Нисдэг тэрэг хөлөглөн Бурхан Халдунд зугаацжээ
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр твиттер хуудсандаа “Бурхан халдун уул минь ээ гэж” хэмээн биширч хүндэлсэн өнгөөр жиргэж, их хайрханы өмнө татуулсан патиараа оруулсныг олон хүн үзсэн биз.
Эртнийх үү эсвэл, саяхны зураг уу гэдгийг мэдэхгүй ч эрхэм сайд Монгол түмний үндэсний бахархалт хайрхан Бурхан халдунд мөрөө гаргаж, хийморио сэргээгээд ирснийг харсан үзсэн бүхэн ойлгосон. Сураг дуулбал, дэд сайд саяхан, бүр тодруулбал өнгөрсөн ням гаригт Ховдын фракцынхантай хамт их хайрханыг зорьсон гэнэ. Ингэхдээ эгэл ард шиг газраар мөлхөж биш, эрх мэдлийг гайхуулан нисдэг тэрэг хөлөглөж очоод Бурхан халдунд тааваараа тансагласан юм байх. А.Баттөр сайдын энэ удаагийн зугаалгын унаа унашийг Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа зохицуулжээ. Гэхдээ мэдээж Жанжин штабын даргын зөвшөөрөлгүйгээр нисэх боломжгүй. Тэгэхээр генерал Ц.Бямбажав ч дэд сайддаа анхаарал тавьж, ядарч зүдрэлгүй зугаацаад ирэх боломжоор хангахад анхаарсан бололтой.
Ийн тал талаас нь анхаарсны ачаар дэд сайд А.Баттөр болон түүний нөхөд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр Бурхан халдун нисээд ирэх зардалд долоон сая хүрэхтэй үгүйтэй төгрөг төлсөн сураг байна. ЗХЖШ-ынхан 303 дугаар ангийнхаа тоотой хэдхэн нисдэг тэргээр хувийн хэвшлийн компаниудаас хямдаар үйлчилдэг талаар хэн хамаагүй хүнгүй л ярьдаг. Уг нь тус ангид байгаа Ми-8-ыг нэг цаг нисгэхэд 1250 ам.доллар, Ми-171-ийн ганц цаг агаарт эргэлдсэний зардал 2500 “ногоон” болдог гэдэг. Гэхдээ энэ бол ердөө л зарцуулсан түлш шатахууны үнийг тооцоход шүү дээ. Дээрээс нь нисгэгчдийн цалин хөлс, техникийн элэгдэл хорогдол нэмэгдэхээр түлшний үнийг дахин нэг нугалсантай тэнцэхээр зардал гардаг юм байна.
Гэвч манай Зэвсэгт хүчний дарга нар нисдэг тэрэгний нэг цагийн нислэгийг 2000 орчим ам.доллараар үнэлсэн нь 5000 ам.долларын алдагдал хүлээн нисч буйн гол шалтгаан гэсэн. Энэ алдагдлыг багасгах талаар эрхэм дарга нарт санаагаа чилээх шаардлага ч байхгүй. Учир нь хэчнээн алдагдал гарсан ч түүнийг нь төр татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү дутуу асуудалгүй шуудхан төлчихдөг. Нэгэнт ийм боломж байхад үнэрхэж тунирхаад яах бэ хэмээн бийлэгжүү загнадаг юм байх. Гэхдээ нисдэг тэрэг хөлөглөөд зугаацаж цэнгэх боломж эрх мэдэлтнүүдэд л бий. Энгийн нэгэнд бол хууль дүрэм яриад халгаадаггүй байж таарна.
Учир нь Улсын нисэхийн тухай хууль гэж 2003 оны тавдугаар сарын 30-нд батлагдсан эрх зүйн баримт бичигт улсын агаарын хөлөг буюу Зэвсэгт хүчний нисдэг тэргээр чухам ямар зориулалтын нислэг үйлдэж болохыг тодорхой заасан байдаг. Уг хуулийн аравдугаар зүйлд улсын агаарын хөлгийн нислэгийг байлдааны үүргийн, онцгой үүргийн, тусгай үүргийн хэмээн ангилсан бөгөөд чухам хэний ч юм бэ лообийгоор арилжааны нислэг гэсэн ангиллыг нэмж өгсөн байдаг юм. Хуулийн аравдугаар зүйлийн
10.2.Байлдааны үүргийн нислэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бүх төрлийн нислэгүүд хамаарна.
10.З.Онцгой үүргийн нислэгт дараах нислэгүүд хамаарна:
10.З.1 Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг;
10.3.2.Тогтоосон агаарын замаас гадна зайлшгүй шаардлагатай үйлдэх улсын агаарын хөлгийн нислэг.
10.4.Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг болон байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламжийн зорилгоор үйлдэж буй бүх төрлийн нислэгүүд хамаарна хэмээн заасан буй.
Харин өнөөх лообийны заалт нь 10.5.Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална хэмээн орсон байдаг.
Дэд сайдын зугаалгыг дээрх ангиллуудаас арилжааны гэсэнд л хамааруулж болох байх. Гэхдээ арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн чиглэлээр батлагдсан Чикагогийн конвенцийн 135 дугаар дугаар дүрмийн дагуу агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ авч, нислэгийн аюулгүй байдлыг хангаж, агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон зорчигчдын амь насыг олон улсын дүрэмд заасны дагуу заавал даатгалд хамруулах гээд холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Гэтэл 303 дугаар ангийн нисдэг тэрэгнүудэд гэрчилгээ, даатгал, зөвшөөрөл аль аль нь байхгүй гэж баттай эх сурвалж дуулгасан.
Түүнээс гадна Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутаг дээгүүр нисдэг тэргээр зугаацахыг хориглосон
шийдвэрийг А.Баттөр дэдийн баг лав зөрчсөн юм билээ. Мөн хаврын хуурайшилттай холбоотойгоор дархан газарт аялал зугаалга хийхийг ч энэ сарын 10-ныг хүртэл хориглосон. Гэтэл хорио тавигдаагүй байхад эрхэм сайд явчихаад ирсэн нь мөн л хуулийг үл тоосны илэрхийлэл юм.
Сайддаа найр тавьж хууль дүрмийг хуйгаар нь зөрчин тансаглуулсан Зэвсэгт хүчний генералуудад их учир бий. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавьш хувьд тэтгэвэрт гарах нь тодорхой болж тойрохоо зуруулах л үлдсэн учир буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүйн үлгэрээр хандаж байж болох. Харин бригадын генерал Д.Даваагийн хувьд Ц.Бямбажав генералын албан тушаалыг өвлөж магадгүй хэмээн ид яригдаж буй учраас шийдвэр гаргах эрх мэдлийг нь хүндэтгэж дэд сайд А.Баттөр болон Ховдын фракцынхандаа номхон зогсч хүндэтгэл үзүүлсэн гэхээс өөрөөр тайлбарлах арга ч алга. Улс орны эдийн засаг сульдаж, ард түмний амьдрал туйлдаж хоногийн хоолоо яая гэхдээ тулсан энэ цагт ууланд зугаалахаар улсын унаа хөлөглөөд нисч яваа нь ариун явдал мөн үү.
Эсвэл Батлан хамгаалах гэж мөнгөө багтааж ядсан газар энүүхнээр дутав гэж хэмээн эндүүрсэн ч байж болох. Нэг удаагийн нислэгээс бүхэл бүтэн 5000 ам.доллар буюу яг өнөөдрийн ханшаар 9.2 сая төгрөгөөр салбараа алдагдалд оруулан байж тансаглахын учрыг ухахад ухаан их хэрэгтэй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ