Ханхүү Чарльз Путиныг Гитлер гэснийхээ төлөө уучлалт хүслээ
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз эхнэр Камилагийн хамтаар Австрали улсад айлчлал хийх үеэр Дэлхийн II дайнд хохирсон хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр энэ үеэрээ “Дэлхийн II дайн бол гашуун түүх. Энэ аймшигт хар дарсан зүүд дахин давтагдахгүйн төлөө бүгд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Сүүлийн үед Оросын хэрээс хэтэрсэн үйлдэл Украины дотоодын хямрал зөрчилдөөн яг л дайны галыг санагалзуулж байна. Энэ бүхэнд цэг тавьж чадах ганц эрхэм бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин. Путин дайнаас ашиг унагахыг хүсч буй Адольф Гитлер шиг харагдаж байна. Гитлер бол эрх ашиг, өшөө хорслоо тайлахын тулд санаатайгаар дайн өдүүлж олон мянган иргэнийг хохироосон нэгэн. Шууд хэлэхэд, Путин бол XXI зууны хоёр дахь Адольф Гитлер” гэж хэлсэн юм.
Энэ асуудал өнөөдрийг хүртэл дэлхий дахинд шуугиан тариад зогсохгүй хоёр орны харилцаанд сэв суулгаад байгаа юм.
Ханхүүг энэ ярианд уруу татсан хүн бол хатагтай Марианна Фергюсон ажээ. Тэрбээр музейд сайн дурын ажил хийдэг бөгөөд еврей гэр бүлээс гаралтай бөгөөд түүнийг 13 настай байх үед нь буюу Германы цэргүүдэд эзлэгдэхийнх нь өмнөхөн тэднийх Гданскаас зугтаж Канадад ирсэн гэнэ. Түүний гэр бүл бүгд фашистын хорих лагерьт амиа алдацгаасан байна. Марианна Фергюсон хунтайжийг музей үзэх зуур дагалдаж явахдаа гэр бүлийнхээ түүхийг сонирхуулжээ. Энэ бүгдийг сонсч явсан Чарльз хунтайж хэвлэлийнхний дэргэд гэнэтхэн л Украинд өрнөж буй үйл явдлын талаар ярьж улмаар Оросын Ерөнхийлөгчийг Гитлертэй зүйрлэсэн юм байна.
Энэ бүхэнд Оросууд сэтгэл дундуур хандаж байгаа ба Оросын Засгийн газраас ханхүүгийн болчимгүй мэдэгдлийг буруутгаж, Ерөнхийлөгч болон Оросын ард түмнээс уучлалт гуйхыг шаардсан юм.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Хүн төрөлхтөнд агуу ялалт авчирсан баатруудын эх өлгий Орос улсыг нацист Германтай харьцуулсанд харамсч байна. Ханхүү Чарльзийн энэхүү мэдэгдэл угсаа залгамжлагч хүний ёс зүйд харшилж байна” гэсэн.
Энэ бүхэн В. Путин өөрөө хэлэхдээ “Үнэндээ Гитлер надад таалагддаг. Тэр бол сайн удирдагч. Чарльз ханхүү надад их л гомдсон бололтой. Бид хоёр өмнө нь уулзаж байхад тэр их сайн хүн шиг санагдаж байсан. Тэгэхдээ агуу Орос гүрнийг минь нацист Германтай харьцуулсан нь таалагдсангүй” гэсэн юм.
Харин Ханхүү Шинэ Зеланд улсад хийж буй айчлалынхаа үеэр В.Путинаас уучлалт гуйсан байна. Тэрбээр хэлэхдээ “Миний болчимгүй мэдэгдлээс болж хоёр орны дунд сэв суусанд харамсч байна. Путиныг Адольф Гитлертэй харьцуулсныхаа төлөө Ерөнхийлөгч болон Оросын ард түмнээс уучлалт хүсье. Дахин иймэрхүү өнгө аястай мэдэгдэл хийхгүй гэдгээ угсаа залгамжлах ханхүүгийн хувиар мэдэгдэж байна. Оросын ард түмнийг бурхан ивээг” гэжээ.
Түүний энэ болчимгүй үйлдэлд олон хүн дургүйцэж байгаа юм. Тухайлбал Их Британийн элчин сайд асан, Тони Брентон “26 сая орос хүн хөнөөсөн Гитлертэй удирдагчийг нь харьцуулснаас илүү, аймшигтай доромжлол оросуудад байхгүй” хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Александр Лукашевич мэдээллэснээр тэд Лондонгоос энэ талаар албан ёсны тайлбар шаардаж байгаа аж.
М.Лхагвабаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ