С.Бямбадорж: Цогтбаатар, Хурц хоёр чинь дарга цэрэг байсан хүмүүс шүү дээ

Бэлтгэл хурандаа С.Бямбадорж манай сонинд хандлаа. Тэрбээр хуулийн байгууллагын үйл ажиллагааны арга барил, мөн өдгөө Төв аймгийн хориход хоригдож байгаа хурандаа Д.Цогтбаатарын талаар ярьсан юм.

-Та эхлээд өөрийгөө танилцуулаач. Хаана ямар ажил эрхэлж байв?
-Би Тагнуулын байгууллагад мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга, Сөрөх тагнуулын албанд хэлтсийн дарга, Тагнуулын дээд сургуулийн дэд захирал, захирал гээд энэ байгууллагад 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн.
-Та ямар учраас сонин хэвлэлд хандах болов. Энэ талаараа тодорхой ярина уу?
-Би 2012 оноос өнөөг хүртэл Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан хурандаа Цогтбаатарыг хэрэгт холбогдсон талаар хэвлэл мэдээллээс уншиж байлаа. Энэ оны нэгдүгээр сарын үед Цогтбаатар надтай биечлэн уулзаж ярилцсан юм. Цогтбаатар надад”Би 2012 онд нэгэн иргэний мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар АТГ-ын дэд дарга Хурцад өгсөн юм. Гэтэл Хурц тэр мэдээллийг төрийн нууц гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлэн, төрийн нууц задруулсан хэргээр надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний дараа УМБГ-аас эзэнгүй хэрэгт холбогдуулан намайг хоёр сар цагдан хорьсон. Намайг Хурц ямар нэгэн хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулах, албанаас зайлуулах оролдлого хийж байгаа гэж би үзэж байна. Иймд танаас хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч, санал солилцохоор тантай уулзаж байна. Би ямар ч гэмт хэрэгт хийгээгүй. Би танд үүнийг итгэлтэй хэлж байна. Та намайг мэднэ дээ” гэж хэлсэн.
-Та түүнийг сайн мэдэх үү?
-Цогтбаатар МУИС төгсөөд анх манай хэлтэст залуу ажилтан ирж байсан юм. Би энэ залууг мэргэжил болон ажил албандаа сайн, ёсзүйн хувьд доголдолгүй гэдгийг мэдэх учраас ярианд нь итгэж байгаа юм. Мөн иргэний мэдээлэл яагаад төрийн нууц болдог билээ гэсэн асуудал миний анхаарлыг татсан. Иргэний өгсөн мэдээллийг шалгахгүй, яагаад харьяаллын дагуу шилжүүлсэн хүнийг нь нууц задруулсан гэж шалгаад байгаа нь миний гайхшралыг төрүүлж байгаа юм.
Нэгэнт Цогтбаатар болон гэр бүлийн хүн нь надаас туслалцаа хүссэн учраас Тагнуулын байгууллагад ажиллаж хамт байсан хэдэн хүн уулзаж, зөвлөж ярилцсан. Тэгээд мөрдөн байцаах албанд ажиллаж байсан, гүйцэтгэх ажил хийж байсан гэж намайг энэ талаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилц гэж төлөөлүүлэн явуулсан юм.
-Та тэгээд ямар хүмүүстэй уулзаж ярив?
-Би 2014 оны нэгдүгээр сарын үед УЕП-ын Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Пүрэвцогттой уулзсан. Тэнд Цогтбаатарын төрийн нууц задруулсан гэх хэрэг нь мөрдөгдөж байсан учраас очсон хэрэг л дээ. Би Пүрэвцогтод нэг л хүсэлт тавьсан. “Цогтбаатар гэж хүн 2012 оноос хойш бүтэн жил гаруй шалгуулж, хоригдлоо. Хэргийг нь хуулийн дагуу хурдан шийдэж өгөөч” гэж. Бид бие биенээ танина л даа. Тэгэхэд Пүрэвцогт “Би энэ хэрэгт оролцмооргүй байна. Прокурор мэднэ” гэж хэлсэн. Би хариуд нь “Чи Мөрдөн байцаах албаны дарга нь юм чинь энэ хэргийг хурдан шийдүүлэх талаар хяналт тавих, мөрдөх хуулиар хүлээсэн эрх танд бий. Эрхээ эдлээч” гэж хэлсэн. Тэгээд сэтгэл дундуур тэндээс гарсан. Одоо Мөрдөн байцаах алба татан буугдаад АТГ-ын дэргэд очсон байгаа.
Дараа нь би хэд хэдэн УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилцсан. УИХ-ын гишүүдэд миний хандсан хандлага бол “Ерөөсөө нэг мэдээллээс болж энэ залуу хоригдоод байна. Анхааралдаа аваач” гэж хэлсэн. Ер нь УИХ-ынТусгай хяналтын дэд хороонд хандах зорилгоор тэдэнтэй уулзсан юм. Миний уулзсан хүмүүс Цогтбаатарын талаар хэвлэлээр гарсан мэдээллээс цаашгүй, хүний ам дамжсан асар буруу мэдээлэлтэй явдаг юм байна гэдгийг би уулзаж ярилцаж байхдаа мэдэрсэн. Мөн АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга нартай уулзсан. Зөвхөн энэ хэргийн талаар анхаарал хандуулахыг хүссэн. “Хэр үндэслэлтэй хорьж байна, яагаад хэрэг нь шийдэгдэхгүй удаад байна вэ” гэдэгт анхаараасай гэж хүссэн. Тэд “Таны ярьсныг ойлголоо. Анхааралдаа авъя” гэсэн хариулт өгсөн. АТГ-ын дэд дарга Хурцтай тааралдаж уулзаж ярилцсан. Тэгээд Хурц Цогтбаатар хоёрын хооронд хувийн өс хонзонгийн зүйл байна гэж ярианы өнгөнөөс нь дүгнэсэн. Тэр хоёр дарга цэрэг байсан хүмүүс.
-Та их олон хүнтэй уулзаж, уйгагүй явжээ. Яагаад ингэж хөөцөлдөөд байна вэ?
-Би энэ залууг дөнгөж сургуулиа төгсөөд ирэхээс нь эхлээд л нэг дор ажилласан. Ямар нэг хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулах гэсэн атгаг санаатай эрх бүхий албан тушаалтан, түүнийг аялдан дагалдагчдад хандан хэлэхэд та нарын дунд Д.Цогтбаатар шиг анхны дуулиант авлигын хэрэг, гадаадын тусгай албаны гар хөл бологсод, Монголын баялгийг гадагш нь зөөдөг зохион байгуулалттай бүлгийг удаа дараа илрүүлэн шалгаж, хамт олныг удирдан зохион байгуулсан, мэргэжлийн тодорхой сэдвээр судалгааны ажил хийсэн, онол-практикийн хуралд илтгэл тавьсан, дээд сургуулийн оюутан залууст лекц уншсан залуу бий юу, өөрсдийгөө нэг харьцуулж үзээрэй. Д.Цогтбаатар бол олон жил сурсан, тагнуулын байгууллагын шилдэг боловсон хүчний нэг, соёлтой, төлөв даруу, архи уудаггүй, тамхи татдаггүй залуу. Үүнийг хамт олон удирдлагад байсан залуус нь нотолно.

Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг. Гэмт хэрэгт холбогдуулан шалгахад байгууллагын нэр төрийг бодож албан тушаалаасаа түдгэлзэн, би гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэжшалгуулсан энэ хүнийгийнхүү хууль зөрчин хэлмэгдүүлсээр байна.
Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн монгол хүний сайхан сэтгэлээр л энэ залуугийн төлөө явж байгаа юм. Дарга нь цэргээ өмөөрдөг, багш нь шавиа өмгөөлдөг монгол ёс байнаа. Тэр үүднээс л хандаж байна. Түүнээс бид хоёрын хооронд хувийн хамаатан садны болон бизнесийн хэлхээ холбоо огт байхгүй.
-Зарим нэг хүний хувийн өс хонзонгийн золиос ч болж байна гэж та ярилаа. Ер нь Цогтбаатарын энэ хэрэг яаж шийдэгдэх бол гэж та төсөөлж байна вэ?
-Би хувийн дүгнэлтээ л хэлье. Цогтбаатарт ямар нэгэн хэрэг, ял оноогоод албанаас нь халъя гэсэн бодлого барьж байгаа нь илэрхий байна. Яагаад гэвэл шийдвэрлэх боломжтой хэргийг шийдэхгүй хоёр жил болж байна. Угсруулан дөрвөн зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна.
-Та хуульч хүн. Цогтбаатарт холбогдуулаад байгаа хэрэг нь заавал шоронд хорьж шалгуулах ёстой юу?
-Хуулинд зааснаар хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хорьдог. Миний бодоход хорих хугацаа нь хангалттай болсон. Зуу гаруй хоног хорилоо, болоо юм биш үү. Өмнө нь 60 хоног хоригдсон, хоёр хэрэгт шалгаж байсан. Тэрний хувь заяаг нь шийдээгүй байж дахиад угсруулаад хэрэг үүсгээд явж байна. Үүнээс харахад энэ хүнийг буруутгах гээд ажлыг нь ухаад байнаа даа. Ажил хийсэн хүнд бага ч гэсэн зөрчил дутагдал гарч ирж л таараа.

Дутагдалгүй хүн гэж хаа ч байхгүй. Заавал нэг хэрэг тохох гэсэн ажиллагаа л харагдаад байгаа юм. Бараг дөрвөн сар хорино гэдэг бол хангалттай хугацаа. Хэргийг нь мөрдөөд хоёр жил боллоо. Хэрэг мөрдөх хугацаа бол хоёр сар байдаг. Хоёрт, Цогтбаатар тодорхой албан тушаалтай, гэрийн хаяг нь тодорхой. Өөрөө хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй, хариуцлагатай хүн. Заавал шоронд цагдан хорьж залхаах, эрүүл мэндийг нь хохироох ёсгүй. Иймээс би түүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд нь санаа зовж байна.
-Та хуулийн салбарт олон жил ажилласан хүн. Одоогийн хуулийн байгууллагуудын хэрэг шалгах, мөрдөх арга барил хуулийн дагуу явж чадаж байна уу?
-Хуучин арга барилаараа л ажиллаад байна даа. Эхэлж хүнийг хорьж байгаад мөрддөг, хорьж залхааж байгаад үгийг нь хэлүүлдэг ийм арга л хэрэглээд байна. Вишнинскийн онол гэдэг юм. Хоцрогдсон арга барилаар ажиллаж байна гэдгийг би биш Ерөнхийлөгч хүртэл хэлсэн байна лээ. Саяхан болсон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар ч үүнийг ярьсан.

Манай хуулийн байгууллага, хууль сахиулагчид хэргийг шийдэлгүй чирэгдүүлдэг, цагдан хорих байр дамжуулан удаан хугацаагаар хорьж залхаадаг, ар гэрт нь хүндрэл учруулдаг, сүүлийн 10 жилд 30-аад хүн цагдан хорих шатанд нас барсан, хулгайн хэрэгт 36 сар хоригдсон хүний тухай 2014 оны тавдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанд яригдсан баримтаас тодорхой харагдаж байна.
Сая шоронд нэр алдартай хүн харамсалтайгаар амиа алдахад л Хүний эрхийн дэд хороо хуралдаж сүр дуулиан болж байна. Гэтэл цаана нь эрх нь зөрчигдсөн ядарсан хүмүүс зөндөө л байгаа.
-Хэргийг хоёр сар мөрдөж шалгадаг гэсэн. Гэтэл Цогтбаатарыг хоёр жил шалгаж байгаа гэж та хэллээ. Үүнийг хянадаг прокурорын байгууллага гэж байх ёстой биз?
-Цогтбаатарт холбогдуулаад байгаа эхний хоёр хэргийг аль хэзээний шийдчихэж болох л ёстой. Түдгэлзүүлсэн юм уу, хэрэгсэхгүй болгосон юм уу таг чимээгүй байгаа. Би Цогтбаатарын өмгөөлөгчид нь энэ талаар хандсан. Өмгөөлөгч нь “Хуулийн дагуу прокурорт хүсэлт гомдлоо гаргаж хандаж байгаа” гэсэн. Гэтэл Цогтбаатарт анх эрүү үүсгүүлсэн хүн өөрийнхөө удирддаг АТГ-т татаж аваад шалгажбайгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэхээр байна.

Хэргийг удаан хугацаагаар шийдэхгүй, хоёр удаа цагдан хорьж байгаа зэрэгт прокурор гол үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Прокурорын оролцоог хуульд заасан. Иймээс би УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж байна. Учир нь цагдан хориход хэргийн ангиллаас гадна ямар үндэслэл баримтаар хорьж байгааг прокурор, шүүгч нягтлан үзэж шийдвэр гаргах ёстой.
Тагнуулын ажилтныг бэлтгэхэд маш их хөрөнгө, цаг хугацаа шаарддаг. Олон жил гадаад дотоодод сургуульд явж, ажил дээр гарч бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчнээ ингээд нухуулаад, мохоож байгаад би харамсаж байна. Цогтбаатарын талаар хэрэгт шалгагдаж байсан этгээдүүд гадны тусгай албадынзүгээс гүтгэсэн буюу хэрэгт холбогдуулсан хуурамч мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж би үзэж байгаа.Энэ хүн улстөрч биш, арилжаа наймаа хийдэг бизнесмэн биш. Төрийн төлөө тангараг өргөсөн хүн.

Г.ЯЛГУУН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин