АНУ, Канадын иргэдийн дансыг хоослохоор Монголд ирсэн хятадуудыг баривчиллаа
Олон улсын эрх бүхий карт эзэмшигч АНУ, Канадын иргэдийг банкны карт уншигч машин ашиглан луйвардаж байсан БНХАУ-ын иргэдийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, БНХАУ-ын гурван иргэн болон манай улсад амьдардаг өвөрмонгол эр Дорноговь аймгийн харьяат нэгэн эмэгтэйн хамтаар сэжигтнээр татагдаад байгаа аж.
Албаны эх сурвалжийн хэлснээр хятад иргэд АНУ болон Канадын иргэдийн олон улсын эрхтэй мэдээллийг хакеруудаас худалдан авч, үүнийгээ ашиглан хуурамч карт хийлгэсэн байна.
Ингээд тэд манай улсад иржээ. Улмаар тэд томоохон зочид буудал болон рестораны карт уншигч машиныг ашиглан, бэлэн мөнгө авч байжээ. Мөн хятадууд манай улсын иргэдэд аж ахуйн нэгж байгуулах санал тавьж, улмаар арилжааны гэрээ байгуулан, карт уншигч машиныг нь худалдан авсан тохиолдол ч гарсан байна.
Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа ч гадаадын иргэдийн дансыг хоосолж байсан нь тогтоогдоод байгаа аж. Ямартаа ч сэжигтнүүд хамгийн сүүлд Дорноговь аймгийн нэгэн зочид буудлын карт уншигчаас 10 гаруй мянга, Улаанбаатарт байрладаг Хятад рестораны карт уншигчаас 100-гаад мянган долларыг бэлнээр авсан байжээ.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ