Дэлхий дээрх хамгийн хөгшин үрийн шингэн олджээ
Дэлхий дээр олон сая жилийн тэртээ амьдарч байсан нялцгай биетүүд өөртөө онцгой зүйл их хэмжээгээр агуулж байгаа бололтой. Саяхан палеонтологичидэдгээр амьтны биенээс үрийн шингэний эд эс олсон байна. Хэдийгээр нялцгай биет 16 сая жилийн тэртээ амьдарч байсан ч эд эс нь сайн хадгалагдсан учир цөмийг нь харах боломжтой гэнэ.
Нялцгай биетүүдийн бие нэг миллиметр урттай. Германы эрдэмтэн Людвиг Магсимилиан багийн хамт Мюнхен хотноо судалгаа явуулахдаа синхротрон рентген туяа ашигласан аж. Судалгааныхаа дүнг эрдэмтэд “Просиидинг оф де роял сосайти” сэтгүүлд нийтэлжээ.
Ан амьтан чулуужих явцад зөөлөн эс устаж үгүй болдог бол нялцгай биетийнх хадгалагдан үлдсэн нь үнэхээр гайхамшиг гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм. Рентген зураг авч, тэднийг нэгтгэн гурван хэмжээст дүрс болгон хувиргаснаар үрийн шингэний бүтэц, цөм, мөн нөхөн үржихүйн систем, булчин зэргийг эрдэмтэд олж харсан байна.
Румын улсын нутаг дэвсгэрээс олдсон чулуужсан амьтны эд эсийг судлах ажиллагаа үүний өмнөхөн хийгдэж байсан юм. Гэхдээ тухайн амьтан “ердөө” 15 мянган жилийн настай байжээ. Харин Германы эрдэмтдийн илрүүлсэн эд эс 16-23 сая жилийн настай байх магадлал өндөр байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ