Ойрхи Дорнодын голт зүрхэнд үсэрсэн цус, тасарсан мах минь
Их Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед Монголчууд Ази тивээр таран одсон эмгэнэлтэй түүх бий. Энэ цагт Монгол угсаатнууд ОХУ, Хятад, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг, Турк, Афганистаны нутаг дэвсгэрт таслагдан оршин амьдарсаар байна. Үсэрсэн цус, тасарсан мах болох тэд маань эх нутгаа санагалзан нулимас эгшүүлж хэдэн зууныг ардаа орхисон одоо цагт Афганистан дахь Хазар Монголчуудын талаар товч өгүүлье.
13-р зуунд Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэр орон зайд Ил Хаант гэгдэх хаант улсыг байгуулсан билээ. Гэвч Хүлэгү хаан болон Абу сайд нас эцэслэсний дараа 1360 онд хаант улс хэдэн хэсэгт хуваагдаж бие даасан жижиг улсууд үүсжээ. Ираны сурвалж бичгүүдээс шүүж үзэхэд тэдгээр Монгол угсааны улсууд хэдэн зуун жил оршин тогтносоор байжээ. 1380 онд Самаркандад Алтан ургийн хүргэн, Монгол угсааны түрэгжсэн Төмөр хаан хүчирхэгжиж, 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлт газар нутагт харин өнөөгийн Афганистан оршиж байв. 1405 онд Төмөр хаан нас барснаар лалын ертөнц дахин үймэлдэн бутарч эхлэв. Гэвч Төмөрөөс 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлсэн билээ. Тэрээр 1525 онд Энэтхэгийг эзэлснээр Монголчууд Афганистан, Энэтхэг, Узбекистанд төвлөрсөн Их Могол улсыг үндэслэв. Гэвч Бабурын эрин үеэс хойш Могол улс 300 жил хугацаанд оршин тогтносоор байсан болровч эцэст Англичуудын гарт орсон билээ.
Түүхийн энэ их хувьсалын дараа Монгол-Түрэг-Фарси (Перс) холилдсон хэлээр ярьдаг Хазарууд хэмээх нэгэн хэсэг хүмүүс өнөөгийн Афганистаны нутагт бий болжээ. Саяхныг болтол тэд зургаагаас долоон саяд хүрч байсан аж. Харахаас Монгол зүс царай төрхтэй, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, маш хөдөлмөрч тэдгээр улс Чингисийн удам гэдгээрээ бахархаж ирсэн бөгөөд уугуул нутагтаа эргээд хөл тавихыг санагалзан мөрөөдөж ирсэн байдаг. “Хазара” гэдэг нь Персээр “мянгат” гэсэн утгатай. Тиймээс Чингис хааны нэгэн мянгат цэргийн үр сад хэмээн үзэх бүрэн үндэстэй.
Хазар Монголчууд Афганистаны төв хэсгийн уулархаг бүсээр нүүдэллэн амьдардаг. Эдүгээ Афганд 1,7 сая, Иранд 220 мянган Хазар яс үндэс байгаа гэж үздэг. Чинээлэг Хазар гэр бүл Монгол гэрт амьдардаг бол ядуус нь сүрлэн дээвэр бүхий тагзанд аж төрдөг. Харин цэвэр нүүдэлчин Хазарууд эсгийгээр бүрсэн овоохойг голчлон хэрэглэнэ. Зүс царай төрхийн хувьд биднээс хол илүү ялгагдахгүй хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай. Газар тариалан, мал аж ахуйгаас гадна арьсан эдлэл, дарх, нэхмэл зэрэг гар урлал эрхэлдэг байна. Тэд маань тэмдэглэлт баяр ёслолын үеэр морь уралдуулж, тэмээн поло тоглож, бөх барилдан цэнгэдэг аж. Хазаарууд мөн бидний нэгэн адил байгалаа тахин дээдэлж, уул усны лус савдгуудыг аргадан шүтдэг. Монголчууд болон Хазаруудын хэл ярианд ижил төстэй үгс маш олон байдаг байна. Тухайлбал Монголоор бид сандал гэхийг тэд сандали, Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтээр хэлдэг. Шашин шүтлэгийн хувьд харин Бурханы шашин болон лалын шашны шиа хэмээх урсгалыг баримталдаг.
Хазара болон Афганистан дахь ястнуудын мөргөлдөөн
Ойрхи Дорнодын голт зүрхэнд орших геополитикийн ашигтай орон зайнаас шалтгаалж Афганистан улс цаг ямагт их гүрнүүдийн дундын тоглоом болж ирсэн байдаг. Хазаар үндэстэн тус улсад цөөнх учир өнгөрсөн цаг хугацаанд ямагт хавчин гадуурхагдсаар ирсэн нь өр өвтгөж, шүд зуулгам. Бараг зуу гаран жилийн турш үргэлжилсэн Афганистаны дотоод хямралд хамгийн их нэрвэгдэн зовж шаналсан нь Хазарууд гэдэг. Анх Английн колончлолыг эсэргүүцсэн дайн тулаануудад хоёроос гурван сая Хазарууд амиа алдсан байна. 1892 онд Афганы эмир Абдурахан гэгч Хазаруудыг эзэлснээр Афган дахь тэдний байр суурь алдагдаж эхлэв. Англичуудын дараа Оросууд цөмрөн орж ирэв. Энэ үед Хазарууд үндэс угсаагаа хөтлөх олон сэхээтнүүдээ алдсан байна. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазааруудыг дарматлан шахаж галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. 80-аад оны сүүлээр Оросууд Афганистанаас гарч явсны дараа Саудын Арабаас гаралтай Талибууд төрийн эрхэнд гарлаа. Тэдний хувьд хорсол заналаа тайлах нийгмийн бүлэг нь Хазарууд болов. Талибуудын бүлэглэл зонхилон Пүштүн гаралтай хүмүүсээс бүрддэг аж. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сингх, Паеган шашинтай Балучи гэх мэт олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэдний хооронд байнгын зөрчил, тэмцэл байдаг аж. Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй аж. 1992-95 онуудад Хазарууд Афганистаны цөөнх бусад үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын эвсэл байгуулж, Кабул хотыг эзэлж авснаар Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагаасан байна. Гэвч Тажикуудын удаа дараагийн урвалтаас болж хотыг Талибуудад алджээ.
Хазаруудын удирдагч болох Баба Мазарийг хэлэлцээр хийнэ хэмээн мэхлээд нисдэг тэрэгнээс унаган амийг нь хөнөөв. Удирдагчаа алдсан хазаарууд доройтохын хэрээрТалибууд жинхэнэ яргалал явуулж эхэлсэн байдаг. Тухайлбал 1998 оны наймдугаар сард Хазарууд олноор оршин суудаг Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазаруудын зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибууд хотод цөмрөн орж энгийн оршин суугчид тэр дундаа Хазаар үндэстнүүдийг онцгойлон хоморголон хөнөөх тусгай ажиллагаа явуулснаар 8000 орчим Хазаруудын аминд хүрчээ. Хазааруудын нэг гачлан нь тэд хэний ч дэмжлэгийг авч чаддаггүй бөгөөд орчин үеийн зэр зэвсэгээр маш дутмаг байдаг аж. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн угсаа гарвалтай үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг Пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч ирсэн бол гагцхүү Хазаруудад туслах хэн ч байсангүй.
Хазарууд өнөө
Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэвч Афганы төв Бамяан болон зарим тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр. Өнгөрсөн онд тус улсын парламентийн гишүүн, Хазаруудын нэртэй улс төрч, командлагч Сад Мустафа Каземи талибуудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ. Үргэлжийн дайн дажны уршгаар Хазаруудын амьдрал эдүгээ туйлдаа хүрчээ. Хазарууд голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь зүгээр л нэг жирийн асуудал мэт.
2009 онд Монголоос судалгааны тусгай баг Афганистанд очиж Хазаруудын дунд хэсэг хугацаанд амьдарч байсан.
Чингисийн байлдан дагууллаас хойш 785 жилийн дараа анх удаа Монгол хүмүүс Монгол морьдын туурай тамгалсан газар шороон дээр гишгэж, Монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм балгасын тууринд хөл тавьж, буурал түүхийн жимээр аялсан нь энэ юм.
Мөргөлдөөн самууны хөлд Хазар эмэгтэйчүүдийн ядарч туйлдсан царай төрх, гунигтай харц, дарамт шаналал нь бусад газар орны монгол үндэстнүүдээс илүү зүрх шимшрэм байсныг судлаачид өгүүлж байсан. Тэд Хазаруудын тухай өгүүлсэн аян замын тэмдэглэл олон нэвтрүүлэг зурагтаар гаргаж байсан билээ. Тэр цаг үеэс Хазар- Монголын харилцаа өргөжиж цөөн тооны Хазар оюутнуудыг Монголд сургах шийдвэр гарсан байна.
Уртын дуугаа уянгалуулж, элгэн саднаа санагалзан суух хөх толботой, босоо бичигтэй, эсгий туургатай монгол үндэстний нэгэн хэсэг биднээс олон бээрийн алсад аж төрсөөр...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ