Дүүгээ алдсан дэд хурандаа Ерөнхийлөгчид захидал илгээжээ
“Таван толгойн” цэргийн ангид бэлтгэл хийж байсан офицер саяхан харамсалтайгаар амь насаа алдсан талаар бид мэдээлж байсан билээ. Ар гэрийнхэн нь түүнд дарамт шахалт их байсан талаар тухайн үед бидэнд ярьж байсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч,Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид талийгаачийн авга ах нь ил захидал илгээжээ. Захидалдаа талийгаач ямар их дарамт шахалтанд ажиллаж байсныг дурьдсан байна. Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Ил захидал.
Миний бие чөлөөнд гарсан, цэргийн тусгай хэлтсийн ахмад ажилтан бэлтгэл дэд хурандаа Х. Энхсайхан саяхан манай ах, дүү нарт тохиолдсон, эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан өнөөгийн Зэвсэгт Хүчний доторболж буй хууль бус үйл явдал, түүний цаана өнөөдөр албаа хааж буй олон аавын хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө энэхүү захидлыг бичиж сууна.
Миний авга дүү “Д” нь 1993 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 2013 онд БХИС-ийн ахлагчийн курсын артилерийн анги төгсөөд Сонгино дахь 120-р ангид ажилласан юм. “ Д” нь айлын ганц хүү доороо ганц эмэгтэй дүүтэй. Аав, ээж нь хөдөө мал малладаг. Ээж нь хорт хавдартай эмнэлгийн хяналтанд хэвтэрт байдаг. Авга дүү “Д” нь тус ангид томилогдсоноос хойш үргэлж жижүүрт гарч авсан цалингүй, гар утсаа ломбарданд тавьж үл мэдэгдэх нөхдийн дарамтнаас айж архи авч өгөн тэд нар нь бааранд суухдаа дуудаж мөнгөө төлүүлэхээс гадна таксины мөнгө авдаг байсан байна. 2014 оны 05 сарын эхээр Ховдод байгаа охин дүүтэйгээ ярьж 10,000 төгрөг явуул, архи авч өгөхгүй бол ална гэж дарамтлаад байна гэж ярьжээ.
“Д” нь тус ангид ажилд ороод, хуулийн дагуу 14 хоногийн амралтаа эдлээгүй албаа хааж явсаар, 2014 оны 5 сарын 13-ны орой Тавантолгой дахь полигон дээр учир битүүлэгээр амь насаа алдсан. Орой 20 цагийн үед Ховдод байгаа дүү охинтойгоо утсаар ярьсаны дараа 22 цагийн үед байрнаасаа 200 м хүрэхгүй газар амиа алдсан байна. Ийм үйл явдал болоод байхад 5 сарын 14-ны өглөө 06 цагийн үед хотод байгаа ах, эгч нартай нь ангиас нь утсаар ярьж задлан хийх гэж байна ир гэсэн дуудлага ирсэн. Хүүгээ армид явуулаад 2 жил уулзаагүй ядарсан аав, ээж хоёр нь хүүгийнхээ алтан шарилыг аваад нутаг буцлаа. Ховдоос аав, ах нар нь Улаанбаатар хотод ирсэн зардлыг анги нь гаргаж өгөөгүй, дарга нар нь утсаа авахаа болив. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Ийм эмгэнэлт үйл явдалд, миний бие өөрийн биеэр оролцож Зэвсэгт Хүчин маань Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Эх орныхоо нэр төрийг дэлхий дахинд гаргаж яваа гэсэн бодол маань талаар өнгөрч, өөрийн мэргэжлийн дагуу мэдээлэл цуглуулахад энхийг сахиулах гэсэн маскны цаана авилга, дарамт шахалт, оны ялгаа бүх үйл явдал байна.
Энхийг сахиулах үйл ажиллагаанд явуулж өгсөн хүнд, доод тал нь 500 доллар дээд тал 2000 доллар төлдөг гэсэн мэдээ сонин хэвлэлээр гарах боллоо.Социализмын үеийн оны ялгаа, өнөөдөр ахлагчийн эгнээнд цэцэглэжээ.
Ахлагч нар, шинэ ахлагч нараа дарамтладаг, мөнгө татдаг, архи авахуулдаг, архи уусан үедээ ядарсан ахлагч нарыг хооронд нь зодолдуулж таашаал авдаг, цалингаар нь хүүхэн авахуулдаг байна. БХИС-ийн нэгэн өндөр албан тушаалтан өөрийн удирдлагад байгаа эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх гэснээр, нөгөө эмэгтэй өнөөдөр шар хадны эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.
“Эх нь шийр алаг бол, унага нь шийр алаг гэгчээр“ таны санаачилгаар байгуулсан “Тэмүүжин өрлөг” сургуулийн хүүхдүүд хүртэл 1-р ангийн хүүхдүүдээр ундаа, чихэр авахуулдаг болжээ.
Дарамт шахалт оны ялгаатай ангиудад Өвөрхангайн 256, Өмнөговийн 167, Төв аймгийн Сэргэлэнгийн 016, 120-р ангиуд болон Улаанбаатар хотын 0150 ангийн хэсэг ахлагч нар өнөөдөр халагдах өргөдлөө өгөөд байна.
Яг одоогийн байдлаар 016-р ангийн байлдагч Золжаргал гадны нөлөөтэй төмсгөндөө хүнд гэмтэл аван, хагалгаа хийлгэх болоод байна. Өнөөдөр Зэвсэгт Хүчинд олон сайхан генерал, хурандаа нар байгаа ч доод талын анги байгууллагын дүр, төрх иймэрхүү байна.
Дээр үед ангид тусгай төлөөлөгч, улс төрийн ажилтан нар ажиллаж анги, байгууллагад болж буй үйл явдлын талаар ангийн захирагчид мэдэгдэж арга хэмжээ авдаг байсан бол, одоо энэ ажил байхгүй болжээ.
Амь үрэгдсэн дүүгийн маань ажил явдалд БХЯ, ЗХ-ний жанжин штаб хуулийн дагуу тусласан ч, цаашид ийм үйл явдал даамжирч олон аавын хүүхэд амь насаа алдаж болзошгүй, байгааг Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч та өөрийн эрх, үүргийн дагуу зохих ёсны арга хэмжээ авч, хэвлэл, мэдээлэлийн хэрэгслээр ард түмэнд мэдээлэл өгөхийг хүсэж байна.
Хүний амь юунаас ч илүү үнэтэй. Дүүгийн маань, учир битүүлэг амиа алдсан хэргийг, үнэн зөв шалгахад туслалцаа үзүүлнэ үү.
Таны ажилд өндөр амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Хүндэтгэсэн: ТЕГ-ын тусгай хэлтсийн ахмад ажилтан
Бэлтгэл дэд хурандаа Х.Энхсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ