Б.Бямбасайхан: Эрчим хүч экспортолсноор жилд нэг тэрбум ам.долларын эх үүсвэр бүрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийнхөн мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн нарийн бичгийндарга Б.Бямбасайхан Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэж байгаа ажлынхаа талаар цаг үеийн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:
-Бид 100 хоногт Монголд бизнес эрхлэх орчныг улам таатай, сайн болгохыг зорьж ажиллаж байна. Ингэснээр бид богино хугацаанд өнөөдрийн эдийн засагт шаардлагатай байгаа хөрөнгийг Монголын зах зээл рүү татах боломжтой юм. Дунд, урт хугацааны эдийн засгийн нэгдсэн төлөвлөлттэй болъё. Энэ төлөвлөлт дээр үндэслээд Монголын бизнесүүд стратеги төлөвлөгөөгөө гаргадаг орчинтой болно гэсэн төлөвлөгөө боловсруулж байна. Тиймээс бид дунд, урт хугацаанд зах зээлийг нээх асуудал чухал байгаа. Өнгөрсөн долоо хоногт зах зээлээ нээх тал дээр үйл явдал өрнөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилж, хоёр хөршийн удирдлагуудтай уулзаж, эдийн засгийн талаар тодорхой асуудал ярилцсан. Энэ нь бизнес эрхлэгчдэд зөв сигнал болсон. Монголоос БНХАУ руу экспортлох бараа бүтээгдэхүүнийг ярилцсан. Жишээлбэл, эрчим хүчийг урд хөрш рүү экспортлохоор боллоо. Үүнд хоёр улсын Засгийн газар, хувийн компаниуд хамтарч ажиллана. Өнөөдөр ЭХ-ний сайд М.Сономпил Хятад улсад айлчилж, Ерөнхийлөгчийн хийсэн хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд манай зөвлөл 120 гаруй бизнесмэнтэй уулзлаа. Бид эдийн засагт учирч байгаа хүндрэлүүдийг богино хугацаанд яаж даван туулах вэ?Засгийн газраас бид юу хүлээж байна гэдгийг ярилцсан. Ингээд тодорхой зөвлөмж гаргахаар боллоо. Монголын эдийн засагт байгаа мөнгөний урсгалыг зөв зохицуулах вэ? Өнөөдөр маш олон компани зээл авсан. Өнөөдөр эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нуруун дээр энэ нь том дарамт болж байна. Тиймээс энэ тал дээр Засгийн газар, Монгол банкны зүгээс ямар зохицуулалт хийж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Банкинд байгаа мөнгийг бизнес рүү оруулснаар шинээр ажлын байр бий болох, төслүүдийг урагшлуулах боломж нээгдэнэ гэж бодож байгаа. Монголд хөрөнгө оруулах асуудлааражиллаж байна.
Хөрөнгө оруулалтын хуульд хөрөнгө оруулагчийн гомдлыг сонсдог, тайлдаг асуудлыг хуулийн хүрээнд хийхээр зорьж байгаа. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголд оруулсан хөрөнгөө яаж хамгаалах тал дээр санаа зовдог. Тиймээс хөрөнгө оруулагчдын гомдлыг хэлэлцэх механизмыг бий болгох юм.
Засгийн газраас 579 төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Засгийн газраас гаргаж өгч байна. Энэ төслүүд импортыг орлох, экспортыг дэмжсэн төслүүд байгаа. Засгийн газар ЖДҮ-ийг дэмжих сангаас гаргаж өгч санхүүжүүлнэ гэсэн. Гаргаж байгаа шийдвэрүүд ажил болж хэрэгжих нь чухал. Бид удаан хэлэлцэх биш хурдан хэрэгжүүлэх тал дээр анхаарч байна гэлээ.Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Эрчим хүчийг экспортлоход үнийг хэрхэн шийдэх бол?
-Монгол Улсад эрчим хүчний нүүрс, нар, салхины гээд асар их нөөц байна. Бид энэ бүхнээ эдийн засгийн эргэлтэд оруулвал бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болох юм. Өнөөдөр бид энэ асуудлаа ярьж, зах зээлээ нээх хэрэгтэй. Эрчим хүчний худалдаа, экспортын талаар Ерөнхийлөгч нь яриа хэлэлцээр хийгээд, ЭХ-ний сайд нь ажил хэрэг болгох гэж байгаа нь бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд хамгийн зөв. Учир нь зах зээлийг нь нээгээд, эрчим хүч худалдаалах орчныг нь бизнесийнхэнд бий болгоод өгөх хэрэгтэй. Үүний дараа бид хөрөнгө оруулалт хийх төслөө боловсруулна. Эрчим хүчний экспорт гэдэг нь Монгол Улсын ирээдүйд маш чухал зүйл. Энэ тал дээр бизнесмэнүүд олон улсын компанитай хамтраад ажиллах юм. Бид 20 мянган МлВ-ын экспорт хийхэд бид жилдээ нэг тэрбумгаруй ам.долларын эх үүсвэр бүрэлдэх боломжтой. Үүнийг дагаад олон хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ажлын байр бий болно. Эрчим хүч гэдэг нь олон улсад стратегийн зах зээл юм. Монгол Улсыг хүрээлээд Хятад, Солонгос, Япон гээд дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгчид байна. Эрчим хүчний үнийг зах зээлийн горимд оруулах шаардлагатай. Бид 100 төгрөгөөр үйлдвэрлэсэн бараагаа 80 төгрөгөөр борлуулаад байвал алдагдалд орно. Энэ алдагдлыг та бид татвараараа төлж байна.
-579 төсөлд ямар үйлдвэрлэлүүд зонхилсон бэ?
-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бид оролцохгүй. Хамгийн гол нь "амьд" төсөл байх хэрэгтэй. Санхүүжүүлэх боломжгүй төслүүдийг боловсруулснаар цаг их алддаг. Тиймээс стандартын дагуу төсөл байх ёстой. Сайн төслүүд байх хэрэгтэй.
-Хичнээн компани зээлээ төлж чадахгүй байна вэ?
-Ханшийн зөрүүнээс болоод маш олон компани алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Үүнээс болоод зээлүүд хугацаандаа төлөгдөхгүй байгаа.Энэ тал дээр Монголын банкуудын холбоо ярилцаад ямар шийдэлд хүрсэнээ танилцуулах байх.
-Эдийн засгийн өсөлтийг юунаас эхлэх вэ?
-Эдийн засагт шаардлагатай зүйл нь өсөлт. Бид эдийн засгийн өсөлтийг хөгжлийн санхүүжилтгүйгээр хийх боломжгүй. Хөгжлийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь Засгийн газар бонд босгоно эсвэл арилжааны зээл авна. Хөрөнгийн эх үүсвэрүүдээ оруулж, төслүүдээ эхлүүлэх шаардлагатай. Төслүүдийг эхлүүлбэл ажлын байр бий болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ