Ерөнхий аудиторыг юу “айлгав”

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудын нэгд зүй ёсоор орсон царцсан төсвийн талаарх хяналт шалгалтыг Үндэсний Аудитын Газар хийхээр болж, төсвийн сан­хүү­жил­­тээр хэрэгжиж бай­сан 272 тө­слийг зог­соож аудитын шалгалт хийх шийдвэр гарсан. Уг ажил хэрэгжих хугацаанд Үндэс­ний аудитын газар 250 сая төгрөг зарцуулж, өргөн бүрэл­дэхүүнээр төсөл бүрийг шир­хэгчлэн авч үзээд нэгд­сэн тайлан гаргасан юм. Түү­нийгээ Засгийн газарт хүр­гүүлэн, УИХ-ын даргад өр­гөн барьж, Төсвийн байнгын хороонд танил­цуулан хуралдсан талаар мэ­дээлж байсан билээ. Энэ үед цаашид үргэлжлүүлэн хэ­рэг­жүүлэх 144 төсөл, арга хэмжээг нэгтгэн жагсааж, эдгээрийг 10 гаруй ангиллаар үргэлжлүүлэх санал гаргажээ.

Эдгээр үргэлжлүүлэх саналтай төслүүд дотор дэмжмээргүй зүйлс ч нэлээн байсан аж. Жишээ нь, Хууль зүйн сайдын багцад тусч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хариуцсан 1500 хүний багтаамжтай нэгдсэн хорих ангийн барилга. Гэрээг жилийн өмнө байгуулах үед 3.8 тэрбум төгрөгөөр төсөв баталж байсан. Гэвч 2014 оны төсөвт 10 дахин нэмэгдэж 37 тэрбум хүрчээ.

Үндэсний аудитын газар үүнийг үргэлжилж болно гэж үзсэнийг УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандсан юм. Тодруулбал, 37 тэрбум төгрөгийг 1500 хүний тоонд хувааж үзвэл нэг хоригдолд ойролцоогоор 28 сая төгрөг зарцуулах болж буй. УИХ-ын дарга З.Энхболд “Тэр хүмүүст ийм шорон барьж өгснөөс мөнгөөр нь нэг өрөө байр бариад өгчихвөл 1500 хүн хулгай хийж, хэрэг хийхээ болих юм биш үү” гэж шүүмжилсэн. Түүнчлэн ийм байж боломгүй зүйлийг дэмжээд, үргэлжлүүлнэ гэж оруулж ирснийг буруутгаж, цензуртэй хандах ёстойг хэлж байсан юм. Үнэхээр ч, ганц шорон барихад ийм их хөрөнгө зарцуулна гэдэг аймшигтай харамсмаар санагдахаар. Үүний оронд хичнээн эмнэлэг, цэцэрлэг барьж болохсон билээ!

Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцэх үеэр дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулсан ба тэрээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектийн хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадсангүй.

Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт "0" дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрчээ.

Мөн тухайн шалгалтын үеэр удирдлагын хүрээний зардал нь хэт өссөн газрууд ч мэр сэр байсан бололтой. Жишээ нь, Ерөнхий сайдын хамаатан гэгдэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, олон ч хэл аманд өртөн “алдаршаад” байгаа Г.Дэнзэн гэхэд, өөрөө өөртөө төсөвлөн, гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр сард 6 сая төгрөгийн цалинг авдаг гэлцэнэ. Ерөнхий аудитор А.Зангадын хувьд энэ мэтчилэнгийн “но”-г илрүүлэн хэлэх гэхээр тэр бүр зүрх зориг дутан, “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэгчийн үлгэр болоод байгаа бололтой. Ганц Г.Дэнзэн ч бус, Засгийн газрын тэргүүнтэй холбоотой өөр бусад асуудлууд ч энэ шалгалтын явцад цухуйсан байж болох талаар зарим нэгэн нөхөд таамаглан хэлэлцэж байна. “Олны үг ортой” гэж...

С.Мөрөн /new.mn /

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин