨҮГ-ыг “Хар дун” компанид шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэн аргын хувьд 2007 оны наймдугаар сарын 17-нд Ц.Батбаяр дарга “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлуудын менежментийг сайжруулах тухайн саналыг НИТХ-д өргөн бариад 159 дүгээр тогтоол батлуулж дээрх зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийнхний төслийг сонгон шалгаруулахыг Ц.Батбаярт даалгасан. Ц.Батбаяр НИТХ-ынхаа тогтоолыг дуртайяа биелүүлж “Хар дун” компанийн 75 хувь, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун өргөө” ХХК байгуулах саналаа НИТХ-д өргөн барив. Ингээд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Хар дун”-д өргөөг өгчээ. Гэтэл “Хар дун” компани нь 2007 оны аравдугаар сарын 9-нд буюу дээрх шийдвэрээс наймхан хоногийн өмнө байгуулагдсан байгаа юм. Яваандаа “Хар дун” Н.Энхбаярын туслах Б.Хуягийнх мэт боловч хөрөнгө нь Энхбаярын Батшугараас гардаг, бас НИТХ-ын дээрх шийдвэрийг гаргасан НИТХ-ын дарга Н.Болормаа тухайн үед Тэргүүн хатагтай байсан О.Цолмонгийн найз байсан нь тодорхой болсон. Үүнээс хойш юу болсныг олон нийт мэдэж байгаа. Шүүх хурал болсон. Оймс гозолзсон. Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийг уучилсан. Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлсэн. Удахгүй эх орондоо ирнэ гэж хүлээлт үүсгээд гавьяа байгуулсан мэт “ирнэ, ирээгүй” гэх улс төрийн хүрээнийхний явган ярианы гол сэдэв болсон. Түүнийг хэн ч биш болсон гэх боловч түүнээс нэг л эмээсэн уур амьсгал хэвээрээ. Тэгэхээр хамгийн сүүлчийн шинэ мэдээ нь улстөрчдийн “Уучлал” дунд царцсан 800 мянган ам.долларыг залилуулсан хохирогчид нэхэмжилж хуулийн байгууллагад хандлаа. Цаашид яах бол.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ