Ким Ин Ха-гийн амьдрал
Солонгосын кино аж үйлдвэрийн ширүүн дайралтын монголчууд хангүг соёлын нөлөөнд автаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Гэхдээ савангийн дуурь гэгддэг солонгос сериалууд зөвхөн Монголд ч биш Азид ч хит болдог. Яалт ч үгүй анхаарал татдаг Солонгос драмын баатруудаас хамгийн алдартай нь И Бён Хон буюу бидний сайн мэддэгчлэн Ким Ин Ха. “Амьдралын ээдрээ”-гээр Монголыг байлдан дагуулсан эелдэг зөөлөн жентельмэн энэ эр өдгөө 43 настай. Ингээд Ким Ин Хагийн тэр бүр хүмүүс мэддэггүй амьдрал, амжилтын ертөнцөөр таныг аялуулъя.
Нэр:И Бён Хон /LEE BYUNG HUN/
Төрсөн он сар өдөр: 1970.7.12
Биеийн өндөр, жин: 177cm, 72кг
Гэр бүл: Ээж, аав, охин дүү И Ын Хи (1996 оны Солонгосын мисс).
Жүжигчин бас дуучин
И Бён Хон нь 1970 онд Сөүлийн дагуул хот Сонгнамд төрж тэндээ бага насаа үджээ. 1991 онд KBS телевизд жүжигчин болох анхны гараагаа эхэлсэн бөгөөд телевизийн олон драмд туслах дүр бүтээн олны анхаарлыг татаж эхлэв. KBS телевизтэй хийсэн гэрээний хугацаа дуусмагц өөр телевизүүдтэй хамтран ажиллаж, 1995 онд “Намайг хэн галзууруулдаг вэ”, “Run away” кинонд гол дүр бүтээснээр жүжиглэх авьяасаараа Солонгосын драмд нэгэн шинэ од мэндэлснийг мэдэгдэв.
Солонгосын энтертайнмент ертөнц бол дан ганц жүжиглэх авьяасаар хол явдаггүй өөр ямар нэгэн мэргэжил эс бөгөөс бусдаас содон байж хүлээн зөвшөөрөгддөг өвөрмөц ертөнц. Аргагүй маш олон хүний дундаас цойлж гарах хэрэгтэй болдгоос тэр байх. Энэ жишгийг дагаж тэрээр дуулах урлагт хүчээ сорин 1999 онд анхны дебют цомгоо гаргасан байдаг. Гэвч энэ нь тийм ч амжилттай болсонгүй. Тиймээс жүжиглэх талдаа бүх анхаарлаа хандуулахаар шийджээ.
Тэрээр 1999 онд цэрэгт татагдаж уран бүтээлээ түр хугацаагаар завсарлахаар болов. Түүнийг цэргийн алба хааж байхад аав нь тэнгэрт хальж хугацаанаасаа өмнө буюу ердөө зургаан сарын дараа цэргээс халагдсан байдаг. Бүх нийтээрээ цэргийн алба хаадаг оронд үүнийг аз гэж хэлж болох боловч ааваасаа хагацсан нь түүнд илүү их үүрэг хариуцлагаа ухамсарлах дохио болсон гэдэг.
Цэргээс халагдсаныхаа дараа Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үкийн “JSA” кинонд гол дүрийг бүтээв. Хойд өмнөд Солонгосын хил дээрхи харуулын цэргүүдийн өвөрмөц харилцааг харуулсан уг кино Солонгос байтугай дэлхийн хэмжээнд шуугиан тарьж, тэр хэмжээгээр И Бён Хоны нэр дэлхийн кино сонирхогчдод танил болж байлаа. Тэрээр уг кинонд монголчуудын үзэх дуртай Тэ Жангүм киноны од И Ён Э-тэй хамтарч тоглосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ