Ерөнхий сайд шүүхийн шийдвэртэй тэрсэлдэж Дундговийн Засаг даргыг дураараа солилоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг одоогоос гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн зургадугаар сарын 2-нд нэгэн чухал шийдвэрийг сэмээрхэн гаргачихаж. Энэ нь Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах тухай шийдвэр юм. Сэмээрхэн гэсний учир нь энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн зарлаагүй. Сайдуудыг огцруулах эсэх асуудал, эх үрсийн баярын уур амьсгал намжаагүй байсан гээд цаг үеийн торгон мэдрэмжээ эрх мэдэлтэйгээ хослуулан ашиглаж хоромхон зуурт бүхэл бүтэн нэгэн аймгийн хувь заяаг шийдчихсэн хэрэг.
Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгэн аймгийн Засаг даргыг хоёр дахь удаагаа огцруулчихдаг юм байна. Үүний өмнө 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 188 тоот захирамжаараа С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргын суудлаас огцруулсан. Гэтэл С.Сүхбаатар Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн энэ оны хоёрдугаар сарын 14-ний 904 дүгээр захирамжаар “Ерөнхий сайдын 188 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Захирамжийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор давж заалдахэрхтэй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан шийдвэр гаргажээ. Үүний дараа 2014 оны гуравдугаар сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 116 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж энэ нь эцийн шийдвэр болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл С.Сүхбаатарын талд үнэн багтаж Ерөнхий сайд үндэслэлгүйгээр халсан болж таарч байгаа юм. Гэтэл гуравхан хоногийн өмнө өнөөх үнэнч шударга Ерөнхий сайд маань шат, шатны шүүхийн шийдвэрүүдийг таягдан хаяж өөрийн шийдвэрийг илүүд үзэж С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргаас огцруулахаар шийдвэрлэжээ. Энэ юу гэсэн үг вэ. Ерөнхий сайдын шийдвэр хуулиас дээгүүр гэсэн үг үү. Өнөөх хуулийн дээр хөх тэнгэр л байдаг гэсэн яалаа.
Өнөөдөр Ерөнхий сайдын нэр хүнд, хүч нөлөөлөл ямар байгааг олон нийт мэдэж байгаа. УИХ-д, Засгийн газарт, хамгийн гол нь өөрийг нь батламжилсан Ерөнхийлөгчийн итгэл найдварыг тэр хангаж чадаж байгаа билүү. Ерөнхийлөгч “давхар дээлээ тайлах” санаачилга гаргахад хэрхэн эсэргүүцэв. Өөрөө эс боловч УИХ дахь АН-ын бүлгийн даргаар үгээ дайж “дайсан”-аа бэлтгэсээр суугаа түүнд ямар хөзөр байгаа вэ. Бараг хөзөргүй ч буугаад өгчихөж чадахгүй байгааг нь өрсөлдөгчид нь харж байна. Энэ бол өрөвдмөөр өрөг.
Дундговийн Засаг даргын тухайд Ерөнхий сайд шийдвэртээ түшиглэсэн хуулийн гол заалт нь ИТХ-ын шийдвэр. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 32.3 болон аймгийн ИТХ-ын 2014 оны тавдугаар сарын 24-ний дөрөвдүгээр тогтоолд үндэслэсэн гэхээр төлөвлөсөн бололтой юм. Гэтэл ИТХ-ны хурлын тогтоолд ИТХ-ын дарга биш хурал даргалагч С.Дэжид гэгч гарын үсэг зурж баталгаажуулсан байх юм. Тэгсэн хэрнээ ИТХ-ын өмнөх тогтоолыг хүчингүй болгоход ИТХ-ын дарга С.Буджавын гарын үсэг дурайж байх нь тэр. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл ямар хурлын тогтоолд ИТХ-ын дарга, эсвэл хурал даргалагч гарын үсэг зурах вэ гэдгийг холбогдох хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг.
Нөгөөтэйгүүр энэхүү үйлдэл нь тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав дуртай тогтоолыг баталгаажуулдаг, дургүйг нь хэн нэгнээр гарын үсгээ орлуулчихдаг, бас бүхэл бүтэн нэгэн аймгийн парламент болсон ИТХ-ын хурлын даргын тамга тэмдэг хэн, хүний гар дамжиж явдаг бололтой. Энэ нь жинхэнэ завхрал биш гэж үү. Төрийн тамгыг ингэж түшиж яваа хүмүүс түмнийхээ итгэлийг даана гэдэгт итгэж боломгүй.
Уг нь эдүгээ Дундговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй С.Буджав С.Сүхбаатар даргатайгаа нам нэгтэй, үе тэнгийн залуус. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараахан аймгийн МАН-ын хорооны даргад өрсөлдөөд С.Сүхбаатар олонхийн санал авсан. Гэтэл С.Буджав санал луйвардчихлаа гэж Хяналтын ерөнхий хороондоо хандсан. Эцсийн шийдвэр мөн л С.Сүхбаатарын талд гарсан. Олон улсын харилцаа, хууль эрх зүйгээр дотоод, гадаадад хангалттай цэнэглэгдсэн тэрбээр хий гаргадаггүй, даруухан байж байгаад маргаанд ялаад байдаг нь түүний буруу биш биз дээ. Харин С.Буджавын хувьд Дундговийнхны хувьд залхтлаа үзсэн кино, уншсан ном нь мэт болчихоод байгаа. Тэр ч байтугай сүүлийн үед нам нэгт Засаг даргатайгаа таарч тохирохгүй байгаагаас үзэхэд зангаа хувиргаж өөр сонголт хийж мэдэхээр болсон, эсвэл нэлээд өсөрхүү, зуунги нэгэн болов уу гэлтэй харагдаж байна. Тэгээд чЕрөнхий сайдын үндэслэсэн гээд байгаа ИТХ-ын 2014 оны тавдугаар сарын 24-ний хурлаар аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг огт хэлэлцээгүй аж. Өөрөөр хэлбэл, энэ хурлаар хэлэлцэхээр товлосон гурван асуудал дотор Засаг даргыг огцруулах асуудал болон тэрхүү С.Дэжидийн гарын үсэгтэй тогтоол байгаагүй. Харин аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаар С.Сүхбаатарыг огцруулах саналыг Ерөнхий сайдад өргөн барьсугай гэсэн үг, үсгийг уг тогтоолд хуралдаан болсон шөнө ч юм уу өргөн барьсан байх гэж хуралд оролцогчид үзэж байгааг уг хурлын бичлэгээс үзэж болно.
Дашрамд сануулахад 2014 оны гуравдугаар сарын 20-нд Дундговийн Засаг дарга С.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анхнаасаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү Засаг даргын албан тушаалыг АН-д өгчих гэж байсан. Тэгэхээр намайг огцруулахад тодорхой нөлөө үзүүлэн байж таарна” гэсэн нь анхаарал татдаг. Гэвч нэгэн аймгийн Засаг даргын суудал бол худалдаад авч болдог хурдан удмын морь биш.
Ямартай ч олны сонорт хүргэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс тоон түүнээс давсан шийд гаргаж Дундговь аймгийн Засаг даргыг огцруулсан байна. Тэр бол хуулийн дээр байх хөх тэнгэр лугаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ