Б.Ганчимэг Ерөнхий сайд ба хэвлэлийн эздийг шүүмжлэв
Засгийн газар хэвлэлүүдэд мөнгө цутгаж, хаалтын гэрээ байгуулдаг тухай маргаан гарсан нь саяхан. Тэгвэл үүнтэй холбоотой гэмээр нэгэн үйл явдал болоод буйг сэтгүүлч Б.Ганчимэг твиттерт шүүмжилжээ.
Тэрбээр жиргээндээ, “Татварын ерөнхий газар Шилдэг агентлаг шалгаруулах энэ эргүү төслийн хүрээнд 10 саяыг өгчээ. Баялаг бүтээгчдийн мөнгийг ингэхээ болиочээ. Татвар төлөгчдийн мөнгийг бузар сайтуудын эзэн нарт Алтанхуягтай нийлээд өгчихсөн байна шүү” хэмээсэн юм.Маргааны шалтгааныг тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны өдрүүдэд төр засгийн хэрэгжүүлэгч агентлагуудаас хамгийн шилдгийг тодруулах медиа аян зарласан билээ. Аяныг “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан байна. Харин аяны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж буй тухай өдөр тутмын “Өглөөний сонин” сонины эрхлэгч Л.Нинжжамц жиргэсэн бол тэр даруйд сэтгүүлч Б.Ганчимэг, “Мөнгөний ажил. Одоо шинэ юм сэтгээсэй энэ нэг хэдэн юм” хэмээжээ.Хариуд нь Л.Нинжжамц, “Ямар ч мөнгө энд хамаагүй. Цаг үе нь биш” гэсэн бол Б.Ганчимэг ихэд бухимдан, “Би үнэхээр та нарыг үзэн ядаж байна. Сэтгүүлчийн хувьд чи надтай ингэж ярих зиндаа байгаа юу” хэмээжээ.
Энд нэг зүйлийг тодруулахад, “Өглөөний сонин” сонины эрхлэгч Л.Нинжжамц нь хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтан эмэгтэйчүүдийн “Diamond press” клубыг тэргүүлэгчдийн нэг бөгөөд клубын элч сэтгүүлчийн хүндэт шагналыг өнгөрсөн онд сэтгүүлч Б.Ганчимэгт гардуулж байсан юм. Хэвлэлийн салбарын нэр хүндтэй хоёр эрхмийн ширүүхэн хэрүүлийн төгсгөлд Б.Ганчимэг, “Тэр даймонд элч бил үү, тэрийгээ аваарай та нар. Намайг элч гэж зарлаад яаж мөнгө хийснийг чинь мэдсэн” гэсэн юм.
Жиргээнээс харахад Төр засгийн шилдэг цахим хуудсыг шалгаруулах гэж баахан мөнгө зарлагадаж, татвар төлөгчдийг хохироож байна гэж үзэхдээ “Open door” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэг бухимдсан нь илэрхий байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ