Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа

Одоогоос таван жилийн өмнө Халх голын ялалтын 70 жилийг тэмдэглэж байхад “Өдрийн сонин”-д сэтгүүлч П.Хашчулуун домогт 22 дугаар морьт хорооны комиссар Ерэнтэйн Цэдэн-Иштэй хөөрөлдсөнөө нийтлүүлж байжээ.

Тэгвэл ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой тохиох тул ярилцлагыг дахин нийтэллээ.
Сэтгүүлч “Халхголын байлдааны тэргүүн шугамд тулалдсан ч дайны төгсгөлийн өдрүүдэд Дотоод яамныханд баривчлагдсан домогт 22 дугаар морьт хорооны комиссар Ерэнтэйн Цэдэн-Иш гуай саяхан болтол сэрүүн тунгалаг байлаа.

Нас барахын нь өмнөхөн түүнээс энэ ярилцлагыг аваад хуурцгийг нь ширээнийхээ нүдэнд хадгалсан байснаа өнөөдөр сийрүүлж сууна. Эдүгээ Чойбалсан хотын төвийн 16 дугаар байранд энх тунх амьдарч буй комиссарын гэргий Б.Цэрэндулам гуай, мөн хүү Ц.Ганбат нар нь энэхүү ярилцлагыг авахад хамт байсан билээ.

Ингээд Халхголын дайн гэж чухам юу болсон, 22 дугаар морьт хороо хэрхэн байлдсан, өнөө яригдаад байдаг Мана уулын төлөө тэд хэрхэн тулалдсан, бас хэлмэгдсэн талаарх өвгөн комиссарын сүүлийн яриаг хүргэе. Ярилцлагын эхэнд “Үхэхээсээ өмнө үнэнийг хэлье, өвгөн ах нь” хэмээн хэлж байсан юм” хэмээгээд ярилцлагаа сийрүүлсэн байна.

- Танаас “Хэрхэн хэлмэгдсэн бэ” гэж асуудаг хүн олон байх. Би ч бас тэгж асуумаар байна Яагаад гэвэл таны амьдралын чухал намтар юм даа.
- Муухай л юм болж өнгөрсөн дөө, хүүхэд минь. Би дүүрчээ харин ар гэр, үр хүүхдэд минь үеийн үед нөлөөлсөн. Санаж сэрэх маань урьдын адилгүй байна. Гэхдээ худлаа ярьж болохгүйгээ өвгөн би мэднэ ээ.
-Танай 22 дугаар морьт хороог мэдэхгүй хүн цөөн юм. Хорооныхоо тухай эхлээд ярих уу?
- Ардын армийн наймдугаар морьт дивизийн харьяа 22 дугаар морьт хороо юм. Хороон дарга нь Бадарч, комиссар нь би байлаа. Одоо манай хороог домогт 22 дугаар морьт хороо гэж түүхэнд тэмдэглэх болж дээ. Халхголд домог болохоор тулалдсан хороо доо. Гэхдээ би бусдаасаа илүү сайн, гарамгай байлдсан гэж магтах талаас нь хэлж байгаа юм биш шүү. 29 удаагийн байлдаанд орсон. Тагнуулд яваад хэсэг бүлэг дайсантай тулгарсан гэдэг ч юмуу, жижиг сажиг мөргөлдөөн болж алалцаж буудалцсанаа оруулаагүй юм шүү дээ. Том хүчтэй ширүүхэн үзэлцсэнээ хэлж байгаа юм. Жижиг байлдааныг тооцолгүйгээр 29 удаа байлдсан гэдэг нь түүхэнд бичигдсэн. 1981 онд Намын Төв Хорооны дэргэдэх түүхийн институт, БХЯ –ны Эрдэм шинжилгээний институтын гаргасан “Ахмад дайчдын дурдатгал” гэдэг номон дотор бичээстэй байгаа. Ер нь манай хорооны хэрхэн тулалдсаныг Халхголын байлдаанаас хойш ном, сонин, сэтгүүлд 40 орчим удаа бичсэн шүү. Өнгөрсөн 60 жилд их л хэл ам удсан хороо доо. Хэл ам удсанаасаа болж “Домогт” нэр авчихсан юмуу даа.
- Танай хорооныхноос яг хэдэн хүн хэлмэгдсэн юм бэ?
- Хорооны даргыг, комиссарыг, мөн их бууны батарейн дарга, дээр нь гурван сургагч гэхээр чинь зургаан хүн юмуу. Эхлээд баригдсан нь энэ хэд л дээ. Нөмрөгийн тулалдааны талбар дээрээс шууд л баривчилж авчирсан. Биднийг хэлмэгдүүлэхтэй хамтатган хорооны маань дайчдыг тэр чигээр нь хэлмэгдүүлсэн нь муухай. Бидний удирдлагын дор байлдсан гэж хэлмэгдүүлсэн байхгүй юу. Тэр бүү хэл манай дээд газар болох наймдугаар дивизийн маань нэр ус бас доройтсон. Дивизийн харьяанд байсан хороодын хэрхэн тулалдсан талаар тэр бүрий юм гарахгүй болоод дарагдчихсан юм.
- Тэгээд хэзээнээс эхэлж та нарын тухай үнэнийг дэлгэж эхлэв?
- Цэргийн түүхийн институтын түүхийн ажилтан Ганболд 1996 онд наймдугаар дивизийн тухай томоохон ном бичсэн. Хэзээ хойно 57 жилийн дараа ном гаргалаа шүү дээ. Түүхийн явцад тодорсоор гаргахаас өөр аргагүй болсон байх.
- Хэр үнэнийг бичиж вэ?
- Тэр хүүд баярлах ёстой. Харамсалтай нь жинхэнэ баярлах учиртай дивиз, хорооныхноос минь бараг хүн үлдсэнгүй.
- Хороон дарга, их бууны батарейн дарга, мөн таныг эх орноосоо урвасан хэмээн буудан алах ял оноосон байдаг. Баривчлагдсан, хоригдсон, бас буудуулах дээрээ тулсан тэр бүх үйл явдлыг та эргэж нэг дурсаач?
- Нөмрөгийн тулалдаанд манай 22 –р морьт хороо наймдугаар дивизийн даргын тушаалаар орсон. Тэгэхэд Нөмрөгийн Мана ууланд дайсны хоёр дивиз хүч байсан юм байна лээ. Тэр үед япон гол хүчээрээ Номун ханы чиглэлээр байлдаж байсан. Бид баруун урдаас нь буюу Хамар даваанаас тэдэнтэй тулалдаж байсан. Мана уул чинь манайхаас баруун урагш. Орос, Монголын армийн ар талд байгаа газар. Гэтэл манай ар талаас цохих бэлтгэл хүчээ япончууд Мана ууланд хуралдуулчихсан байж. Тэр үед Халхголын фронтын штабын дарга нь дэслэгч генерал Богданов гэж хүн байсан юм. Тэр Богдановын үйл ажиллагаа сул байсан юм уу, ямар нэг байдлаар алдаа мадаг гарч тэрхүү Мана ууланд байгаа тийм том хүчийг үнэлэлгүйгээр дөрвөн сар гаруй өөд уруугүй байлдсан манай хороог тийш нь тавьсан юм байна лээ. Манай хороо үнэхээр ядарч сульдсан байсан. Олон ч цэргээ алдсан байсан. Гэтэл өөр явуулах хүч байсаар байтал үхтлээ тулалдсан манай хороог тавина гэдэг бол ямар ч улсын байлдааны дүрмэнд байхгүй зүйл болсон л доо.
- Хорооныхоо хэцүү байгаа байдлыг дээд командлалдаа ойлгуулах боломж танд байгаагүй юм уу?
- Байлдааны цагийн хууль гэж байна шүү дээ, хүү минь. Дээрээс тушаал өгсөн л бол сумны өөдөөс явж таарна.
- Нөмрөгт, Мана ууланд тэгээд юу угтав?
- Нөмрөгт бид есдүгээр сарын 9 -ний шөнө очоод 10 –ны өглөөний 10 цагаас эхлээд үдийн 1.20 цаг хүртэл гурван цагийн ширүүн байлдаан хийсэн. Бид өглөө нь амжиж байраа эзэлсэн юм. Дайсан ч нар гарангуут шаргуу дайрч эхэлсэн. Сумангуудын мэдээлснээр бол Японы талаас лавтай мянга орчим цэрэг үрэгдлээ гэж мэдээлсэн. Тэгэхэд манай хороон дарга Бадарч “Мянга ч юу юм бэ, дайсны цэргийн үрэгдсэн тоог 600 хүнээр ав. Ялж л байвал олон цөөн нь хамаагүй” гэж хэлсэн юм. Жаахан амсхийгээд дахиад тулалдаан эхэлсэн. Бид хориглочихсон окопон дотроос байлдаж байлаа. Япончууд бүр ил цагаан, Мана уулын энгэрээс, газрын дээрээс дайрсан болохоор бараг таньдаг хүнээ танихаар тийм хэмжээнд хүрч ирж байгаа байхгүй юу. Тийм улс чинь үхэхгүй яахав. Тэр үеийн Оросын максим пулъмётоор бид зэвсэглэсэн байсан. Минутад 500-600 сум гаргадаг буу шүү дээ. Япон мөн хүнд пулъмёттой. Тэр нь яадаг вэ гэхээр 600 метрээс цааш явахгүй. Манайх бол мянга, мянга 500 метрт алж л байна шүү дээ. Бадарч дарга тэр байлдаанд өөрийнхөө хэрэглэдэг арга буюу галлахыг хүлээлгэж дайсныг ойртуулаад байсан. Гурван зуун метрт орлоо гэнгүүт надад хэлээрэй, би тушаалаа өгнө гэж хэлээд буугаа гозолзуулаад явсан. Тэгсээр байтал зарим газраараа манай галын цэг дээр дайсан нэвтрээд ороод ирсэн. Ингээд галлах пуужин хөөрсөн бүх хүчээрээ зэрэг галласан. Тэгэхэд урдаас хэвтэж босоод ирж явсан дайснууд чинь нам буугаад хүнд цохилтод орно биз дээ. Тэгэнгүүт япончууд Мана уулын энгэрийг харанхуй болтол хөшгин утаа тавиад ухарчихсан. Ингээд утаа арилаад гучаад минут болсны дараа хартал япончууд байдаггүй. Мана уулын энгэрт хүүр ирийгээд л байдаг. Амьд хөдөлж байгаа хүн байхгүй. Япончууд ийм арга хэрэглэж манай галаас сугарсан юм. Тэгээд буун дуу зогссон. Тэр үед Бадарч дарга юу гэж байсан гэхээр “Дайсан манайхаас мундахгүй цохилт авлаа. Энэндээ хорсож өнөө шөнө юмуу, эсвэл маргааш танкаар, онгоцоор дэмжүүлэн дайралт хийх нь гарцаагүй. Тийм болохоор манай хороо энэ байранд байж болохгүй. Зайлна. Зайлахдаа өдөр зайлж болохгүй, цаадуул чинь харна. Харанхуй болгоод зайлъя” гэсэн. Ингээд шөнө нь бид зайлахдаа урагшаа дайсан руугаа нэг км ойртоод тэндээсээ баруун тал руугаа эргэж нэгэн том уулыг эзэлж авсан. Танк ирэх нь гарцаагүй хэмээн үзэж хориглосон. Энэ төлөвлөгөөгөө Бадарч дарга бид хоёр бүх дарга офицеруудад тэр шөнө танилцуулсан юм. Гэтэл шөнийн 23.00 цагийн үед Мана уулын баруун мөрөн дээгүүр олон гэрэл гарч ирсэн. Бид танк нь дайралтад орлоо гэж ойлгосон. Тэр бүү хэл Бадарч бид хоёр хоорондоо “Манай их бууны галаас зэвүүцэж их таруу гарч ирж байна” гэж ярилцсан. Ингээд цэрэг бүрт байгаа нэг нэг гранатыг нийлүүлэн гурваар нь, таваар нь бөөгнүүлж цэргүүдийнхээ хөлийн жийргийг ашиглан баглаж бэлтгэсэн. Ингээд танкин доогуур шидэхэд дэлбэрэх нь гарцаагүй юм. Мөн хуяг нэвтлэх сумаар цэргүүдээ хангасан. Гэтэл тэр шөнө дайсны танк ч дайрсангүй. Ингээд л энэ шөнийн газар солилтоор дөрвөн их буугаа намагт хийчихгүй юу. Тэр шөнөдөө бүтэн суман цэрэг гаргаж ухаад буугаа авч чадсангүй. Маргааш нь 11 –ний өглөө боллоо. Шөнийн тэр олон гэрэл юу байсан гэхээр цэргүүдийнхээ хүүрийг ачаад шөнөдөө буцсан нь тэр байж. Ингэсээр 13 –ны өдөр боллоо.
- Энэ тулалдааны талбараас та нар баригдсан байдаг бил үү?
-Тэгсэн юмаа, манай морьд баруун тийшээ нэг их хустай ганганд нууцлагдаж байсан юм. Тэгтэл морь барьж байсан цэргүүдээс нэг нь давхиж ирлээ. “Энд суудлын тэрэгтэй хэсэг дарга нар ирээд байна. Хороон дарга, их бууны батарейн дарга, комиссар гурвыг гурван сургагчтай дуудаж байна” гэлээ. Бүр нэр бичиж өгөөд явуулсан цаасыг өнөөх цэрэг чинь үзүүлж байна. Ингээд бид зургаан хүн өнөө хориглож байсан өндөр уулан дээрээсээ буугаад бэлд очсон. Суудлын тэрэгнүүд харагдаж байна. Нэг “М” машин байна. Бас нэг “Газ Пикап” –тай. Биднийг тосоод газрын өөд арваад хүн ирж явна. Тулаад ирсэн Дотоод Яамны нэг дэд хурандаа байна. Цэргийн ёсоор эхлээд хороон дарга, тэгээд би, миний ард батарейн дарга … гээд шил шилээ хараад ёслоод мэндэллээ. Бадарч дарга өнөөх дэд хурандаатай чинь ёслоод гар бариад эргэтэл Бадарч дарга руу хоёр цэрэг шурхийж ирээд нэг нь хоёр гарыг нь ингээд /гараа нугалж үзүүлэв/, нөгөөдөх нь олсоороо хүлээд авлаа. Би гайхасхийгээд өнөөх хурандаатай чинь гар бариад эргэтэл миний гарыг бас барьж аваад хүллээ. Ингээд бүгдийг маань хүлж газрын уруу тууж машин дээрээ авчраад пикап машины тэвшин дээр гаргах гэсэн хоёр гар нь хүлээтэй хүн чинь гарч чаддаггүй юм байна лээ. Тэгтэл биднийг өргөөд араас түлхчихсэн чинь харуулдаж ойчихоо дөхсөн. Ийм байдлаар л муугаа үзэж эхэлсэн дээ.
- Та нар чинь баривчлагдах нь гэдгээ мэдээгүй явсан юм уу?
- Юу гэж тэгж бодох юм. Уулан дахь хориглолтоосоо доошоо бууж тэдэн рүү очихоор явж байх замд манай сургагч Васин гэж орос нөхөр надад “За бид япончуудыг ялсан, мянга гаруй дайсан хөнөөсөн. Дивизийн дарга нар маань ирчихсэн биднийг шагнах гэж байгаа байх” гэж хэлээд миний мөрөн дээр алгадаж инээлдсэн шиг очсон байхгүй юу.
- Ингээд та нарт ямар хэрэг тулгав?
- Дөрвөн их буу дайсанд өгсөн. Дөрвөн сар байлдахдаа дөрвөн их буугаа хамгаалаад ялаад явсан туршлагатай улсууд. Гэтэл эцсийн мөчид эдгээр буунаасаа салсан нь та нар эх орноосоо урваж, Монголын армийн хүчин чадлыг сулруулсан хэрэг гэж. Ийм хэргээр л эхлээд баривчилж Баянбүрд гэдэг газар хээрийн байдлаар байрласан цэргийн хэргийг хамаардаг “Дорнод тусгай хэлтэс” гэдэгт авчирсан юмаа.
- Удаан байцаасан уу?
- Тэр газарт 10 хоног байцаагдаад хээрийн шүүхээр тулган таслуулсан. Хэн маань ч хэргээ хүлээгээгүй дээ. Зодууллаа, ухаан алдлаа. Винтовоор зодуулсан шарх одоо миний толгойд байна. /тонгойж дагзан дахь хуучны гялайж үлдсэн сорвины ор харуулав.сурв/ Байцаагдах гэр рүү явсангүй гээд тууж явсан цэрэг жадалсан жадны сорви энэ байна /тохой руугаа хуруугаараа заав.сурв/ Гэхдээ дайтаж байлдаж явахдаа авсан сумны шарх сорвины дэргэд юу ч биш л дээ.
- Тэрхүү Дотоод яамны тусгай тасаг гэж ямар байр байдалтай газар байсан юм бэ. Хамгийн хэцүү эрүү шүүлт нь юу байв?
- Таван ханатай арваад гэр, дөрвөн ханатай нэг гэртэй. Байлдааны байдлаар түр байрласан тийм газар байсан. Яргалахын тухайд хамгийн хэцүү нь багахан шиг түмпэнд шар аргал үнгэлж овоолоод, тэрэндээ гал асааж утаа баагиулаад, хоригдож байгаа гэрт минь тавьж, гэрийн маань хаалгыг хааж, өрхийг нь битүүлээд, хаяаг нь манаад хорьчихно. Үнэхээр хэцүү байсан. Ухаан дэн дун болж, амьсгаа боогдоод, үхэж байна уу даа гэхийн алдад орж ирээд утаагаа гаргаад “За муу эсэргүү япон чи үгээ хэлэх үү, үгүй юу” гээд зодож эхэлнэ. Феодалын үеийн есөн эрүү ямар байсныг мэдэхгүй, миний үзсэн эрүү шүүлт лав ийм байсан юм. Мөн ч их зодуулж нүдүүлсэн дээ. Би тийм хэрэг хийсэн гээд хэлчих үггүй хүн чинь үнэхээр хэцүү юм байна лээ. Өөрийн хувь заяандаа л гомдохоос биш, өөр яах ч аргагүй байсан.
- Та гуравт тэгээд тэр дор нь буудах ял өгсөн юм уу?
- Тэгж үйлийг маань үзэж байгаад цэргийн хээрийн шүүхээр бид гурвууланд минь буудах ял сонсгосон доо.
- Тийм ял сонсох мөч гэдэг амаргүй биз?
- Навс унаж байгаа юм. Амьдаараа үхдэг юм билээ. Буудан алах ял сонсгоод дээрээс хариу хүлээсэн юмуу, яасан юм дахин сар хэртэй хорьсон. Есдүгээр сарын 13 –нд баригдаж хоригдсон улс чинь аравдугаар сар гараад хүйтэн орчихож байгаа юм. Байлдааны талбар дээрээс өмсөж ирсэн шинельтэйгээ, нойтон газарт газар ухаад окопон шоронд хорьсон болохоор хүйтэн гэдэг нь жигтэйхэн байсан.
- Та гурвыг хамт хорьж байсан уу?
- Хамтад нь хорьсон. Бадарч дарга, манай их бууны батарейн дарга чинь Дамдинжав гэж хүн байсан юм шүү дээ. Тэгээд би.
-Та гуравт амь гуйх боломж олгосон ч Бадарч дарга чинь амь гуйгаагүй учраас буудуулсан гэдэг. Энэ үнэн үү?
- За би үнэнийг хэлж өгье өө, хүү минь. Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа. Буудах ял сонссоноос хойш долоо хоноод байтал “Амь гуйж болно” гээд бид гуравт тус бүрт нэг нэг цаас, харандаа өгсөн юм. Би амь гуйж бичсэн. Дамдинжав бас бичсэн. Харин Бадарч болохоор “Би бичихгүй. Би буудуулахаар, бас амиа гуйхаар хэрэг хийгээгүй” гэж. Тэр бүү хэл Бадарч “Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй” гэж хэлсэн. Дамдинжав бид хоёрт яг ингэж хэлсэн юм шүү. Бид хоёр бүр аргаа бараад “Бид хоёр өмнөөс чинь өргөдөл бичье. Та гарын үсгээ л зурчих” гэсэн. Тэгэхээр “Наад өргөдлийг чинь бичлээ гээд амьд үлдэх ч юмуу, үгүй ч юмуу. Би зурахгүй. Дөрвөн сар япончуудын мянга мянган сумны өөдөөс явахдаа оногдоогүй юм. Одоо өөрснийхөө нэг суманд үхэх бол үхнэ биз. Ямар ч байсан би амь гуйхгүй” гээд буруу хараад хэвтчихдэг байсан. Тийм хатуу, зоригтой хүн байсан. Ингээд л Бадарч маань буудуулсан даа.
- Цэргүүдийнх нь өмнө Бадарч даргыг буудсан гэдэг. Энэ үнэн үү?
- Наадах чинь харин худлаа яриа шиг байна. Тэнд окопон шорон олон байсан юм. Нэг орой намайг нөгөө хоёроос маань тусад нь салгасан. Маргааш өглөө нь туугдаж явахдаа Дамдинжав над руу налж “Бадарч урьд шөнө ирсэнгүй. Биднийг зөөгөөд байдаг пулуу тэрэг урьд шөнө окопон шоронгуудаар их явлаа. Хүмүүс хоорондоо шивнэж яриад байсан. Нэлээдийг цааш нь харуулав бололтой. Тэр дотор Бадарч дарга явчих шиг боллоо” гэж. Би ч шөнийн тэр чимээг сонссон болохоор тэгэх шиг боллоо гэдгээ Дамдинжавт хэлсэн юм.
- Харин та хоёрыг яасан бэ?
- Амь өршөөсөн эсэх нь мэдэгдэхгүй тэнд удаан хорьсон. Хэзээ авч явж буудах юм бол доо гэж бодоод сууж байдаг байсан. Тэгтэл нэг шөнө авч давхиад Баянтүмэнд авчирч шоронд хорьсон. Өглөө нь биднийг туугаад нэг эсгий гэрт оруулсан. Тэнд нь Дотоод яамны биш харин ардын армийн дэд хурандаа цолтой ахимаг насны хүн сууж байна. Тэр хүн түмпүүчикээ уудалж байгаад нэг хавтас гаргаж уншаад “Өө, зүүн хил дээрээс шөнө ирсэн хүмүүс та хоёр уу” гэсэн. Тэгснээ “Та хоёр чинь амь хэлтэрсэн 10 жилтэй улс юм байна шүү дээ” гэлээ. Тийм үед хачин л болдог юм билээ. Тэгж амь өршөөгдсөнөө мэдэж байгаа юм. Ингээд л Дорнодын шоронгоос эхэлж засан хүмүүжигдэх ажилдаа орсон доо.
- Тантай үүнээс хойшхийг яривал мэдээж амьдралын тань бас нэгэн том түүх эхэлнэ. Тийм болохоор эхлээд хоёулаа 1939 оны үеийн үйл явдлаа дуусгая. 22 дугаар морьт хорооны дарга Бадарч гэж чухам хэн байсан юм бэ?
- Халхголын дайн болсон дөрвөн сарын туршид галын шугаманд хэдий хэрийн дайсан устгасан, ялсан бэ гэдгийг нь үнэлж тэр баатар цолыг нь өгдөг бол одоо Бадарч л авах байх даа. Шинелиэ тайлалгүй дөрвөн сар цус үзэцгээсэн улс шүү дээ, бид чинь. Байлдааны явцад бүтэн дөрвөн сар 8 дугаар дивизийн толгойн хаалтад байлдсан хүн гээд бод доо. Япончуудаас ирж буй дайралт бүхэнтэй эхлээд Бадарч л тулна биз дээ. Манай дивиз хоёр морин хороотой. 22, 23 дугаар морьт хороо гэж. Мөн нэг их бууны хороотой. Бас нэг хуягтын бригадтай. Ийм дөрвөн том айл байсан юм шүү дээ. Тэр үед 23 дугаар морьт хороо манай ард явдаг байсан. Бид нарыг толгойн хаалтад байлдаж байхад манайхыг хамгаалах замаар, ухаандаа бид дийлдээд ирвэл 23 дугаар морьт хороо орох үүрэгтэй явсан. Ийм зохион байгуулалттай байлдаж байсан байхгүй юу. 23 дугаар хороо бол голдуу манай ард явж байгаад л Халхголын байлдааныг дуусгасан юм. Гэхдээ жижиг сажиг юмтай таарсан, ялсан юм тэр хооронд бий байх. Түүнийг би үгүйсгэхгүй. Зүгээр манай хороотой зэрэгцүүлж дүгнэвэл гэж яриад байна л даа.
- Уучлаарай, Цэдэн-Иш гуай. Монгол Улсын баатруудын цөөнгүй нь энэхүү 23 дугаар хорооноос төрсөн биз дээ?
- Мэдэхгүй юм даа, хүү минь. Би үнэнийг л ярьж байгаа шүү. Бодвол ар өвөрт болсон жижиг сажиг юманд сүрхий зориг гаргасан юм байгаа биз дээ. Тэрнээс лав л надтай зэрэгцээд япон нухаж явсан хүмүүсээс баатар боллоо гэж дуулдаагүй.
- Танай хороонд жинхэнэ баатар болох цэргүүд байсан биз?
- Санаж байгаа дээрээ наана чинь тодорхой ганц нэг цэргээ хэлье. Буянтогтохын Амаржаргал гэж Баянхонгор аймгийн Баацагаан сумын нэг цэрэг байлаа. Энэ цэрэг бол жинхэнэ баатар. Нэг удаагийн тулалдаанд Амаржаргалын пулъмётны чигт 36 япон алуулсан байсан. Сүүлд Нөмрөгт ширүүхэн юм болоход мань Амаржаргалын сум дууссан нь мэдэгдлээ. Нэг харсан өнөөх чинь окоп ухдаг жижиг хүрзээ барьчихсан нэг японтой үзэж байгаа харагдана. Би түүнд ойрхон байсан ч өмнөхөө яая гэж байгаа амьтан чинь яах вэ дээ. Үдээс хойш 3.00 цагийн алдад гал нэг юм зогслоо. Сэхээ ороод харсан нөгөө Амаржаргал чинь хүрзээ гартаа барьчихсан хачин царайтай юм хөдлөлгүй зогсож байна. Хажууд нь хоёр япон цэргийн хүүр байна. Нэгний нь тархи бараг ил гарчихаж, өнөөхийг ч харахын эцэсгүй болгож. Тэрнээсээ болоод өөрөө балайраад, оросоор бол шоконд орох гэдэг нь болчихсон. Өөрөө хүрзээ гартаа бариад байгаагаа мэдэхгүй байсан. Хамаагүй ойртвол цохичих гээд. Тэгэхээр нь Бадарч дарга “Чи яагаад хүрзээ бариад байгаа юм. Намайг цохих нь уу? гэхээр “Өө, тийм байна ш дээ” гээд хүрзээ хаях гээд чадахгүй, би хүрз барьсан гарынх нь хурууг хүчээр тэнийлгэж байж хүрзийг нь хаяулж байсан юм. Хүний мэдрэл цочно гэдэг чинь тийм айхавтар. Тэр хүний баатрын гавьяа өнөөдөр лав байхгүй. Бас манай хорооны цэрэг Садын Самдан байна. Цэрэгт ирэхийнхээ өмнө Дотоод яаманд бүртгэлтэй, байцаагдаж байсан хүн шүү дээ. Гэтэл тэр байлдааны талбарт ямар гайхалтай байсныг хэлээд барахгүй. Бид нар нэг удаа Өндөр элс гэдэг газар дайсны бүрэн бүслэлтэд орсон юм. Хоёр өдөр бүтэн тулалдсан. 33 цэргээ алдсан. Бүслэлтээс гарах хаалгыг Самдан нээж, биднийг галаараа хамгаалаад ганцаараа үлдсэн. Бүслэлтээс гарах эцсийн мөчид харахад Самдангийн маань сум дуусаж байгаа бололтой арваад япон түүн дээр очиж байгаа харагдсан. Мань хүн босоод ноцолдож байгаа харагдсан. Тэгээд амь үрэгдсэн хүн л дээ. Энэ хүн бас баатар шүү дээ. Ийм олон эр зоригтой цэргүүд байсан юм даа, манай 22 дугаар морьт хороонд.
- Үнэхээр тийм байжээ. Халхголын байлдааны үнэн түүхээс ярьж өгсөн Танд баярлалаа.
Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Өнгөрсөн бүтэн 70 жилд Халхголын ялалтын сүрлэг ойнууд болж, дайны үед цэргийн алба хаасан ахмадууд энгэр дүүрэн одон медалиар шагнуулж, эх орондоо хүндлүүлж, баяр хөөрт умбан бөөн бөөнөөрөө алхацгааж явахад Цэдэн-Иш гуай маань нэгийнхээ бидоныг тэвэрчихсэн сүүний очерт зогсож байдаг байсныг Дорнод аймагт олон хүн мэднэ дээ. Ийм л нэг эр хар дууль Дорнодын талд, та бидний дунд өчигдөрхөн хүртэл амьд байсныг сануулан сүүлчийнх нь яриаг хүргэлээ. Хэрэвзээ Цэдэн-Иш комиссар сэрүүн тунгалаг байгаад энэ жил Халхголын ялалтын 70 жилийн ойтой золгосон бол Улсын баатар цолыг дайнд оролцсон гавьяагаараа хүртэх сүүлчийн хүн байлаа гэдгийг цэргийн түүхийн эрдэмтэд сонин хэвлэлд бичээд эхэлчихсэн байна лээ.

Ярилцсан П.Хашчулуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин