Э.Урангоо: Анууш ахтай одоо мэндийн зөрөөтэй байдаг

МҮОНТ-ийн бүтээл “Нарны жим” олон ангит кино энэ сарын 2-нд нээлтээ хийж үзэгч олны хүртээл болж эхэлсэн билээ. Тус кинонд Ундрал бүсгүйн дүрийг бүтээсэн “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчийн нэг, дуучин, жүжигчин Э.Урангоог редакцийн зочин буландаа урьж нээлттэй ярилцлаа.

-Ярилцлагаа таны хамгийн сүүлд хийсэн уран бүтээлээс эхэлье гэж бодож байна?

- Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Сүүлд өөрийн хувийн уран бүтээлээ хийхээр зорин ажиллаж байна. Гэхдээ сая хамгийн сүүлд хөл бөмбөгийн “Адерналин” дууг дуучин Тулгаа, мөн “Мазз” хамтлагтай хамтран дууллаа. Энэ сард хөлбөмбөгийн сезон эхлэхээр цацагдах байх. Үүний араас зуны уур амьсгалтай dance дуун дээр ажиллаж байгаа. Нэрийг нь одоогоор өгч амжаагүй байна. Хөлбөмбөгийн “Адерналин” дууны клипны зураг авалт хэд хоногийн өмнө дууссан.

-“Нарны жим” кино олны хүртээл болоод эхэллээ. Та гол дүрийн жүжигчдийн нэг. Дүрийнхээ талаар жаахан тодотгож яриач?

-“Нарны жим” кинонд Ундрал гэх бүсгүйн дүрийг бүтээсэн. Миний дүр бол онцгой байдлын газрын ахлах дэслэгч Гантигийн найз бүсгүйн дүр л дээ. Тийм хүний найз бүсгүй байна гэдэг ямар хэцүү байдаг гэдгийг харуулсан. Ундрал их энгийн бүсгүй. Мэдээж Э.Урангоогоос ялгарах зүйл байгаа. Зарим талаараа ойролцоо зүйл ч байгаа. Зураг авалтын үеэр их хүндрэлтэй зүйл гарах нь бага байсан. Чадварлаг хамт олон, сайн жүжигчидтэй ажилласан болохоор тэр байх. Хамгийн сүүлд олдсон жүжигчин нь би юм билээ. Зураг авалт эхлээд нэлээд олон хоносны дараа миний зураг авалтууд орж эхэлсэн.

-Кинонд тоглох саналыг хэнээс хүлээж авсан бэ?

-Хамгийн анх туслах найруулагч Билгүүтэй ярьсан. Тэр хүн ийм кино хийж байгаа гээд баг хамт олноо танилцуулаад их найрсаг ярьсан. Би тэр үед кинонд тоглох бодолгүй байсан юм. Өөрийн хамгийн анхны цомгоо гаргах гээд ажиллаж байгаа учраас их ажилтай байсан. Тэгээд Билгүүтэйтэй уулзаад ярилцахад их гоё хамт олон бүрдчихсэн ажил ид өрнөж байсан. Надад баг хамт олон, киноны цар хүрээ гээд бүхий л зүйл нь таалагдсан. Тэгээд ерөнхий найруулагчтайгаа уулзаад жүжигчин Батуушкатай пороб хийж үзсэн л дээ. Амжилттай болсон учраас ажилдаа орсон доо.

-Онцгой байдлын алба ямар санагдсан бэ?

-Энэ кино зөв цагтаа гарч байгаа гэж бодож байна. Онцгой байдлын албаныхан ажлаа хийж байна гээд явж л байдаг.Гэвч энгийн хүмүүс яг юу хийдгийг нь сайн мэддэггүй. Кинонд тоглох хугацаанд онцгой байдлын ажилчид ажилсаг, хүний төлөө өөрийгөө зориулчихсан баатрууд байдаг юм байна гэдгийг ойлгосон. Үзэгчид энэ киноноос хувиа хичээсэн хүн энэ албанд байдаггүйг мэдэж авах байх. Бас сайхан нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлдэг. Ер нь бол Онцгой байдлын газрын ажилтны эхнэрүүд ар гэрээ өөрсдөө аваад явчихдаг мундаг бүсгүйчүүд санагдсан. Нөхрөөсөө их зүйл хүсэхээргүй л байдаг юм байна лээ. Тэр бүгдийг кинонд тоглож байх явцдаа ойлгосон.

-Онцгой байдлын алба хаагчид амьдралаа золиосолдог гэж хэллээ. Та тэдэн шиг амьдралаа золиосолж байв уу?

-Урлагийн хүний хувийн амьдрал нэлээд хойш тавигддаг санагдсан. Бодит үнэн л дээ. Ялангуяа дуучин, хувь уран бүтээлч байна гэдэг бол өөрөө бүх зүйлээ хариуцаж хийх болно. Жүжигчний хувьд найруулагч, баг бүрэлдэхүүн нь бий болчихсон өөрийнхөө ажлыг мэдэж байхад л болж байгаа юм. Дуучны хувьд өөрөө бүх юмаа хийнэ. Хэнтэй ажиллах, хэнээс дуу авах гээд бүх зүйлээ хийж байгаа учраас хувийн амьдрал нэлээд хойш тавигдаж байгаа. Мэдээж хувийн амьдрал хүн бүрт чухал. Миний хувьд эмэгтэй хүн болохоор өөртөө анхаарна, дуучин болохын тулд байнга дасгал хийж,гаам уншина. Дэлгэцийн урлаг учраас бие галбиртаа, бүжгэндээ анхаарна. Энэ бүх бэлтгэлээ хангаад явна. Найз нөхөдтэй тэр бүр уулзаад байж чаддаггүй. Урлаггүйгээр би байж чадахгүй гэдгээ ойлгосон учраас бүх зүйлээ зориулаад явж байгаа. Бусад зүйл минь бүтээд явж байсан ч урлагын ямар нэгэн зүйл хийхгүй бол сэтгэл маань зовиноод юу ч хийхгүй дутуу байгаа юм шиг санагддаг, цаанаасаа заяагдахдаа чи энэ замаар явах ёстой шүү гэсэн юм шиг л. Тийм учраас л бүх зүйлээ золиослоод яваад байдаг байх. Гэхдээ аль болох хувийн амьдрал, боловсрол гээд бүх юмаа тэнцүүлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хүн цагийн зохион байгуулалттай байх нь чухал. Цагаа үр бүтээлтэй өнгөрөөж чадах нь хувь хүний л зохион байгуулалт.

-Өмнө нь кинонд тоглож байсан байх. МҮОНТ-ийн багтай ажиллахад хэр санагдсан бэ?

-Аливаа нэг бүтээл, ялангуяа кино гэдэг их том бүтээл шүү дээ. Баг хамт олон их чухал юм байна лээ. Хамт олон хувь хувийнхаа ажлыг мэддэг байх юм бол болчих юм шиг санагдсан. Баг хамт олон надад үнэхээр таалагдсан. Бид нэг гэр бүл шиг болчихсон. Яг ажлаа мэддэг. Найз нөхөд байх үедээ найз, найруулагч, жүжигчид байх үедээ байна. Сайхан нэг хамт олон болсон гэж дүгнэж байгаа. Маш олон туршлагатай хүмүүс байгаа л даа. Туршлага гэдэг бол аяндаа аваад явчихдаг. Одоо бол зөндөө гоё дурсах зүйлүүдтэй сайхан хамт олон болж чадсан.

-Кино хэдий хугацаанд бүтсэн бэ. Зураг авалт хаана явагдсан бол?

-Сэлэнгэ аймаг явсан, тэгээд хот дотроо зураг авалттай байсан. Би байнга л машиндаа гэрээ нүүлгэчихсэн явдаг байсан. /инээв/. Тэр зургийг тэгэхэд авна гэхэд л байнгын бэлэн байдалд байх ёстой.

-Аль сургуулийг төгссөн бэ?

-“Сити” дээд сургуулийг Маркетинг, менежментийн чиглэлээр дүүргэсэн.

-Урлагийн боловсролыг хэрхэн яаж авч байна?

-Олон сайхан багш нараас хичээл авч байсан. СУИС-ийн Насантогтох багш, Уртын дууч Хонгорзул, Хүүхдийн ордны Ганчимэг багш, Дуурийн Баадай гээд олон багш надад хичээл заасан. Би жил гаруйн хугацаанд Их эзэн хааны театрт дуучин, бүжигчнээр ажилласан. Бүжгийн балетмастер Дашлхагва багш маань миний урлагийн талын бүх зүйл дээр багшилдаг. Надад бүжиглэх суурийг тавьж өгсөн хүн байгаа юм.

Би 2005 онд цагаан хоолтон болсон

-Хүүхэд насаа хэрхэн өнгөрөөв. Аав, ээж, гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Нэг эгчтэй ам бүл дөрвүүлээ. Хүүхэд байхдаа оюун санааны талдаа их зүйлийг сонирхдог байсан. Хүн хаанаас бүтсэн бэ, яагаад ийм олон шашин байдаг, бид нар яах гэж амьдардаг гээд оюунлаг талын асуултын хариултыг олохыг хичээдэг байсан. Энэ тал дээр аавтайгаа их ойлголцоно. Ааваасаа олон ч зүйлийг асуудаг байсан. Манай аав оюунлаг, бясалгагч хүн. Олон төрлийн шашин өөрөө судалж байсан учраас тэр талаараа надад ярьдаг. Намайг хүнд хүнд асуулт асуугаад байхаар чи надаас хөгшин сүнс байхаа гээд л инээдэг байсан. Аав бид хоёрын яриа хэзээ ч дуусдаггүй. Тэгээд өөрийгөө ойлгоод баясалгагч болж, 2005 онд цэвэр цагаан хоолтон болсон. Одоо болтол цагаан хоол идэж байна. Бусдаас гоё болох гээд цагаан хоол иддэг гэж хүмүүс буруу ойлгодог. Амьтанд хайртай гэрээрээ дүүрэн амьтан тэжээдэг хүүхэд байсан. Ер нь бол маш олон зүйл ухамсарт нөлөөлсөн байх. Тэгээд л энүүхэн биеэ тэжээх гэж мах идэх албагүй гэдгийг ухаарсан. Хүмүүс цагаан хоол монголчуудад зохиохгүй, сульдаа болдог зэргээр ярьдаг. Би ачаалалтай ажиллах байгаа, гэсэн ч их хөнгөн шингэн байдаг. Энэ амьдралынхаа сонголтод 100 хувь сэтгэл хангалуун байдаг. Багадаа би бүжиглэнэ, дуулна гээд л явж байдаг урлагт хайртай хүүхэд байсан. Аав маань бас дуучин, барималчин, зураач Энхтайван гээд хүн байдаг. Вариатай чуулгын дуучин байсан. “Чи миний хайртай цэцэг”гэдэг дуугаар нь хүмүүс их мэддэг. Ээж маань гоо сайханч, сайхан хүн байгаа.

-Хэдэн настайгаасаа бясалгаж эхэлсэн гэсэн үг вэ?

-Нэлээд багаасаа, одоо ч гэсэн бясалгалаа хийж байгаа. Насан туршдаа бясалгалаа хийж цагаан хоолоо иднэ. Бясалгал бол өөрийгөө таних чухал зам. Хүн өөртөө таалагдаж амьдарна гэдэг сайхан. Өөрийгөө бүрэн таньсан тохиолдолд цэвэрлэгч ч, дарга ч хийсэн бай амьдралаасаа таашаал авч чадна. Ер нь хүн болгон бясалгагч гэж хэлмээр байна. Ялангуяа монголчууд төвлөрөл сайтай ард түмэн. Бясалгал гэхээр л сүртэй юм битгий бодоорой.

-Олон төрлийн бясалгал байдаг. Өөрөө ямар төрлөөр бясалгадаг вэ?

-Амьдрах ухааны, эрүүл мэндийн гээд янз бүрийн иог дасгал байдаг. Минийх бол оюун санааны, ухамсрын түвшнийх. Сүнсний бясалгал гэхэд болох юм уу даа.

-Таны хувьд ямар шашин шүтдэг вэ?

-Тусгайлан шашин шүтдэггүй. Бясалгалаа хийгээд л явж байгаа.

-Бясалгагч хүмүүсийн амьдралдаа хандах хандлага ч өөр байдаг байх гэж боддог. Таны ертөнцийг үзэх үзэл аливаад хандах хандлагын талаар сонирхвол...

-Ертөнц бол бидний өөрсдийн толь мэт санагддаг. Миний аливаад хандах хандлага үзэл мааньаяндаа л бусдын төлөө, амьтны төлөө гэх үзэл рүү чиглэсэн. Өөрт төрдөг сайхан мэдрэмжийг бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Аливаад үнэн байгаагаараа энгийн л ханддаг. Би одоо дуучин болчихоогүй болохоор суралцах зүйл надад их байна. Дуучин гэх хүндэт алдрыг бүрэн хүртэхийн тулд их хичээх ёстой юм байна лээ.

-Цагаан хоолтон болохоор хөдөө зурганд явахад хэцүү юу?

-Цагаан хоолтон гэхээр олонх нь сайхнаар хүлээж авдаггүй. Зарим хүн нь ямар гоё юм бэ, яаж ингэж байж чаддаг вэ гэж асуудаг. Хүн идэх юмаараа кайф авч байхад чи яаж ингэж байж чадаж байна аа гэх хүн ч бий. Надад цагаан хоолтон гээд туйлширч, хүмүүсээс тусгаарлагдах зан байдаггүй. Хүн юу идэх нь хамаагүй, хүн байх нь л чухал гэж боддог. Гэхдээ юу идэж байгаагаараа бусдад туслаж магадгүй. “би амьтан иддэггүй гэхдээ сүртэйд битгий бодоорой” гэж киноны хамт олондоо хэлдэг. Өмнө нь “Мартагдашгүй намар” киноны натурт гарч байсан. Тэр үед жижигхэн гал тогоо аваад явсан. Өөрөө хоолоо хийгээд идчихдэг. Ер нь сэтгэл байхад болохгүй бүтэхгүй зүйл байхгүй. Анх намайг цагаан хоолонд ороход Монголд цагаан хоолны газрууд, бүтээгдэхүүн ч байдаггүй байсан. Харин одоо цагаан хоолонд орж байгаа хүмүүс их азтай гэж боддог. Зөндөө олон цагаан хоолны газар байна.

-Монголчууд махнаасаа шим тэжээлээ авдаг. Харин таны хувьд юунаас авч байна?

-Их уураглаг бүтээгдэхүүнүүд хэрэглэх гэж хичээдэг, хоолондоо олон төрлийн шошнууд, дүфү, самрын уураг, олон нарийн ногоонууд оруулдаг.. Мах иддэг хүмүүс энэ бүтээгдэхүүнүүдийг бага хэрэглэдэг шүү дээ. Миний өдөр тутмын хоолонд уураглаг зүйлүүд давамгайлдаг. Товчхондоо бол хоол тэжээлийн ямар ч асуудалгүй, сайхан амьдарч байна.

Gee бид хоёрын хувьд ямарч холбоо байхгүй

-Та “Universe best songs” наадамд оролцож байсан. Анх энэ наадамд орох болсон тухайгаа яриач?

-Энэ наадамд орох саналыг аав маань тавьсан. Би энэ наадмаас зөндөө зүйл сурсан. Дуун дээр их цаг гаргаж ажиллах ёстойг, нарийн нугалаа, нарийн мэдрэмжүүд рүү төвлөрч ажиллах хэрэгтэй тууштай байх гээд л. Тэгээд кинонд тоглох санал аваад бас “Мартагдашгүй намар” киноныхоо дууг нь дуулахаар болоод өөрийнхөөрөө тэр дууг дуулахыг хичээсэн. Сэлэнгэ рүү натурт гарах байсан учраас “Анхны хайр” дууг богино хугацаанд дуулсан л даа. “Мартагдашгүй намар” киноны хамт олон маань бас их сайхан хүмүүс байсан. Бүгдээрээ нэг газар натурт байрласан учраас бие биеэ ойлгож, сайхан нөхөрлөцгөөсөн. “Мартагдашгүй намар”-т хүнд хэсгүүд байдаг шүү. Бороонд нордог хэсэг хоромхон зуур гардаг боловч хоёр том гал командын машинаар цэл хүйтэн усаар бороо оруулж байсан. Намрын хүйтэн өдөр бороонд цохиулаад тэрнээс хойш хүйтэн уснаас их айдаг болчихсон. Тэрний дараа найруулагч Чингүүний “The Call” уран сайхны кинонд тоглосон. Тэгэхэд бас бороонд нордог хэсэг байсан. “Call” кинонд тоглоход “Бороон гүнж” гэдэг нэр хүртэл авсан шүү. Харин манай “Нарны жим” дээр бороо байхгүй. Жүжигчин хүний нэг сайхан зүйл нь бүх мэргэжил рүү орж чаддаг. “Мартагдашгүй намар”-аас намрын ажил гэж ямар мундаг нүсэр зүйл болохыг мэдсэн. Бид нарын аав, ээжийн үед бол ангиар нь тэр намрын ажилд гаргачихдаг байсан. Одоо тийм зүйл байхгүй ш дээ. Тэнд хайр дурлал, нөхөрлөл гээд зөндөө зүйл болдог юм байна лээ. Үр тариа ямар их хайраар үндэслэж гарч ирдэг гэдгийг кинонд тоглож байх явцдаа мэдэж авсан шүү. Агаарт их сайхан байсан. Би чинь байгалийн амьтан, агаарт гарах их дуртай. Сэтгэл санаа хэцүү, уур уцаартай үедээ агаарт гараад л тайвширдаг даа.

-Нэг үе хөтлөгч Анууш та хоёрыг үерхэж байгаа гэх мэдээлэл нэлээд шуугиан тарьж байсан. Хэр бодитой мэдээлэл байсан юм бол?

-Анууш ахын хувьд кино багийнхан хамт олон бүгдэнд нь анхаарал тавьдаг хүн л дээ. Эмэгтэй хүнд халамжтай, мэдрэмжтэй хүн. Зарим сайтууд бол арай л хэтрүүлж бичсэн. Хүүхэдтэй болгоод, нэг гэрт оруулаад л. Тийм зүйл бол бидний дунд байгаагүй. Гэхдээ бие биенийгээ ямар хүн гэдгийг таних гэсэн цаг хугацаа бол байсан.

-Таныг Ануушийг эхнэр, хүүхдээс нь салгалаа гэж бичээд байсан санагдаж байна. Одоо та хоёр ямар харилцаатай байдаг вэ?

-Одоо бол зүгээр л мэндийн зөрөөтэй байдаг. Тус тусдаа ажил ихтэй учраас огт уулзалддаггүй, ярьдаггүй. Тааралдах юм бол сайхан мэндлээд л өнгөрдөг. Анууш ах хүүхэдгүй л дээ. Харин тэгж бичсэн санагдаж байна.

-Тэрний дараахан реппер Gee-гийн машинтай зугаалж байна гээд байсан?

-Бид хоёр хамгийн эхний удаа зураг авалтад орж байсан байх аа. “Нарны жим” кинон дээр тийм хэсэг гардаг юм. Зураг авахад их тод гэрэл тусгана ш дээ. Нүүр рүү тод гэрэл тусгасан байсан болохоор хүмүүст танигдахаар байсан байх. Яалт ч үгүй би реппер Gee-гийн хажууд нь суучихсан явсан л даа. Ганцхан орой, хэсэгхэн хугацаанд зураг авахад л бөөн сенсаци болгоод биччихсэн байсан. Gee бид хоёрын хувьд ямар ч асуудал байхгүй.

-Э.Урангоо бясалгал хийдэг учраас эрэгтэй хүн их гологдож байна уу. Эрэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Аав маань их мэдрэмжтэй хүн. Эмэгтэй хүн аав шигээ хүнийг хайдаг гэдэг ш дээ. Яагаад ч юм нээрээ тийм юм шиг байна лээ. Би дурламтгай хүн ч гэсэн олон хүнтэй үерхэж байгаагүй ээ. Хоёрын хооронд байлгүйгээр тууштай байя л гэж боддог. Надад мэдрэмжтэй, ноён нуруутай, эр хүн шиг эр хүн л таалагддаг гэх үү дээ.

-Урлагийнханд продюссерууд хатуу чанга шаардлага тавьдаг гэж сонссон. Нөхөргүй, хүүхэд гаргахгүй гэдэг ч юм уу?

-Энэ хугацаанд хамтарч ажиллая гэсэн продюссерууд мэр сэр байсан. Гол нь санаа нийлэх үгүй нь чухал юм шиг, тоглоом биш шүү дээ тэ? . Монголын продюссерууд айхтар хатуу нь гайгүй байх.

-Та анхны хайрынхаа тухай яриач?

- Анхны хайртайгаа өсвөр насандаа учирсан болов уу л гэж боддог. Хааяа хүмүүс болзоё гэх санал ирэхэд нэг ч удаа болзож байгаагүй хэрнээ анхны хайр гэж дүгнэж байгаа хүн маань “Хоёулаа уулзъя” гэхэд нь хөл дээрээ тогтож чадахгүй, нисээд ч байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрж байсан. Болзоонд очдоггүй хүн чинь нэг мэдэхэд л явж очоод уулзаж суусан /инээв/.Одоо бодоход сайхан дурсамж шүү. Бас хэцүү дурсамж ч байсан. Анхны хайрын маань эзэн гэж бодоод байгаа хүнтэйгээ учирснаас хойш их зүйл мэддэг болсон. Өөрийнхөө сэтгэлийг таньж эхэлсэн дээ.

Ээжтэйгээ хамтарч салон ажиллуулдаг

-Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?

-Ганцаараа амьдардаг. Олон жил ганцаараа амьдарч байна. Эгч маань гадаадад байдаг. Уран бүтээлч болох гэж байгаа хүн тусдаа байхгүй бол өөртэйгөө ажиллах ажиллагаа их шаардана. Тэр болгон багш нартай байнга дуугаа давтаад байж чаддаггүй. Гэртээ дасгал сургуулилт, хувь бэлтгэлээ хийнэ. Нэг талаар гэрээ ажлын байр маань ч гэж хэлж болно.

-Ганцаараа амьдрах зардал ихтэй гэж зарим хүн ярьдаг юм билээ. Бизнес эрхэлдэг үү, нууц биш бол орлогынхоо талаар яриач?

-Ээжтэйгээ хамтраад жижиг салон ажиллуулдаг. Анх салоноо бий болгох гэж нэлээд их гүйсэн. Одоо бол гайгүй. Телевизийн ажлуудаа орхисноос хойш гол санхүү салоноос л орж ирж байгаа. Одоохондоо их жижигхэн салон. Цаг завтай болохоороо салоноо томруулна гэж боддог. Бүсгүйчүүдэд хэрэгтэй бүхнийг бий болгохыг хүсдэг.

-Гоо сайхны мэс заслыг олны танил эмэгтэйчүүд хийлгэх нь их болжээ. Та гоо сайхны мэс заслыг хэрхэн ойлгодог вэ?

-Уран бүтээлч хүний хувьд үгүйсгэхэд хэцүү. Яагаад гэвэл өөрсдийнхөө хувийн амьдралд биш дэлгэцийн урлагт зориулж гоё сайхан харагдахын төлөө хүмүүс гоо сайхны мэс засалд ордог байх. Тэгэхдээ миний хувьд бол хүн байгалиараа байж байж л чи өөрөө бусдаас ялгарна гэж боддог. Тийм болохоор мэс засал дэмий гэж боддог.

-Өөрөө мэс засал хийлгэж байв уу?

-Хийлгэж байгаагүй. Одоогоор нүүр будалт, үсээ янзалаад бүх зүйлээ өөрөө хийчихдэг . Тэр болгон make upхийлгэх гээд л үсчин, гоо сайханд очих хэцүү л дээ.

-Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Би халгай шампуний рекламд тоглосон ш дээ. Урьд нь олон төрлийн шампунь хэрэглэж байсан. Тэгээд явж явж халгай шампунь дээр тогтсон. Салонд орох юм бол халгайгаа бариад л явж байдаг болсон. Монголын уур амьсгалд тохирсон. Үсийг хурдан ургуулдаг шампунь. Гадны шампунид огцом гоё үнэртэй, химийн бодис их орсон байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд аль болох натураллаг бүтээгдэхүүн хэрэглэдэг. Арьсандаа байнгын нэг бүтээгдэхүүн дагнан хэрэглээд байж болохгүй.

-Сурталчилгаанд тоглох санал хэр их ирж байна?

-Саналууд ирж байсан. Гэхдээ өөрийнхөө нүүр царайг хадгалж байя гэдэг үүднээсээ тийм их олон рекламанд тоглоогүй. Өөрийнхөө дуунуудыг гаргаад ирэхээр ажил эхэлнэ дээ.

-Дотны найз хэр олон бэ?

-Найз бол маш их байгаа. Яг дотны найз гэвэл цөөн. Найзууддаа цаг зав гаргаж чадахгүй жаахан шүүмжлүүлээд л явдаг. Сайн найзууд бол уулзаагүй ч гэсэн бие биенийгээ мэдэрч,хэрэгтэй үед нь гарч ирж чаддаг. Сүүлд найзуудтайгаа уулзаад арга хэмжээ зохион байгуулъя гэж ярилцсан байгаа. Тэрүүгээрээ зураг авдаг найзыгаа камержуулах аян зохион байгуулах тоглолт хийх яриа өрнөсөн шүү /инээв/. Ер нь бие биедээ дэм болж өгдөг. Би найзуудтайгаа гурван жил дараалж архи, тамхигүй шоу зохион байгуулж байсан. Тухайн үед тамхины хууль батлагдаагүй хүнд байсанч залуус идэвхтэй ирж сайхан болж байсан. Заавал архинаас хамааралтай байж хүн бүжиглэх албагүй. Өөрийнхөө эмоциор л байхад болно гэж боддог.

-Архи ууж, тамхи татаж үзсэн үү?

-Үзэхийн хувьд бол үзсэн. Одоо бол огт уудаггүй. Уухгүй бол чи урлагийн хүн биш гэж зарим хүн басах магадлалтай байдаг. Архинд дурласнаараа нэг их хол гишгэхгүй байх л гэж боддог. Тааруулаад уудаг хүмүүсийг үгүйсгээгүй л дээ. Гэхдээ архи уухгүй л бол уран бүтээлч биш гэдгийг би 100 хувь үгүйсгэдэг. Залуу хүн болохоор шоудах үедээ шоудаад л явдаг.

-Ирээдүйд айлын эхнэр, ээж болно. Энэ бүхэнд сонголтоо хэрхэн хадгална гэж бодож байна вэ?

-Нөхөртэй болсон ч миний мах идэхгүй сонголт хэвээрээ байна. Гэхдээ чи надтай адилхан цагаан хоол ид гэж хүний эрхэнд халдахгүй. Цагаан хоолтон найзууд маань хүүхэдтэй болсон. Хүүхдүүд нь бүгд эрүүл саруул бойжилттой байдаг. Ер нь хүн махчин биш юм байна лээ ш дээ. Бүх зүйлд дасан зохицох чадвар өндөртэй л болхоос.

-Хүнээс ямар бэлэг авах дуртай вэ?

-Сэтгэлийн бэлэг авах дуртай. Нэг дурсамж ярихад манай аав урлагийн хүн болохоор хатуухан мөртлөө найзархаг харилцаатай. Хэдэн жилийн өмнө хүүхдийн баяраар “Хайрт охиндоо хүүхдийн баярын мэнд хүргэе” гэж бичээд бэлэг бэлдчихсэн байсан. Би тэрийг хараад өдөржингөө уйлж билээ. /инээв/. “Би чинь хүний хүүхэд юм байна шүү дээ” гээд л /инээв/. Хүмүүсийн сэтгэлээсээ өгсөн болгонд баярладаг. Цаасан дээр сайхан үг бичээд өгсөн ч гэсэн.

-Сүүлийн үед охид, бүгүйчүүд булган шубээр гангарах нь ихэссэн. Энэ тухай таны бодлыг сонсъё?

-Заавал тийм үхсэн амьтан нөмөрсөнөөс хиймэл үсээр хийчихсэн сайхан харагддаг булга байдаг ш дээ. Тэрийг өмслөө гээд ялгагдахгүй. Яахав жинхэнэ булга нь илүү дулаахан байдаг байж болох юм. Гэхдээ заавал амьтан нөмрөх алба байна уу. Түүгээр зиндаа тодорхойлогдоногэж бодогдохгүй байна.

-Ном хэр их уншдаг вэ. Ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?
-Багадаа ном их уншдаг байсан. Гэгээнтний номнууд, дандаа оюун санааны номнууд уншдаг байсан. Сүүлийн үед ном уншихгүй байгаа. Хүнд нэг хэсэг их ном уншиж байгаад хэсэг орхих үе байдаг юм шиг байгайн. Сонсдог хөгжмийн урсгал гэвэл жааз хөгжим. Энэ хөгжим өөрөө их мэдрэмжтэй бас гоё орчинтой. Ер нь гоё мэдрэмжтэй л хийсэн бол бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонсдог доо.

-Дурсамжийг тань сэдрээдэг дуу байдаг уу?

-“Гэгээн өглөө сайн байна уу” дууг сонсох сайхан шүү. Бас нэг үе хит болж байсан Итали дуунуудыг сонсдог. Аав маань их сонсдог. Хүүхэд байхад аав маань итали дуу сонсонгоо хоолны төмс хэрчих чимээ нь одоо ч хааяа сонсогдох шиг болдог. Өглөө эрт их өлсчихсөн эгчээсээ түрүүлж босоод яаж их идэх вэ гэж боддог байсан /инээв/ тэр гэгээлэг үеүд санаанд ордог юм. Ер нь яг ам бүлээрээ гоё үе байдаг ш дээ. Тэр дурсамжийг маань итали дуунууд сэдрээдэг.

-Гэнэтийн хамгийн том бэлгийг хэнээс авч байв?

- Надтай хамт олон жил амьдарсан нохой байсан юм. Тэрийг ээж маань төрсөн өдрөөр минь бэлэглэж байлаа. Тортны саван дотор хийчихсэн маш жижигхэн чихмэл тоглоом шиг харагдаж байсан. Ямар ч толбогүй цав цагаан нохой. Энэ л гэнэтийн гоё бэлэг байсан даа. Одоо нохой маань байхгүй ээ, хөгшрөөд өнгөрсөндөө.

-Одоо амьтан тэжээж байна уу?

-Одоо бол ямар ч амьтан тэжээхгүй байгаа. Багадаа л маш их амьтан тэжээдэг байлаа. Нохой, тагтаа, тоть, гүрвэл, туулай, загаснууд гээд л. Амьтан болгонд маш их арчилгаа хэрэгтэй, тэжээвэл тэжээсэн шиг тэжээх хэрэгтэй. Тэгэж чадахгүй бол амьтныг тамласан хэрэгт орно. Завгүй хүн бол амьтан тамлах юм байна лээ. Тийм болохоор амьтан тэжээхгүйгээр шийдсэн. Амьтаних хөөрхөн шүү дээ. Харахаад авч тэжээмээр санагдаад байдаг юм. Завгүй болохоороо зовооно гэдгээсээ айдаг болохоор авдаггүй. Эмгэн болж байгаад зөндөө нохой тэжээнэ гэж бодож байгаа /инээв/.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж бодож байна?

-4-5 хүүхэдтэй болно гэж боддог.

-Та хувцасныхаа загварыг өөрөө зохиодог гэсэн. Бас өөрөө оёдог уу?

-Сайн оёж чадахгүй ээ. 3-4 даашинз оёж байсан туршлага бий. Тэрнээс хойш нэг юмнаас ч гэсэн дутчихъя гэж бодоод оёхоо больсон. Яг үнэндээ миний оёж байсан даашинзууд нэг удаагийнх болоод байсан юм аа /инээв/. Загвараа гаргаад оёдолчдод өгчихдөг. Оёход их цаг зав зардаг юм байна лээ.

-Өөрийгөө цөөн үгээр тодорхойлохгүй юу?

-Зүгээр л өөрийнхөөрөө байя л гэсэн уриатай.

-Орчин үеийн охидын ерөнхий байдал нь чамд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Нэг хэсэг брэндэд баригддаг тал байсан. Тэр бол буруу гэж боддог. Яагаад гэхээр заавал үнэтэй юм өмсөхөөрөө л өөрийгөө тодорхойлно гэж юу байхав. Тэр бол ядмаг ойлголт. Одоо охидууд маш ухаантай, өөртөө арчаатай сайхан болсон. Одоогийн залуучууддаа сэтгэл хангалуун байдаг. Бүгдээрээ өөрсдийнхөө төлөө зөв хөгжөөд явдаг гэж боддог.

-Монголын хүүхнүүд гадныхантай их гэрлэдэг болж. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Үндэс угсаагаа бодсон ч тэр монгол хүн монгол хүнтэйгээ амьдраад явах нь сайхан. Гадаадад явж байгаад Монголдоо ирэхээр тоос шороотой байсан ч өлгийдөөд авах шиг болдог ш дээ. Яг тэрэн шиг ханиа Монгол хүнээр сонговол нүнжигтэй. Гэхдээ хүн учрах ёстой хүнтэйгээ л учирдаг гэдэг юм байна лээ. Гадаад хүнтэй бүх юмаараа тохироод тэр хүнгүйгээр байж чадахгүй юм шиг байвал хүний зүрх сэтгэл, хайр дурлалыг бид бас хорьж болохгүй ш дээ. Хүний эрхэнд халдах эрх хэнд ч байхгүй. Миний хувьд бол монгол хүнтэйгээ л гэрлэнэ гэж бодож байна.

-Монголчууд нутаг, ус ярих дуртай байдаг шүү дээ. Та аль нутгийн хүн бэ?

-Аав маань Дундговийнх. Би хотод төрж өссөн.

-Аав, ээжээсээ “жавтий” хүртэж байсан тохиолдол бий юу?

-Байлгүй яах вэ. Ээж маань бага байхад гадагшаа их явдаг байсан. Тэгээд аавтайгаа найз байлаа. Аавдаа бас зодуулна. Охидыг зоддог юм уу гээд хүмүүс гайхаад байдаг л даа. Би бол зодуулж байсан хүн /инээв/. Бүхнийг чадна гэсэн онгироо хүүхэд байсан л даа. Тэр үүднээсээ чи ямар үйлдэл хийгээд байна гэхээсээ илүү чи ямар бодолтой байна гэдгийг хараад хурааж хурааж байгаад аав маань зоддог байсан. Хүүхдээ уйлаад байхаар хүмүүс “Миний хүү битгий уйл” гэж аргаддаг ш дээ. Намайг тэгж аргадахгүй “Битгий өөрийгөө өрөвдөөд уйлаад бай” гээд загнадаг байлаа. Өөрийгөө өрөвдөж байгаа тохиолдолд л хүн уйлдаг гэдэг. Сүүлдээ уйлаад байхад тоохгүй болохоор “За за болъё” гээд больчдог байж билээ /инээв/. Намайг эрхлүүлэхээсээ илүү хаана ч биеэ аваад явчих тэнхээтэй хүмүүжүүлсэн. Манай аав нэг хэсэг “Хүн ертөнц” гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Зарим хүн мэдэх байх аа.

-Монгол ахуйдаа хэр ойр вэ?

-Монгол хүн болохоороо ч тэр юм уу морио харж сэргээл, яаж унахыг заалгаагүйн мөртлөө шууд л давхина /инээв/ . Сайхан монгол гэрт амьдарч байсан үе бий. Монгол гэрийн ёс заншлаа тодорхой хэмжээнд мэднэ. Би өөрийгөө байгалийн хүн гэж дүгнэдэг. Тэр ч утгаараа монгол ахуй, байгальтайгаа ойрхон.

Ярилцсанд баярлалаа.

mnb.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин